Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Хуучин Гэрээнээс Аврагчийн Цагаатгалыг олох нь
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 3-р сар


Нуугдмал эрдэнэс

Хуучин Гэрээнээс Аврагчийн Цагаатгалыг олох нь

Анхааралтай ажигла. Гүн гүнзгий суралц.

Зарим хүн Хуучин Гэрээ Аврагчийг төрөхөөс өмнө бичигдсэн тул үүнд Есүс Христийн нэрийг дурдаагүй, Христийн амилсны баярын талаар тийм ч их зүйл байхгүй гэж бодож болох юм. Гэвч эрт үед хүмүүс Аврагчийг мэддэг мөн Түүнд итгэдэг байсныг Мормоны Ном тодорхой болгодог (Иаков 4:4-ийг үзнэ үү).

Мосегийн хуулийн зорилго бол тэднийг Христ рүү хандуулах явдал гэж израилчуудад заажээ. Жишээ нь: хүмүүс Их Эзэний Мосед хийхийг зааварласан гуулин могойг хараад хорт могойд хазуулснаас эдгэрсэн. Мосе тэдэнд энэ бол ирж, тэднийг нүглүүдээс нь аврах Аврагчийн бэлгэдэл хэмээн заажээ (Тооллого 21:7–9; Алма 33:18–20-ийг үзнэ үү).

Харамсалтай нь олон зууны туршид санаатай болон санамсаргүй өөрчлөлтүүдээс болж өнөөдрийн Библиэс олон тодорхой ойлголт алга болсон билээ (1 Нифай 13:23–27-г үзнэ үү).

Хэрэв та нар хайвал Хуучин Гэрээнээс Аврагч болон Түүний Цагаатгалын тухай олон эшлэл олох боломжтой. Цөөн хэдийнх нь тухай ярья!

Есүс Христ Гетсеманид

Далдуу модны ням гараг, Гетсемани ба шүүх хурал

“Хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ” (Зехариа 9:9).

Энэ нь Христийн амилсны баяраас долоон хоногийн өмнө буюу эдүгээ Далдуу модны ням гараг гэгддэг өдөрЕсүсийг сүр жавхлантайгаар Иерусалимд орж ирэх үед биелсэн юм (Maтай 21:15-ыг үзнэ үү).

“Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ, Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ” (Исаиа 53:4).

Аврагч Гетсеманид дэлхий дээр амьдарч байсан эсвэл ирээдүйд амьдрах хүн бүрийн бүх нүглийн төлөө зовж, тэдний шаналал, өвчин эмгэг, бэрхшээл зүдгүүрийг мэдэрсэн юм. Иймээс Тэр биднийг зовлон бэрхшээлтэй үед хэрхэн тайтгаруулахаа мэддэг (Алмa 7:11–13; мөн Maтай 8:17-г үзнэ үү).

“Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй” (Исаиа 53:7).

Тэргүүн тахилчийг асуухад Есүс чимээгүй байв (Марк 14:60–61-ийг үзнэ үү).

Цовдлолт

Цовдлуулалт

“Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл Намайг бүсэлжээ. Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа” (Дуулал 22:16).

“Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, Хувцасны минь төлөө шодму” (Дуулал 22:18).

“Тэд бас надад хүнсэнд минь цөс, Цангахад минь уулгахаар цуу өгөв” (Дуулал 69:21).

Цовдлолт нь тухайн үед цаазаар авах түгээмэл арга байсан ч Ромын цэргүүд Аврагчийг дооглон тохуурхаж, тарчлахдаа бүр ч харгис хэрцгий хандаж байв (Иохан 19:1–3; Maтай 27:34–35, 48-ыг үзнэ үү).

Есүс Христ Мариатай хамт булшин дээр

Амилалт

“Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин Ард түмнийхээ зэмлэлийг Бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм” (Исаиа 25:8).

“Золигч минь амьд гэдгийг, эцэст Тэрээр газар шороон дээр зогсоно гэдгийг би мэднэ. Арьс минь устгагдсан хойно ч Би махбодоороо Бурханыг харах болой” (Иов 19:25–26).

Их Эзэн Есүс Христ амилсан. Тэрээр одоо ч амьд! Тоо томшгүй олон судар, гэрчлэл үүнийг баталдаг. Түүнчлэн бидэнд Аврагч хэрэгтэй гэдгийг Тэнгэрлэг Эцэг эхлэлээс мэдэж байсан бөгөөд Хуучин Гэрээний үеэс эхлэн Өөрийн хүүхдүүдийг Аврагчийг хүлээн авахад бэлтгэсээр ирсэн билээ.