Аврагчид төвлөрсөн Христийн амилсны баяр
Христийн амилсны баярт төвлөрсөн амьдрал
Бид бүгд Аврагчийн тайтгарал, өөрчлөлтийн хүчийг хүлээн авч чадна.
Гэрэл зургийг Жэнэй Бингам
Бид семинар дээр Христийн амилсны баяр гэж чухам юу болох, хэрхэн тэмдэглэх ёстой талаар ярилцсан. Энэ баяр нь зөвхөн чихэр, туулайн тухай биш, харин Аврагчийн тухай юм. Би өөрөөсөө “Аврагчид илүү анхаарал хандуулдаг Христийн амилсны баярын ямар уламжлалыг би гэртээ эхлүүлж болох вэ?” гэж асуулаа.
Би LEGO® тоглоомоор юм бүтээх дуртай. Би Gospel library-аас Аврагчийн зургийг онлайнаар олж, эвлүүлдэг тоглоом ашиглан өрөх зааварчилгаа болгон хөрвүүлсэн. Би Ерөнхий чуулганыг сонсож байхдаа эвлүүлэх зураг дээрээ ажиллаж байлаа. Зургаа дуусгаад гэртээ өлгөсөн.
Аврагчийн баримлуудыг тараасан нь
Би бас Христийн амилсны баяраар Есүс Христийн баримлуудтай том хайрцаг худалдаж авсан. Эхэндээ би тэдгээрийг сургууль дээрээ хаа сайгүй нуух гэж байсан юм. Харин сургууль дээр хүмүүс хайрцгийг минь хараад баримал авахыг хүссэн. Багш нар ч бас асууж эхэлсэн л дээ. Тэгтэл Есүсийн баримал авна гэж хэзээ ч бодож байгаагүй хүүхдүүд авахыг хүссэн юм. Тиймээс би уулзсан хүн бүрдээ баримлыг тарааж өгсөн.
Аврагч хэнтэй ч, бүр Өөрийн нийгэм дэх хамгийн гадуурхагдсан хүмүүстэй ч ярихаас айдаггүй байсан. Тэр тэдэнтэй найзууд байв. Тэр тэдэнтэй хамт цагийг өнгөрөөдөг байсан. Тэр тэдэнтэй хамт хооллосон. Баримлуудыг тарааж өгөх нь Аврагч шиг илүү нийтэч байхыг надад заасан. Энэ нь бас чи хэн бэ гэдгээс үл хамааран, юу хийсэн гэж бодож байгаагаас үл хамааран, амьдралд чинь Есүс Христэд үргэлж орон зай байдаг гэдгийг надад заасан юм.
Аврагчаар дамжуулан өөрчлөгдсөн нь
Би амьдралынхаа турш Аврагчийн Цагаатгалыг хэрхэн хүлээн авах тухай гайхдаг байв. Харин би Аврагчтай илүү адилхан болохын тулд амьдралаа өөрчлөх юм бол Түүний цагаатгагч ач ивээл миний амьдралд нөлөөлж байгааг энэ Христийн амилсны баяраар олж мэдсэн юм. Хэрэв би өдөр бүр жижиг зүйлсийг өөрчлөхийг хичээх юм бол илүү сайн болж эхэлнэ.
Би амьдралдаа хэдэн жил порнографийн хэрэглээтэйгээ тэмцэж байсан. Семинарын хичээлийн дараа би бишоптойгоо ярилцахаар сүнслэгээр өдөөгдсөн юм. Ганцаараа даван туулах үнэхээр хэцүү учраас бишоп, эцэг эхдээ хэлсний дараа үүнийг даван туулж эхлэхэд илүү амархан болсон.
Би өдөр бүр залбирч, судраа уншиж, сургууль дээрээ илүү эелдэг байхыг хичээдэг болов. Би нүглүүдээсээ илүү Аврагчид анхаарлаа хандуулж байсан учраас энэ нь надад тусалсан юм. Би өмнө нь байсан газартаа биш, харин Түүн рүү илүү эргэсэн юм.
Би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан порнографтай тэмцэх тэмцлээ ялж гарсан. Би Бурханы ямар байгаасай гэж хүсдэг хүн болж байгаа. Аврагч намайг өөрчилж, цэвэршүүлсэн учраас одоо би ариун ёслолыг адислах боломжтой болсон. Би эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг адислахын тулд санваараа ашиглах зохистой байгаадаа талархдаг.
Христийн амилсны баярыг өөртэйгөө холбосон нь
Энэ жил семинарын үеэр бид Аврагчийн золиослолын тухай ярилцаж байхад надад нэгэн гайхалтай туршлага тохиолдсон юм. Тэр зовж шаналж байхдаа үүнийг хүссэн үедээ зогсоож чадах байсан гэсэн бодол надад төрөв. Гэвч дараа нь би Түүнийг “Үгүй ээ, би үүнийг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Би үүнийг Бэний төлөө хийх хэрэгтэй. Энэ нь түүнд хэрэгтэй” гэж бодож байгаагаар төсөөлөв. Миний хувьд энэ бодол Аврагчтай харилцах харилцааг маань Христийн амилсны баяртай үнэхээр холбож өгсөн юм.
Дараагийн Христийн амилсны баяраар би Есүсийн өөр нэг эвлүүлдэг зураг дээр ажиллах байх. Би илүү олон баримал тараахыг хүсэж байгаа. Яадаг ч байлаа гэсэн би миний төлөө хийсэн Христийн Цагаатгал болон зовлон шаналлын тухай бодох болно. Түүний ачаар би нүглээ наманчилж, хэзээ нэгэн өдөр Түүнд болон Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих болно.
Аврагч бидний хүн нэг бүрийн төлөө амьдарч, амиа өгсөн бөгөөд биднийг хэн гэдгийг мөн бидэнд юу хэрэгтэйг мэддэг гэдгийг би мэднэ. Хэрэв бид үнэхээр хичээх юм бол Түүний тайтгарал ба өөрчлөлтийн хүчийг хүлээн авч, илүү сайн хүмүүс болж чадна.
Зохиогч нь АНУ-ын Айдаход амьдардаг.