Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Чи мэргэжлийн байх албагүй
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 3-р сар


Чи мэргэжлийн байх албагүй

“Авьяаслаг” ч бай, үгүй ч бай, хүн бүр сүнслэгээр өдөөгдөж чадна.

Залуучууд авьяас чадвараа үзүүлж байгаа нь

Getty Images-ээс зураг чимэглэлийг авав

Бидний ихэнх нь урлагийн бүтээл эсвэл үзвэр үйлчилгээний агуу бүтээлтэй тааралдаад, “Би үүнийг хийж чаддаг ч болоосой, гэхдээ надад хангалттай авьяас байхгүй” гэж бодож байсан нь лавтай.

Та нарын дуртай бүтээлүүдийн ихэнхийг үнэхээр л төрөлхийн авьяастай хүмүүс хийсэн. Гэхдээ энэ нь хэр олон удаа эгэл жирийн хүний сүнслэгээр өдөөгдсөн санаа байсныг мэдээд та нар гайхах байх.

Сүмийн саяхан гаргасан шинэ дууллуудын нэг болох “Let Easter Anthems Ring” дууллыг Ларри А.Хиллэр хэмээх хожмын үеийн гэгээнтэн бичсэн. Тэр мэргэжлийн зохиолч, редактор (одоо тэтгэвэрт гарсан) байсан ч дуу зохиогч биш . Тэр бас сайн дуучин, хөгжимчин ч байгаагүй.

Тэр зүгээр л хөгжимд хайртай нэгэн байсан ба түүнд сүнслэгээр өдөөгдсөн санаа төрсөн.

Олон жилийн өмнө Хиллэр ах тойргийн найрал дууны удирдагчаар үйлчилж байхдаа олж мэдсэн нэгэн хуучин дууннд зориулан шинэ үг бичиж үзжээ. Түүнд энэ туршлага таалагдаж, Сүмд ажилладаг нэг найзаасаа шинэ үг хэрэгтэй өөр дуулал байгаа эсэхийг мэдэхээр асуужээ. Найз нь түүнд 1800-аад онд зохиосон дууллын аяыг зааж өгсөн юм.

Хиллэр ах хэлэхдээ “Би тэр хөгжмийг сонсож суутал ‘Гэгээнтнүүд ээ босоод, баяс’ гэсэн үгс санаанд минь тэр даруй орж ирэв. Тэндээс би ерөнхий бичвэрийг болон энэ нь ямар байх ёстойг буюу Аврагчид баясах дуу байх ёстойг мэдэрсэн.”

Энэ дуулал 2012 онд Ensign сэтгүүлд нийтлэгджээ. Энэ нь дөрвөн бадагтай бөгөөд Есүс Христийн Цагаатгалын тухай байв. “Энэ нь ‘та хайртай хүмүүстэйгээ дахин уулзах болно; амилуулагдана’ гэсэн захиас дээр ихээхэн төвлөрсөн” гэж Хиллэр ах хэлэв. Сүм шинэ дууллыг гаргах үед Хиллэр ахаас дууны үгийг Христийн амилсны баярт зориулан дахин засахыг хүсжээ.

“Бос, гэгээнтнүүд ээ, баясагтун” гэсэн эхний мөр хэвээр үлдсэн ч дууны ихэнх үгийг өөрчилсний дараа Хиллэр ах “Let Easter Anthems Ring” гэсэн гурван бадагтай дуулалтай болсон. Та нар энэ дууллыг Христийн амилсны баяраар ариун ёслолын цуглаан дээр дуулж болно.

Хиллэр ах эдгээр үгийг бичихдээ сүнслэгээр өдөөгдсөн үү?

“Ингэж хэлэх нь намайг даруусгаж байна.” “Гэхдээ, тийм ээ. Зарим үед миний оюун санаанд үгс урсаж орж ирэхийг би мэдэрдэг байсан. Энэ нь таатай бас маш баяр баясгалантай мэдрэмж байв. Тэр үед миний сэтгэлийг онцгойлон хөдөлгөсөн зүйлийг дахин уншихад би тэрхүү баяр хөөрийг сэтгэлдээ давтан мэдэрдэг. Зөвхөн энэ нь дангаараа гэрчлэлийн мэдрэмжийг эргүүлэн авчирдаг ба уг туршлагыг дахин мэдрэхтэй адил байдаг” гэж хэлсэн.

Магадгүй хүмүүст дуулал таалагдах байх, гэхдээ үүнээс хамгийн их ашиг тус хүртсэн хүн нь (бөмбөр нүдэх чимээ) … үүнийг бичсэн хүн мэт санагдаж байна! Авьяас чадвар, сүнслэг өдөөлтөөр ирсэн санаа бодлоо ашиглах нь зөвхөн бусдыг адислаад зогсохгүй, биднийг ч адисалдаг.