Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Миний Хосанна
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 3-р сар


Миний Хосанна

Бидний хүн нэг бүрийн амьдралд өвдөг сөгдөн залбирахад хүргэдэг ямар нэгэн зүйл байдаг.

залуу эмэгтэй

Миний дуртай Шинэ Гэрээний нэг бүлэгт Есүс Христ Иерусалимд сүр жавхлантайгаар орж ирсэн тухай өгүүлдэг. Хүмүүс “Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна!” (Матай 21:9) гэж хашхиралдсан. Би үүнийг унших бүрдээ “Миний хосанна юу бол?” гэж боддог.

Би бүхэл амьдралынхаа турш ээрдэг өвчтэй байсан. Заримдаа би хүссэнээрээ өөрийгөө илэрхийлж чаддаггүйдээ бухимдаж, урам хугардаг байв. Би нэг бол төгс ярихыг эсвэл дахин хэзээ ч ярихгүй байхыг хүссэн. Би бусдын өмнө ярихдаа, бүр чангаар залбирах үедээ ч үргэлж санаа зовдог. Би тэвчээр, амар амгалан, тусламж гуйн олон удаа чимээгүйхэн залбирсан. Энэ бол миний хувийн хосанна буюу чөлөөлөлтийн гуйлт юм.

Христ Иерусалим дахь хүмүүсийн гуйлтыг үл тоомсорлоогүй шиг миний гуйлтыг хэзээ ч үл тоомсорлож байгаагүй. Тэр миний ээрэлтийг байхгүй болгоогүй ч миний төсөөлж байгаагүй арга замаар намайг хүчирхэгжүүлсэн юм. Тэрээр сэтгэл түгшсэн мөчид амар амгаланг мэдэрч, дутагдалтай байж болох ч миний дуу хоолой Түүнд хангалттай гэдгийг ойлгоход надад тусалсан.

Бидний хүн нэг бүрийн амьдралд өвдөг сөгдөн залбирахад хүргэдэг ямар нэгэн зүйл байдаг. Зарим үед бидний гуйлт хариулагдаагүй юм шиг санагдаж болох юм. Гэвч Тэр хосанна бүрийг сонсдог. Тэр Өөрийн төгс арга замаар, төгс цаг хугацаанд бидэнд туслах болно.

Христ Гетсеманид бидний нүглийн төлөө зовж, бидний зовлон шаналал, бэрхшээлийг мэдэрсэн. Тэрээр Өөрт нь болон Тэнгэрлэг Эцэгтээ ханддаг бүх хүнийг удирдаж, тайтгаруулсаар байгаа. Гетсеманид болон загалмай дээр бидний төлөө зовж шаналсан тэрхүү Христ мөн булшнаас босож, бидэнд найдвар байж болохын тулд үхлийг ялсан. Түүний амилалт хосанна бүрийн эцсийн хариу юм.

Зохиогч нь АНУ-ын Калифорниад амьдардаг.

Эх сурвалж

  1. Хосанна гэдэг нь еврей хэлээр “биднийг авраач” эсвэл “одоо авраач” гэсэн утгатай (Судруудын удирдамж, “Хосанна”; Bible Dictionary, “Hosanna”-г үзнэ үү).