Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Бидний Дээгүүр өнгөрөх баяр буюу ариун ёслол
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 3-р сар


Ирээд, Намайг дага

Гэтлэл 12

Бидний Дээгүүр өнгөрөх баяр буюу ариун ёслол

Эртний Дээгүүр өнгөрөх баяр болон бидний долоо хоног тутмын ариун ёслолын хооронд нийтлэг холбоо бий.

залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Алисса Таллэнт

Эртний израилчуудаас Египет дэх боолчлолоос гарахын өмнө устгагч тэнгэр элч тэднийг хэлтрүүлэх буюу хажуугаар нь өнгөрөхийн тулд Их Эзэний тодорхой заавруудыг дагахыг хүссэн юм (Гэтлэл 12-ыг үзнэ үү). Израилчууд Египетээс гарсныхаа дараа Их Эзэн гэрээт хүмүүсээ хэрхэн чөлөөлснийг санахын тулд жил бүр Дээгүүр өнгөрөх баяр хэмээн нэрлэгддэг нэгэн баярыг тэмдэглэдэг байв.

Есүс Христ мөнх бус амьдралынхаа сүүлчийн долоо хоногт Дээгүүр өнгөрөх баярын зоог дээр байжээ. Одоо бид тэр зоогийг Сүүлчийн зоог гэж нэрлэдэг. Аврагч энэ боломжийг ашиглан эдүгээ бидний долоо хоног бүр оролцдог ариун ёслолыг танилцуулсан. (Матай 26:26–28; Лук 22:19–20; Сургаа ба Гэрээнүүд 20:77, 79-ийг үзнэ үү.)

Эхний Дээгүүр өнгөрөх баяр болох Их Эзэний сүүлчийн зоог болон өнөөдрийн ариун ёслол хоёрын хоорондох нийтлэг хоёр холбоо нь бидэнд Аврагчаар дамжин ирсэн чөлөөлөлтөө санахад тусалж болох юм.

Дээгүүр өнгөрөх баярын хаалганы хүрээ
Сүүлчийн зоог
Ариун ёслолын талх, ус

Талх

Дээгүүр өнгөрөх баяр: Израилчууд долоон өдрийн турш исгээгүй талх идсэн (энэ талхыг хийхэд илүү хурдан бөгөөд хөгцөрч, өмхөрч муудах магадлал багатай).

Сүүлчийн зоог: Есүс Христ Дээгүүр өнгөрөх баярын исгээгүй талхыг адисалж, хувааж, шавь нартаа өгөв. Тэр удахгүй шаналж, үхэх боловч амилах болно гэдгээ мэдэж байсан ба Түүний биеийг дурсан санахын тулд үүнийг ид гэж тэдэнд хэлсэн.

Ариун ёслол: Бид Есүс Христийн биеийг дурсан санахын тулд талх иддэг.

Есүс Христ бол амийн талх мөн. Түүний Амилалтаар дамжуулан бид бүгд төгс, муудашгүй, үхэшгүй бие махбодтойгоор амилуулагдах болно. Тэрбээр биднийг үхлээс чөлөөлдөг.

Хурганы цус

Дээгүүр өнгөрөх баяр: Дээгүүр өнгөрөх баярын хурга нь согоггүй, нэг настай, эр хурга байдаг байв. Хургыг нядалж, цусыг нь саванд хийнэ. Балуун (ургамал)-ыг саван доторх цусанд дүрээд байшингийн гадна талын хаалганы хаалтыг тойруулан түрхдэг байв. Энэ нь устгагч тэнгэр элчийн өнгөрөн гарах, Египетийн боолчлолоос чөлөөлөгдөх Их Эзэний гэрээт хүмүүсийг тодорхойлох гаднах тэмдэг байсан юм.

Сүүлчийн зоог: Есүс Христ дарсыг цусаа төлөөлүүлэн ашигласан. Тэрээр шавь нартаа үүнийг нүглүүдийн ангижралын төлөө, шинэ гэрээний нэг хэсэг болгон тэдний төлөө урсгах Түүний цусыг төлөөлөн уухыг хэлсэн.

Ариун ёслол: Бид Есүс Христийн цусыг дурсан санаж, ус уудаг.

Есүс Христ бол Бурханы Хурга. Тэрээр бидний нүгэл, сул дорой байдлын төлөө зовж шаналах үед Түүний цус урссан. Түүний цус буюу золиослол биднийг цэвэршүүлдэг. Тэр биднийг нүглээс чөлөөлдөг.