Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Христийн амилсны баярыг тэмдэглэх нь
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 3-р сар


Христийн амилсны баярыг тэмдэглэх нь

Энэ бүхэн хэний тухай болохыг санах зуураа

Дэлхий даяарх Христийн амилсны баярын 6 уламжлал ба тэдгээр нь Есүс Христийг санахад бидэнд хэрхэн туслах тухай.

Христийн амилсны баярын өндөг

Зураг чимэглэлийг Жүди Блүмфийлд

Уламжлал

Христэд холбогдох

1. Христийн амилсны баярын өндөг

Өндөг, өндөг, өндөг. Дэлхий даяар Христийн амилсны баярын өндгүүдийг чимэглэж, хайж, өнхрүүлж, хагалж бас иддэг. Герман, Австрид Христийн амилсны баярын өндгүүдийг модон дээр өлгөдөг (Ostereierbaum). Мексикт өндгөө хоосолж цаасан туузаар (cascarones) дүүргээд, хэн нэгний толгой дээр хагалдаг.

Олон хүн Аврагчид огт анхаарал хандуулалгүйгээр Христийн амилсны баярыг тэмдэглэхдээ өндөг ашигладаг нь үнэн. Христийн амилсны баярын уламжлалаа Аврагчид төвлөрүүлэх эсэх нь биднээс шалтгаална. Өндөг нь шинэ амьдралын бэлгэдэл бөгөөд амилуулалттай багахан боловч холбоотой. Улаан будаг нь зарим соёлд Аврагчийн золиослолыг төлөөлөхөд хэрэглэгддэг. Өндөг хагарахад хальс нь хоосон булш болон амилсан Аврагчийг сануулдаг юм. Хэрэв та Христийн амилсны баярын уламжлалаа Түүнтэй холбож байгаагүй бол одоо эхлэх цаг болжээ!

2. Христийн амилсны баярын түүдэг гал

Христийн амилсны баяраар түүдэг гал асаах нь ялангуяа Герман, Нидерланд, Хорват, Финландад нийтлэг уламжлал болжээ.

гал

Христийн амилсны баярын үеэрх гал нь дэлхийд гэрэл, дулаан илчийг авчирдаг, угтаа дэлхийн Гэрэл болох Аврагч руу харахыг бидэнд сануулдаг (Иохан 8:12-ыг үзнэ үү).

3. Тусгай хоол хүнс

Дэлхий даяар Христийн амилсны баяраар хурга, талх гэсэн бэлгэдлийн хоёр хоол хүнсийг жил бүр иддэг.

Талх, хурганы мах

Хурга нь Бурханы Хурга болох Аврагч руу чиглүүлдэг. Талх нь бидэнд амийн талх болох Есүс Христийг сануулдаг (Иохан 6:35-ыг үзнэ үү).

4. Далдуу модны сүлжмэл

Итали, Испани, Филиппин, Мексик, Египет, Этиоп зэрэг зарим оронд хүмүүс далдуу модны навч болон бусад ургамлыг Далдуу модны ням гарагт сүлждэг.

Далдуу модны навчнууд

Далдуу модны ням гараг нь Христийн амилсны баярын өмнөх ням гараг бөгөөд Түүнийг Иерусалимд сүр жавхлантайгаар орж ирэхэд хүмүүс Түүний өмнө далдуу модны навч дэвсэж байсныг тэмдэглэдэг.

5. Цаасан шувуу хөөргөх

Христийн амилсны баяраар Бермудад хүмүүс өнгө өнгийн цаасан шувуу хөөргөдөг!

цаасан шувуу

Энэ уламжлал нь Аврагчийн амилалтыг, Тэрээр дараа нь хэрхэн тэнгэрт өргөгдснийг зугаатайгаар сануулдаг.

6. Сүмийн шүтлэг бишрэл

Христийн амилсны баярын хамгийн чухал уламжлалуудын нэг болох сүмд явахыг бүү мартаарай! Бид Христийн амилсны баярын ням гарагт ариун ёслолоос хүртэж, Аврагчийг дурсан санахын тулд сүмд явдаг. (Хэрэв Ерөнхий чуулган Христийн амилсны баяраар болдог бол бид үзэж сонссоноор Түүнийг дурсан санаж, дараа долоо хоногт ариун ёслолоос дахин хүртдэг.)

Ариун ёслолын талх, ус

Бид гэрээнүүдээ сахиж, тэдгээрийг ариун ёслолоор дамжуулан шинэчлэх үед Сүнс үргэлж бидэнтэй хамт байхаар адислагдах болно. Энэ нь Христийн амилсны баяраар болон бусад өдөр Аврагчтай холбогдоход бидэнд тусалдаг.

Өсвөр үеийнхний оролцоо: Христийн амилсны баярын хувийн уламжлал

“Би тойргийнхоо номлогчдод Христийн амилсны баярын шоколадтай өндөг өгдөг.”

Жэннифэр М., 23 настай, Пернамбуко, Бразил

“Гэр бүлийнхэн маань сүүлчийн зоогийг хийж, бид үүнийг аль болох уламжлал болгохыг хичээсэн.”

Алис Ф., 16 настай, Юта муж, АНУ

“Би гэрийнхэнтэйгээ хамт оршуулгын газарт очиж, хамтдаа дуулал дуулж, гэрчлэлээ хуваалцдаг.”

Рэйчил Г., 19 настай, Виржиниа, АНУ

“Би Христийн амилсны баярын амралтын өдрүүдэд ариун сүм явсан.”

Авэри А., 17 настай, Нивада, АНУ

“Би сайн мэдээг болон Есүсийн амьдралын түүхийг уншдаг! Христийн амилсны баярын үеэр Түүний тухай суралцах нь агуу баяр баясгалан юм.”

Эстэбан А., 15 настай, Сан Хосе, Коста Рика

“Францын Полинезид бид олон шашинтай өсвөр үеийнхний оролцсон Христийн амилсны баярын тоглолт хийсэн. Их Эзэн далайн шуурга, түрлэг дундуур энэ шөнийг гайхамшиг, баяр баясгалан, эв нэгдлийн шөнө болгосон юм.”

Тэхина К.Т., 24 настай, Тупуаи, Францын Полинези

“Энэ жил би Христийг ариун долоо хоногийн турш юу хийснийг судлахад анхаарлаа төвлөрүүлсэн.”

Мэддисэн Р., 18 настай, Юта, АНУ