Өдөр бүр Христийн амилсны баяр
Аврагчид илүү ойртож Христийн амилсны баярыг итгэл найдварын цаг үе болго.
Зураг чимэглэлийг Тоби Ниүсом
Христийн амилсны баярын эхний ням гарагт Магдалын Мариа бусад эмэгтэйтэй хамт Христийн булш дээр очиход тэнгэр элч нар тэдэнд “Тэр энд байхгүй. Тэр амилсан” (Maтай 28:6) гэж хэлжээ. Энэ захиас нь Түүний цовдлолтыг гэрчлэхдээ цөхрөнгөө барсны дараа шавь нарт нь их найдвар төрүүлсэн билээ.
Хамгийн сайн мэдээ юу вэ? Энэ мэдээ одоо ч үнэн хэвээрээ. Христ одоо ч амилсан хэвээр байгаа. Тэр одоо ч үхэл болон нүглийг ялан дийлсээр байгаа. Мөн Түүний Амилалтаас ирдэг итгэл найдвар нь зөвхөн Христийн амилсны баяраар төдийгүй, та нарт одоо ч үргэлж боломжтой!
Христийн амилалтын баяр бол Амилалтыг хүндэтгэж болох цорын ганц өдөр биш ээ. Христийн амилсны баярыг буюу Аврагч, Түүний Цагаатгал, Амилалтыг тэмдэглэдэг баярыг итгэл найдвар, баяр баяслын бүтэн улирал болгохын тулд эдгээр зөвлөгөөнөөс заримыг нь туршиж үз.
Аврагчийн амьдралыг судлах
Судрууд бол Есүс Христийг хувиараа таньж мэдэн, Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд чинь туслах хүчирхэг хэрэгсэл юм. Христийн амилсны баярын үеэр та нар судар судлахдаа Түүний амьдралын сүүлчийн долоо хоногт эсвэл дэлхийн амилсан Аврагчийн хувьд Америк тивд хийсэн Түүний айлчлалд анхаарлаа хандуулж болно. Эдгээр хүчирхэг түүхийг унших нь Аврагчийн та нарыг гэсэн хайрыг мэдэрч, Түүний Цагаатгал болон Амилалтыг илүү сайн ойлгоход чинь тусална.
Хэрэв та нар аль шүлгүүд дээр анхаарлаа хандуулахаа сайн мэдэхгүй байвал Ирээд, Намайг дага гарын авлага дахь Христийн амилсны баярыг судлах удирдамжийг эсвэл ChurchofJesusChrist.org-д байршуулсан бусад судлах удирдамжийг дагахыг хичээж болно.
Ариун сүмийн ажилд оролцох
Үхлийг ялан дийлсэн Христийн ялалт болон бид ч бас амилна гэсэн мэдлэг бол “хүн төрөлхтөнд тунхагласан бүх мэдээнээс хамгийн агуу нь юм.” Түүний Цагаатгал ба Амилалтын ачаар гэр бүл маань мөнхөд амьдарч, өвөг дээдэс маань бүгдээрээ ариун нандин гэрээнүүдийг хийх боломжтой болно.
Та нар гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажил хийснээр Есүс Христийн Амилалтыг тэмдэглэж, сүнсний шоронд байгаа хүмүүсийг гэтэлгэх Түүний ажлыг үргэлжлүүлж чадна (1 Петр 3:18–20-ийг үзнэ үү). Ариун сүмийн үйлчлэл чинь тэдгээр сүнсэнд Христийн Цагаатгалын бүх адислалыг хүлээн авах сонголт хийх боломжийг олгодог.
Христийн адилаар бусдад үйлчлэх
Есүс Христ мөнх бус тохинууллынхаа туршид, бүр загалмай дээр байхдаа ч бусдыг өргөж, тэдэнд үйлчилсэн. Та нар эргэн тойрныхоо хүмүүст Түүний адилаар үйлчилснээр Түүний үлгэр жишээг хүндэтгэж чадна. Үргэлж инээмсэглэх, бусдыг чин сэтгэлээсээ сонсох, гэрийн ажилд туслах зэрэг эелдэг, энгийн үйлдлүүд ч гэсэн Христийнхтэй адил хайраар дүүрэн орчныг бүрдүүлж чадна. Бусдад үйлчилснээр Христийн амилсны баярын итгэл найдвар, сайн сайхныг та нар мөн тэд ч мэдэрч чадна.
Ариун ёслолоос зорилготойгоор хүртэх
Аврагч Өөрийг нь юунаас ч илүү санахад туслах уламжлалыг бий болгосон бөгөөд энэ нь ариун ёслол юм. Ариун ёслолоос хүртэх нь та нар “үргэлж түүнийг санахад, түүний зарлигуудыг сахихад” бэлэн гэдгээ харуулдаг ба хариуд нь Тэрээр “түүний Сүнсийг [та нартай] үргэлж хамт байлгах” (Сургаал ба Гэрээнүүд 20:77) болно хэмээн амладаг. Энэ бол хүчирхэг амлалт юм! Та нар долоо хоног бүр ариун ёслолоос хүртвэл Христийн амилсны баяраар мөн үргэлж тэрхүү амлалтын үнэнийг мэдэрч чадна.
Ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийн тохинуулал, Цагаатгал, Амилалтын талаар эргэцүүлэн бодохыг хичээ. Чин сэтгэлээсээ залбирч, Түүний золиослол чамайг хэрхэн адисалсан тухай бодохыг хичээ.