Түүний замын нугачаа
Аврагчийн зам үргэлж дардан байдаггүй ч Тэрээр бидэнтэй хамт алхаж, очихыг хүсэж байгаа газар луу маань удирдан чиглүүлнэ.
Зураг чимэглэлийг Юкаи Ду
Бид ихэвчлэн очихыг хүсч буй газраасаа шалтгаалаад замаа сонгодог. Гэвч хүрэх газар аваачих замаас гадна олон өөр зам, түүнчлэн бидний туулах өөр нэг газар болох нугачаануудгэж бий.
Есүс Христ биднийг Өөртэй нь хамт алхахад урьдаг (Moсе 6:34; Мика 6:8; 1 Иохан 2:6; Сургаал ба Гэрээнүүд 19:23-ыг үзнэ үү). Биднийг алхахыг урьдаг Түүний зам нь бидний Тэнгэрлэг Эцэгтэй хамт байхыг хүсдэг амар амгалан, баяр баясгалан, мөнх амьдрал руу хөтөлдөг гэрээт зам юм.
Гэхдээ энэ зам ямар байх бол? Бид Аврагчтай хамт алхахдаа ямар ямар нугачааг дайран өнгөрөх бол?
Нарийн зам
“Амьдрал өөд хөтөлдөг хаалга нь давчуу, зам нь нарийн юм” (Maтай 7:14).
Түүний зам хязгаарлагдмал санагдвал үүнд учир шалтгаан бий. Зам нарийссан байгаа нь таныг гэмтэж бэртэх эсвэл төөрч будилахаас сэргийлж байгаа хэрэг.
Шулуун зам
“Түүний замууд шулуун” (Aлма 37:12).
Түүний зам бол тахир мурий зам биш. Энэ бол мөнх амьдрал болох бидний зорилгод хүргэдэг хамгийн шулуун зам юм. Энэ зам нь хазайдаггүй ч, бид заримдаа хазайдаг. Гэвч Аврагчийн Цагаатгалын ачаар бид хурдан наманчилж, Түүний зам дээр эргэн ирэх боломжтой.
Эгц бөгөөд заримдаа хад чулуутай зам
“[Бурхан руу гэртээ] очих зам эгц бөгөөд заримдаа хад чулуутай байдаг” (Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, “Тэдэнд гэртээ харихад нь тусал,” [2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 24]).
Толгод руу авирах нь амаргүй бөгөөд та авирч буй толгодынхоо оргилыг харах боломжгүй байж болох юм. Гэвч Аврагчийн чамаар хийлгэхийг хүссэн хэцүү зүйлийг хийхээр хичээх үед Аврагч чамайг хүчирхэгжүүлж, урамшуулан дэмждэг.
Чиний зам дээрх чулуунууд бусдынхаас өөр байж болно. Чиний сорилт бэрхшээл, нөхцөл байдал зөвхөн чинийх. Гэвч Аврагч бол аяллын чинь хамгийн сайн хамтрагч бөгөөд бүх саад бэрхшээлийг даван туулахад чинь туслах болно.
Гэрэлтүүлэг сайтай зам
“Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл” (Дуулал 119:105). “Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан гэрлийн дотор яв” (1 Иохан 1:7).
Зам тань харанхуйлах үед Аврагч, Тэнгэрлэг Эцэг рүүгээ гэртээ очих аяны харгуйг тань нэг алхамаас нөгөө алхам руу хангалттай гэрэлтүүлж чадна.
Аюулгүй зам
“Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад” (Дуулал 23:4).
Зам тань хэчнээн аймшигтай, зовлонтой, хэцүү бэрх мэт санагдсан ч Есүс Христтэй хамт алхах үед Тэр тантай хамт алхаж, таныг аюулгүй газар луу, Тэнгэрлэг Эцэг рүү буцаан авчрах замаар хөтөлнө гэдгийг мэдэн амар амгалан байж болно.