Сатаныг эсэргүүцэж, Есүс Христийг сонгох 3 арга зам
Мөнх бус байдлын өмнөх амьдралд юу тохиолдсоныг ойлгох нь одоо сайн сонголт хийхэд тань тусална.
Зураг чимэглэлийг Дийн МакАдам
Тэнгэрлэг Эцэг бидний мөнхийн аз жаргал, өсөлт хөгжилтөд зориулсан төлөвлөгөөгөө танилцуулахдаа бидэнд туслах Аврагчийг илгээхээ амласан билээ. Тэнгэрлэг Эцэгийг “Би хэнийг илгээх вэ?” (Aбрахам 3:27) хэмээн асуухад “[Эцэгийн] Хайрт мөн эхлэлээс Сонгогдсон” (Moсе 4:2) Есүс Христ “Би энд байна, намайг илгээгээч” (Aбрахам 3:27) хэмээсэн. Тэр юу ч гуйгаагүй, Тэр зүгээр л Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэхийг хүссэн (Moсе 4:2-ыг үзнэ үү).
Дараа нь Люсифер ирж мөн “намайг илгээгтүн” (Moсе 4:1-ийг үзнэ үү) гэж хэлсэн. Гэвч Люсифер бидний төлөө ямар нэгэн золиос гаргахыг хүсдэггүй, амиа хичээсэн нэгэн байлаа. Тэрээр Бурханы алдар нэр, хүч чадал, сүр жавхланг өөртөө авахыг хүссэн (Moсе 4:1-ийг үзнэ үү). Люсифер мөн бидний сонгох эрхийг устгахыг хүсэж байлаа. Тэр үүнийг хэрхэн хийх гэж байсан нь тодорхойгүй. Гэвч сонгох эрхгүйгээр бид хэзээ ч өсөж хөгжин, Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болох боломжгүй гэдгийг бид мэднэ. Тиймээс Люсифер үндсэндээ Тэнгэрлэг Эцэгийн эсрэг бослого гаргаж, Түүний төлөвлөгөөнөөс татгалзсан юм.
Люсиферийн бослого тэнгэрт дайн дэгдээж, тэгээд тэрээр “доош хаягдаж” “Сатан болсон” (Moсе 4:3–4). Тэнгэрийн түмэн олны гуравны нэг хэсэг нь түүнийг дагасан билээ (Сургаал ба Гэрээнүүд 29:36-г үзнэ үү). Харин бид сонгох эрхээ ашиглан Есүс Христийг дагасан.
Tэнгэрт дэгдсэн дайн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Сатан болон түүнийг дагагчид өнөө үед ч бидэнд саад учруулахыг үргэлж эрэлхийлсээр байна. Сатаны арга мэх, бодлогыг таньж мэдэн, түүний урхинаас зайлсхийж, амьдралынхаа турш Есүс Христийг сонгох гурван арга замыг доор дурдав.
1. Атаа хорсолд бүү авт
Олон жилийн өмнө би нэг удаа гэрийн даалгавраа хийгээгүй болохоор ангийн найзуудаа гэрийн даалгавраа хийхгүй байхад ятгахыг оролдсон юм. Миний буруу байсан ч бүгдээрээ асуудалд орвол надад арай дээр санагдана гэж би бодсон байлаа. Миний энэ зохисгүй үйлдэл Сатаны бидэнд ханддаг хандлагыг санагдуулдаг. Тэр өөрөө зовлонд унасан болохоор бидний мөнх амьдрах боломжийг баллахыг хүсдэг.
Сатан атаа холсолдоо автаж, эцсийн дүнд бүтэлгүйтэнэ гэдгээ мэдэж байсан ч бидний аль болох олон хүнд хор хөнөөл учруулахын тулд “харанхуйн ажлыг тараахыг” (Хиламан 6:28) цөхрөлтгүй хичээдэг.
Сатаны зовлонт байдал нь бидний сонгосон төлөвлөгөө биш юм. Бид сонгох эрхээ ашиглан Есүс Христийг үргэлжлүүлэн дагаж, Сатаны атгаг, хуурмаг, хувь хүний хөгжлийг хязгаарлах арга мэхийг үргэлжлүүлэн эсэргүүцсээр байж чадна. Аврагч биднийг Түүний болж чадна гэж бодсон хүмүүс болж, мөнх амьдралын сайн сайхныг мэдэрч болохын төлөө Өөрийн амийг өгсөн.
2. Айдаст бүү авт.
Би заримдаа Бурханы сүнсэн хүүхдүүдийн гуравны нэг нь яагаад Түүний төлөвлөгөөг эсэргүүцэхийг сонгосон юм бол гэж гайхдаг. Айдас, эргэлзээ хоёул итгэлийг сулруулах үр дүнтэй арга зам гэдгийг Сатан мэддэг. Тэрээр биднийг өөрсдийн үнэ цэнд эргэлзэж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан биднийг үнэхээр цэвэр болж чадахгүй гэж итгүүлэхээр уруу татаж болох юм. Эсвэл тэр биднийг наманчлах юм уу Бурханы төлөвлөгөөг дагахаас айхад хүргэхээр хичээж ч магад.
Бид зовлон бэрхшээл, саад тотгортой тулгарахдаа Бурханы төлөвлөгөөнд болон Есүс Христэд итгэхийг сонгож чадна. Биднийг айдастай нүүр тулах үед Тэр бидний хүч чадал болж, Түүгээр дамжуулан бид эцэстээ айдсыг даван туулж болохын тулд Тэр бүх зүйлийг тэвчсэн.
3. Аврагчийн танд өгөх бүхнийг хүлээн ав
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг өргөж мөн дэмжихийн төлөө байдаг. Бидэнд хамгийн сайнаараа байхад тусалж, байгаа бүхнээ харамгүй зориулахыг хүсэж байна гэж өөр хэн хэлэх билээ дээ? Эцэгт байгаа бүхэн биднийх байх боломжтой! Үүнийг бид зөвхөн Есүс Христээр дамжуулан авах боломжтой.
Аврагчийн амь биеэ үл хайрласан мөн гэтэлгэгч хүчнийх нь тухай бодоход надад Түүнийг дагах хүсэл төрдөг. Есүс Христ төгс төлөвлөгөөний төгс ялагч юм. Түүнийг сонгох үед Тэр бидэнд дайснаа ялж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагаж, тэнгэрлэг хувь заяндаа хүрэхэд бидэнд тусалдаг.