Бурханд итгэх үед бүх зүйл дээрддэг
Тэнгэрлэг Эцэгт итгэх үед юу ч тулгарсан байсан та нүүр тулах чадалтай байх болно.
Гэрэл зургийг Жиована Флавия дэ Алмэйда Кампос
Би найман настайдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон. Баптисм хүртсэнээс хойш хэдхэн сарын дараа би гэр бүлийнхэнтэйгээ Сүмээс холдсон юм.
Олон жилийн дараа биднийг буцаж ирэхээр шийдэхэд COVID-19 тахал дэгдэж, сүмийн цуглаанууд зайнаас явагдаж эхэлсэн. Би дахиад л холдож, замдаа олон сорилт бэрхшээлтэй тулгарав.
Бэрхшээл ба эргэлзээ
Тэр үед би сайн мэдээний үнэн байдалд, өөрийн гэрчлэлд төдийгүй Есүс Христ хэн байсан талаар эргэлзэж эхэлсэн юм. Тэр байтугай Бурхан байдаг гэдэгт эргэлзэж, өөрийгөө бурхангүй үзэлтэн гэж бодох болов. Зүрх минь чулуу шиг хатуу, хүйтэн цэвдэг болсон байв.
Миний амьдралын тэр үе маш хэцүү, ээдрээтэй байсан. Есүс Христэд болон Түүний хүчинд итгэхээ болих үед бидний амьдрал утга учиргүй, зовлонтой болдог гэж би боддог.
Семинар намайг өөрчилсөн
Эцэст нь аав минь намайг сүмд дахин явж эхлэхэд нөлөөлсөн юм. Хэдийгээр би эргэлзэж, олон асуулттай тулгарч байсан ч явж эхлэв.
Нэг өдөр сүм дээр би семинарын зурагт хуудсыг олж харсан юм. Зурагт хуудас миний сонирхлыг татав. Би бишопоосоо энэ тухай асуухаар очлоо. Тэр намайг тэр даруй семинарын чат руу нэмж оруулаад, семинар өглөөний 5:30-д эхэлдэг гэж хэллээ.
Тэгээд би семинарт явж эхэлсэн. Энэ нь надад шинэ найзуудтай болоход, цаашлаад Сүмийн болон судруудын талаар гэрчлэлтэй болоход тусалсан юм. Манай багш ангийнхныг маань үнэхээр урамшуулан дэмжиж, бидний хамгийн сайн талыг гаргаж ирдэг байв. Судруудыг судлах нь Аврагчийг үнэхээр танин мэдэх боломжийг бидэнд олгодгийг би олж мэдсэн. Хэн нэгний гэрчлэлийг сонсох болон өөрөө судалж, итгэлээрээ дамжуулан өөрийн гэсэн гэрчлэлтэй болохыг эрэлхийлэх хоёр хоорондоо ялгаатай.
Жасмин найз Викториа (зүүн), Кэрол (баруун талд) хоёртой хамт байгаа нь. Жасмины найзууд Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахад түүнд тусалдаг.
Христийн шавь болох 10 зөвлөгөө
Эхлээд би бусдын ярианаас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мэдсэн. Гэхдээ бид үргэлж дан ганц бусдын гэрчлэлд тулгуурлаж болохгүй. Бид Аврагчийн талаарх үнэнийг өөрсдөө мэдэж авах хэрэгтэй.
Бид Түүний шавь нарын нэг болохын тулд Аврагчид болон бурханлаг зүйлсэд зориулан цаг зав гаргах хэрэгтэй. Дараах хийснээр Түүнийг таньж мэдэх боломжтой гэдгийг би ойлгосон:
-
Түүнийг зорилго тавин эрэлхийл
-
Судруудыг унш
-
Сүнслэг байдлын хувь өсөж хөгжихийг хичээ
-
Залбир
-
Ариун сүмд ор
-
Бусдад үйлчил
-
Мацаг барь
-
Түүний үлгэр жишээг дага
-
Сайхан сэтгэлтэй бай
-
Бусдыг муулах, хов жив ярихаас татгалз.
Эдгээр нь надад Аврагчийг таньж мэдэн, Түүний шавь нарын нэг болоход тусалсан. Бид бусдад туслахдаа Түүний гэрлийг ашиглах боломжтой тул Есүс Христийн шавь байх нь маш чухал юм. Бидний сайн үлгэр жишээнээс бусад хүн сайн мэдээ ямар их адислал болохыг харж чадна.
Сүмд явж, гэрийнхэнтэйгээ сайн мэдээг хуваалцсан нь Жасмины амьдралыг олон арга замаар адисалсан ажээ.
Бүх зүйлс дээрдэнэ
Би сүмд эргэж ирэхдээ шалдаа буусан, эргэлзээгээр дүүрэн, найз нөхөдгүй, итгэл найдваргүй, өөрийгөө үнэхээр хэн бэ, ямар зорилготой вэ гэдгээ ч мэдэхгүй байсан.
Одоо бол сайн мэдээ миний амьдралыг гэрэлтүүлж, зөвийг хийж, илүү сайн хүн болоход тусалдаг “дөл” юм. Сайн мэдээгүйгээр би хаана байх байснаа мэдэхгүй байна.
Бурханд итгэх үед амьдралд бүх зүйл дээрддэг. Түүнийг эрэлхийлэх яг тэр мөчөөс та унасан нүхнээсээ мацан гарч эхлэх бөгөөд бүх зүйл дээрдэж эхэлнэ. Мэдээж саад бэрхшээл тулгарах ч итгэл болон итгэх хүсэл тань таныг аажмаар өргөх болно. Цаг хугацаа шаардагдаж болох ч бүх зүйл дээрдэнэ!
Тэнгэрлэг Эцэгт итгэх үед та зовлон бэрхшээл, эргэлзээ, эрүүл мэндийн асуудал, эсвэл ганцаардал гээд юу ч тулгарсан байсан нүүр туулах чадалтай байх болно. Жишээлбэл: Хэрэв та Түүнд итгэвэл шалгалтдаа сайн дүн авч, эрүүл мэнд тань сайжирч эсвэл бүр над шиг 10 наснаасаа эхлэн эрэлхийлж байсан хариултуудаа хүлээн авч болох юм.
Би энэ бүхэнд итгэдэг. Сайн мэдээний ачаар би өөрийгөө өөрчлөгдсөн гэж хэлж чадна. Үнэндээ миний зүрх сэтгэл, бодол санаа, зан авир болон зарчмууд гээд бүх зүйл өөрчлөгдсөн. Би одоо үнэнийг мэддэг болсон бөгөөд энэ нь бүхнийг өөрчилсөн. Есүс Христийн сайн мэдээний ачаар бүх зүйл дээрдсэн.
Зохиогч нь Бразилын Сан Паулод амьдардаг.