Чамайг гэрт тань хүргэх газрын зураг
Авралын төлөвлөгөөг ойлгох нь яагаад ийм чухал юм бэ?
Зураг чимэглэлийг Маккэнзи Алэксандр
Мормоны Номонд бошиглогч Жером цэдгээ эхлүүлэхдээ: “Эцэг өвгөдийнхөө бичиглэснээс илүү юуг би бичиж чадахсан билээ? гэж асуугаад Учир нь тэд авралын төлөвлөгөөг илчилсэн бус уу?” (Жером 1:2) хэмээсэн.
Хэрэв тэр энэ бол бидэнд хэрэгтэй бүх зүйл гэж бодсон бол авралын төлөвлөгөө нь маш чухал зүйл байх ёстой!
Үнэхээр ч тийм! Энэ бол бидний амьдралд зориулсан төгс газрын зураг юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон нэг удаа: “Бурханы гайхалтай төлөвлөгөөг ойлгосноор амьдрал нууцлаг, ирээдүй маань тодорхойгүй байхаа больдог” хэмээн хэлсэн.
Тэгвэл энэ газрын зураг амьдралын тодорхой бус байдал дундуур жолоодоход чинь хэрхэн туслах вэ?
Би хаанаас ирсэн бэ?
Бурхан бол та нарын Тэнгэрлэг Эцэг юм. Та нар төрөхөөсөө өмнө Түүнтэй хамт амьдарч байсан. Тэр та нарт хайртай!
Далын ахлагч Алан Т.Филлипс: “Та бол байгалийн санамсаргүй тохиолдлын бүтээл, сансар огторгуйн өнчин нэгэн эсвэл бодис, цаг хугацааны үр дүнд бий болсон зүйл биш. Төлөвлөгөө байгаа цагт төлөвлөгч байгаа гэсэн үг”
Амьдрал хэцүү болох үед би энд тодорхой зорилгын төлөө байгаагаа мөн хайрт Тэнгэрлэг Эцэг минь намайг дээрээс үргэлж харж хандаж буйг мэдэх нь биднийг тайтгаруулдаг.
Эндээс би хаашаа явах вэ?
Та энд ямар ч зорилгогүй хэрэн хэсүүчлэх гэж ирээгүй. Танд очих газар бий! Тэнгэрлэг Эцэг таныг гэртээ ирж, Түүнтэй адил болоосой хэмээн хүсдэг. Танд Түүний хаант улсын бүх адислалыг хүлээн авах боломжийг олгохын тулд Тэрээр авралын төлөвлөгөөг бэлтгэсэн юм (Сургаал ба Гэрээнүүд 14:7-г үзнэ үү).
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг мэдэх нь амьдралын тань туршид туслах болно. Та нар “алсын хараатай байж” селестиел ухаанаар бодоход Есүс Христийг дагах гэх мэт олон сонголтыг хийхэд илүү хялбар болно.
Тэнд би хэрхэн очих вэ?
Авралын төлөвлөгөө нь очих газрыг маань зааж өгөхөөс гадна тэнд хэрхэн хүрэх замыг бас харуулж өгдөг.
Есүс Христ бол гэртээ буцах замыг дагасан төгс үлгэр жишээ юм. Хэрэв та нар Түүн рүү харж, Түүнтэй хамт алхах юм бол Тэр танд Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж, Түүнтэй илүү адил болоход тусална. Далын ахлагч Сэргио Р.Варгас: “Бидний хүн нэг бүрийн дотор тэнгэрлэг гэртээ эргэн очих хүсэл эрмэлзэл байдаг бөгөөд Есүс Христ бол бидний тэнгэрлэг удирдлагын тогтолцоо юм. Тэр бол зам мөн”
Хэрэв би замаа алдвал яах вэ?
Газрын зурагтай байлаа ч та буруу зам руу эргэж магад. Та алдаа гаргасаар л байх болно. Гэвч санаа зовох хэрэггүй! Тэнгэрлэг Эцэг тань үргэлж наманчилж, Түүнд эргэж эргэн, Түүнтэй илүү адилхан болж болохын тулд Гэтэлгэгчийг өгсөн. “Бид огтхон ч алдаа гаргахгүйгээр гэрээний зам дээрээ үлдэнэ гэж байхгүй. Өдөр бүр бид наманчилснаар уг зам дээр үлдэж чаддаг[ийг]” санагтун.
Авралын төлөвлөгөөг судлахдаа энэ нь хайраар бүтээгдсэнийг санаарай. Тэнгэрлэг Эцэг таныг гэртээ ирээсэй хэмээн хүсдэг. Харин та Түүний газрын зургаар явбал Тэр та нарт тэнд очиход тусална.