2026 оны өсвөр үеийнхний уриа
“Надтай хамт алхагтун” —Нарийвчлан авч үзье
Энэ жилийн уриа гурван үгээс бүтсэн ч үг бүр бидэнд маш олон зүйлийг ойлгуулах болно.
Энэ жилийн “Надтай хамт алхагтун” хэмээх уриа нь өнгөрсөн жилийн өсвөр үеийнхний уриа болох “Христ рүү хар” хэмээх уриатай адил зүйр үг юм. Энэ амьдралд бидний ихэнх нь Аврагчийг бодитоор харж эсвэл Түүнтэй хамт алхах боломжгүй юм. Тэгвэл бие махбодын хувьд байхгүй хүнтэй хамт “алхагтун” гэдэг нь юу гэсэн үг вэ? Үүнийг нарийвчлан авч үзье.
Алхагтун
Их Эзэн Енохыг бошиглогч болгохоор дуудахдаа: “Чиний бүх үгийг бибээр зөвтгөх болно; мөн уулс чиний өмнө зугтах болно, гол мөрнүүд голдирлоосоо эргэх болно; мөн чи надад, мөн би чамд орших болно; тиймийн тул надтай хамт алхагтун” (Moсе 6:34) хэмээн амласан.
Хэрэв Бурхантай хамт алхана гэдэг нь Тэр хэлсэн үгийг тань дэмжин, зам дээрх саад тотгорыг тань холдуулж, үргэлж тантай хамт байх болно гэсэн амлалт юм бол та яагаад Түүнтэй хамт алхаж болохгүй гэж?
Сайхан мэдээ: Өнгөрсөн ням гарагт ч танд дараах амлалтыг өгсөн. Чи ариун ёслолоос хүртэхдээ “үргэлж Түүнийг санах[аа], … Түүний зарлигуудыг сахихаа” буюу өөрөөр хэлбэл Түүнтэй хамт алхахаа амладаг. Яагаад үүнийг хийдэг вэ? “[Чи] түүний Сүнсийг [өөртэйгөө] үргэлж хамт байлгаж болохын тулд” (Сургаал ба Гэрээнүүд 20:77; тодотгол нэмсэн).
Их Эзэн Еноход “Энд зогсоод надтай хамт эргэн тойрноо хар” гэж хэлээгүйг чи анзаарна. Тэр “Надтай хамт суугаад хэсэг хугацаанд амраад ав” гэж хэлээгүй, “Надтай хамт алхагтун” гэж хэлсэн. Бид хүлээн авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэх ёстой. Бид зөв гэж итгэдэг зүйлийнхээ дагуу үйлдэж мөн үүнийгээ хэлэх ёстой.
Тэргүүн зөвлөлийн зөвлөх, ерөнхийлөгч Марион Ж.Ромни (1897–1988) энэ талаар: “Бид хөлөө хөдөлгөх үед л Тэр биднийг чиглүүлж чадна” хэмээн хэлжээ.
Гэвч Их Эзэний юу гэж хэлээгүйг анхаар. Тэр “Надтай хамт гүй”, “Бүх саад бэрхшээлээ надтай хамт хүч гаргалгүй дав” гэж хэлээгүй. Тэр биднээс “[өөрсдөд] буй хүчнээс илүү хурдан гүйх[ийг]” (Moзая 4:27) шаарддаггүй. Тэр мөн биднээс байнга хамаг хурдаараа гүй хэмээн хүсээгүй. Бас биднээс алдаа гаргахгүй эсвэл сэтгэлээр унахгүй бай гэж ч хүсээгүй. Тэр зүгээр л биднээс үргэлжлүүлэн урагш яваасай гэж хүсдэг.
Хамт
Бид Аврагчтай хамт алхдаг. Түүний урд ч биш. Мэдээж, Түүнээс хол зайтай ч биш!
Хэн нэгэнтэй хамт алхаж явахдаа та тэр хүнтэйгээ зэрэгцэн алхдаг. Гэвч энэ зүйрлэлд өгүүлснээр бид Аврагчийн араас алхдаг. Тэр удирдаж, бид ойр байж дагадаг.
Та зөв зам дээр байвал уг зам Түүн рүү “хөтөлдөггүй” харин Тэр уг зам дээр тантай хамт байгаа юм! Ариун ёслолыг сана даа! Та Түүнийг урих л юм бол Их Эзэн Өөрийн Сүнсээр дамжуулан үргэлж тантай хамт байх болно.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр замынхаа явж хаана байгааг тань чухалчилдаггүй харин хаашаа харж байгааг тань чухалчилдаг. Тэд замын хаана ч байсан таныг тосон уулзана. Бас хэр удаан алхах тань ч хамаагүй.
Би
Бид үйлдэл хийх хэрэгтэй (АЛХ). Бид алхахдаа Бурханы зарлиг, Сүнсний өдөөлтүүдийн дагах хэрэгтэй (ХАМТ). Бид бас энэ бүхнийг зөвхөн Есүс Христтэй хамт хийх ёстой (БИ).
(Иохан 10:30; 17:21; Сургаал ба Гэрээнүүд 35:2-д цэдэглэгдсэнчлэн Есүс Христ, Түүний Тэнгэрлэг Эцэг, Ариун Сүнс гурав гурвуулаа нэг зорилготой учраас бид “Бурхантай хамт алхдаг,” “Аврагчтай хамт алхдаг,” “Сүнстэй хамт алхдаг” гэж хэлэх нь зөв болов уу.)
Энэ дэлхийд дагаж болох дуу хоолой олон. Таныг өөртэй нь хамт “алхахыг” (эсвэл ядаж өөрсдөд нь мөнгө өгөхийг) хүсэх нөлөөлөгч, алдартан, улс төрчид элбэг. Бусдын хэлж байгаа зүйл хэрэгтэй байж болох ч Аврагчийн сургаалтай тохирч байгаа үед л зөв байна.
Түүнтэй хамт алхагтун.