Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Эцэгийн төлөвлөгөөний нандин амлалтууд
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 1-р сар


Эцэгийн төлөвлөгөөний нандин амлалтууд

Бидэнд зориулсан Бурханы агуу төлөвлөгөөний талаар тунгаан бодох үед бидний бодгаль талархлаар дүүрэх нь гарцаагүй.

Гүүрний хоёр үзүүрийг хооронд нь зангидан холбож буй залуу эрэгтэй

Зураг чимэглэлийг Алисса Питэрсэн

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө “үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд[ыг]” (2 Петр 1:3–4-ийг үзнэ үү) мөн бидний мөнхийн мөн чанар, зорилгыг тодорхойлдог үнэнийг дүрсэлдэг.

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т: “Эрэгтэй, эмэгтэй—бүх хүн төрөлхтөн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнсэн хүү, охин бөгөөд бурханлаг мөн чанар, хувь тавилантай” болохыг тайлбарладаг.

Тэнгэрлэг Эцэг бидэнд хэрэв Өөрийнх нь төлөвлөгөөг болон Хайрт Хүүгийнх нь үлгэр жишээг дагаж, зарлигуудыг сахиж, эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих юм бол “Бурханы бүх бэлгээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг авах болно” (Сургаал ба Гэрээнүүд 14:7) хэмээн амласан билээ.

Бурханы үйл хэрэг Өөрийн хүүхдүүдийн хөгжил дэвшил, өргөмжлөлд төвлөрдөг. Түүний төлөвлөгөөний хэсэг бүр биднийг адислахад зориулагдсан. Учир нь “Бодгалиудын үнэ цэн [Түүний мэлмийд] агуу” (Сургаал ба Гэрээнүүд 18:10) юм.

Эцэгийн төлөвлөгөө

Мөнх бус байдлын өмнөх зөвлөгөөн дээр Тэнгэрлэг Эцэг сүнсэн хүүхдүүддээ мөнхийн өсөлт хөгжил, аз жаргалд нь зориулсан Өөрийн төлөвлөгөөг танилцуулсан. Тэрээр бид Түүнд дуулгавартай байж, “тэргүүн дээр маань сүр жавхлан үүрд мөн мөнхөд нэмэгдэ[х]” (Aбрахам 3:24–26-г үзнэ үү) шаардлагыг хангаж чадахыг харахын тулд биднийг дэлхий рүү илгээнэ гэдгээ хэлсэн юм.

Дараа нь Тэр хэлэв: “Би хэнийг илгээх вэ? Мөн Хүний Хүүтэй адил нэгэн хариулав: Би энд байна, намайг илгээгээч. Мөн өөр нэг нь хариулж мөн хэлэв: Би энд байна, намайг илгээгээч. Мөн Их Эзэн хэлэв: Эхнийхийг би илгээх болно.

“Мөн хоёр дахь нь ууртай байв, … мөн тэр өдөр олон нь түүний араас дагав“ (Aбрахам 3:27–28).

Зөвхөн ганцхан төлөвлөгөө, Эцэгийн төлөвлөгөөг танилцуулсан. Тэнгэрлэг Эцэг маань “Бид юу хийх вэ?” гэсэн асуултыг тавиагүй. Тэрээр санаа бодол, зөвлөмж мөн санал хүсэлт ч эрэлхийлээгүй юм. Түүний асуултын мөн чанар бол төлөвлөгөөнийх нь нөхцөл, болзлуудыг биелүүлэхийн тулд хэнийг илгээх ёстой вэ гэдэг дээр төвлөрсөн байв.

Нар, сар, од бүхий дэлхий

Люсифер мөнх бус амьдралын өмнөх зөвлөл дээр олонхийн санал хураалтаар унасан төлөвлөгөө дэвшүүлээгүй. Тэр тэрсэлсэн! Тэр хүмүүний сонгох эрхийг устгахыг эрэлхийлж, доош хаягдан, “Сатан … чөтгөр, бүх худал хуурмагийн эцэг болж, хүмүүнийг мэхлэн мөн харалган болгохоор, мөн тэднийг … олзлон дагуулах хөтлөгч болсон билээ” (Moсе 4:1, 3–4-ийг үзнэ үү). Бардамнал, их зан, хувиа хичээсэн байдал нь Эцэгийн төлөвлөгөөний эсрэг бослого гаргахад түүнийг түлхсэн юм.

Залуу эрэгтэй, Есүс Христ ба авралын төлөвлөгөө

Эцэгийн төлөвлөгөө ба Аврагчийн сайн мэдээ

Уг төлөвлөгөө нь мөнх амьдралын адислалуудаас бүх хүн төрөлхтөнд хүртэх боломжийг олгодог Эцэг, Хүүгийн ажлуудыг тайлбарладаг.

Есүс Христийн сайн мэдээ бол Бурханы төлөвлөгөөнд амлагдсан адислалуудыг, тухайлбал итгэж, дагах ёстой сургаал, зарчим, ёслол, гэрээнүүдийг хүлээн авах арга зам юм. “[Т]үүгээр хүмүүн аврагдаж чадах … тэр Есүс Христээс өөр нэр тэнгэрийн доор өгөгдөөгүй болой.” (2 Нифай 25:20). Үнэхээр Их Эзэн Есүс Христ бол “зам, үнэн, амь юм. Хэн ч [Түүгээр] дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6; тодотгол нэмсэн).

Авралын төлөвлөгөөг гараараа зурсан зурагтай ном

Төлөвлөгөөний Мормоны Номонд гардаг нэршил

Бид Есүс Христийн бас нэгэн гэрээ болох Мормоны Номоос Эцэгийн төлөвлөгөөний олон өөр нэршлийг тодорхойлж, судалснаар чухал үнэнүүдийг мэдэж авдаг. Дараах нэршлүүдийг жишээ болгон авч үзье:

Эдгээр нэршил бүр нь Эцэгийн төлөвлөгөөний нандин амлалтуудыг илүү тодорхой ойлгож, мөнх бус амьдралынхаа зорилгууд хийгээд утга учрын талаарх харах өнцгөө тэлэхэд бидэнд тусалдаг.

Тэр дундаа, Мормоны Номон дахь Бурханы төлөвлөгөөний тухай хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэршил (“гэтэлгэлийн төлөвлөгөө”) нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон нүгэл ба үхлээс ангижрах гэтэлгэл дээр төвлөрдөг (Aлма 12:25; 33:22-ыг үзнэ үү).

Зам нь бэлтгэгдсэн

Биднийг Бурханы агуу төлөвлөгөөний талаар эргэцүүлэн бодох үед бодгаль маань талархлаар дүүрэх нь гарцаагүй. Түүний төлөвлөгөөний тухай мэдлэг нь эрхэм нандин харах өнцгийг өгч, баяр баясгаланг нэмэгдүүлж, бэрхшээл, сорилтыг даван туулах хүч чадлыг өгдөг.

Тэнгэрлэг Эцэг биднийг Өөр лүү нь, гэртээ эргэж ирээсэй гэж туйлын ихээр хүсдэг. Тэрээр урьж мөн адислалуудыг амладаг боловч Түүний бидэнд өгсөн ёс суртахууны сонгох эрхийг хэрхэн ашиглахыг хэзээ ч хүчилж, албадаж эсвэл хязгаарлахгүй. Бид Түүний Хайрт Хүүгийн үлгэр жишээг дагаснаар Түүнд эргэж очихыг сонгож мөн үйлдэх ёстой.

Замнь бэлтгэгдсэн, мөн хэрэв бид харвал бид үүрд амьдарч болох билээ” (Алма 37:46; тодотгол нэмсэн).

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдэд зориулсан бурханлаг төлөвлөгөөнийхөө зохиогч гэдгийг би баяртайгаар гэрчилж байна. Есүс Христ бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч юм. Мөн Түүний хожмын үеийн төлөөлөгчдийн нэгийнх нь хувьд би Түүнийг үнэхээр “зам, үнэн, амь мөн” (Иохан 14:6; тодотгол нэмсэн) гэдгийг гэрчилж байна.