Өсвөр үеийнхний дуу хоолой
Эмээгээ алдсаны дараа суралцсан минь
Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж
Эмээгээ алдсан явдал надад хүнд цохилт болсон. Бид маш дотно байсан. Би маш ихээр гашуудаж, надад хэрэгтэй байсан итгэл найдвар алга болсон мэт санагдаж билээ.
Түүнийг өөд болохоос өмнө Есүс Христийн сайн мэдээнд итгэх итгэл маань тийм ч хүчтэй байгаагүй. Би бусдын гэрчлэлд найддаг байлаа. Гэвч гашуудаж байсан эхний долоо хоногтоо нэгэн шашны хичээлд суутал багш нь Есүс Христийн Цагаатгал болон Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар зааж байв. Би эмээтэйгээ дахин уулзах боломжтой гэдгээ ойлгосон. Бид ариун сүмийн ёслолуудаар дамжуулан дараагийн амьдралд дахин нэгдэх боломжтой.
Энэ нь миний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бөгөөд би Аврагч Есүс Христэд илүү анхаарч, Түүний сайн мэдээнээс илүү их судалж эхэлсэн. Одоо би хариултуудаа судруудаас болон Ирээд, Намайг дага гарын авлагаас хайдаг. Би чуулганы захиас, ялангуяа бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны үгсийг сонсох дуртай. Намайг захиасуудыг сонсож, судруудад найдаж, залбирч, тунгаан бодож, Ариун Сүнстэй хамт байхыг хүсэх үед гэрчлэл минь хүчирхэг байх боломжтой.
Семинар бас надад итгэлээр үйлдэж, юмсыг мөнхийн талаас нь харж, баталгаатай эх сурвалжаар дамжуулан илүү ихийг мэдэхийг эрэлхийлэн Аврагч Есүс Христийн талаар сурч, Түүнтэй адилхан байхыг хичээхэд тусалсан.
Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэж найд. Зөвхөн өөрийнхөө мэдлэгт бүү түшиглэ, харин Тэдэнд найд. Тэд бидэнд тулгарч болох ямар ч сорилт, зовлон бэрхшээлийг даван туулахад тусалж, хөтлөн чиглүүлж чадна.
Сюзанн К., 17 настай, Фижи, төв хэлтэс
Харандаагаар болон будгаар зурах, гар урлал хийх, зохион бүтээх, түүхийн талаар суралцах, сагсан бөмбөг тоглох дуртай.