2026 оны өсвөр үеийнхний уриа
Надтай хамт алхагтун
2026 оны өсвөр үеийнхний уриа нь Бурхантай ойр байх юм бол Тэр үргэлж та нартай хамт алхах болно гэдгийг санахад та нарт тусална.
Зүүнээс баруун: нэгдүгээр зөвлөх Тамара В.Руниа, ерөнхийлөгч Эмили Бэлл Фрийман, хоёрдугаар зөвлөх Андриа Мүноз Спаннаус нар
Та ганцаараа биш
Хийж чадахгүй гэж бодож байсан зүйлийг тань хийгээд үз гэж танаас хүсэж байсан уу? Магадгүй та өөрийгөө хангалттай хүчтэй эсвэл ухаантай биш, эсвэл хүмүүс намайг шоолж, шүүмжлэх вий гэж санаа зовж байсан байж болох юм. Хэрэв танд ийм бодол төрж байсан бол та ганцаараа биш ээ.
Хэдэн мянган жилийн тэртээ Енох хэмээх хүн байв. Бурхан Енохоос дэлхий дээрх хамгийн ёс бус хүмүүст наманчлалыг тунхаглахыг хүсжээ.
Енох үүнийг хийж чадахгүй гэж бодож байв. Тэр өөрийгөө хэтэрхий залуу, найз нөхөд багатай, ухаантай нэгэн биш ээ хэмээн Бурханд хэлсэн (Moсе 6:31-ийг үзнэ үү).
Харин Бурхан Еноход нэгэн амлалтыг өгчээ. Тэрээр айж балмагдсан түүнд: “Урагш одож мөн миний чамд зарлигласанчлан үйлдэгтүн” мөн “уулс чиний өмнө зугтах болно, мөн гол мөрнүүд голдирлоосоо эргэх болно; мөн чи надад, мөн би чамд орших болно; тиймийн тул надтай хамт алхагтун” (Moсе 6:32, 34) хэмээв.
“Надтай хамт алхагтун” Ямар энгийн, сайхан урилга вэ!
Бурхан түүнд зориг гарган эхлэх л юм бол замаар алхах бүрд нь түүнтэй хамт байна хэмээн амласан юм. Бурхан Енохыг илүү ихийг хийх хүч, тэнхээ өгч, төсөөлж байснаас нь ч илүү хүн болоход нь тусалж чадах байлаа.
Аврагчийн олон алдар нэрийн нэг бол Иммануел буюу “Бурхан бидэнтэй хамт” (Maтай 1:23) гэх нэр юм. Бидэнтэй хамт алхах нь Их Эзэний алдар хийгээд мөн чанар нь. Сонголт бол биднийх—Бид ч бас Түүнтэй хамт алхах уу?
Өнөө үед бид Енохыг итгэлтэй, агуу бошиглогч, удирдагч хэмээн хардаг. Бошиглогч болохоосоо өмнө Енох өөртөө итгэлгүй залуухан нэгэн байсан ч Бурхантай хамт алхахаар шийдсэн.
Амьдрал хэцүү байхад, өөрийгөө хангалтгүй гэж бодох үедээ Еноход болон чамд өгсөн Их Эзэний амлалтыг санагтун. Тэр тантай хамт алхах болно. Тэр таныг ганц алхам ч ганцаар орхихгүй.
Иммануел Бурхан бидэнтэй хамт. Бурхан тантай хамт!
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл
Зүүнээс баруун: нэгдүгээр зөвлөх Дэвид Ж.Вандэрли, ерөнхийлөгч Тимоти Л.Фарнс, хоёрдугаар зөвлөх Шон Р.Диксон нар
Түүний тусламжтайгаар та бүхнийг хийж чадна.
Залуу эрэгтэйчүүд та нараас хүсдэгийн нэгэн адил санваарын чухал үүрэг хариуцлагыг биелүүлэхийг Их Эзэн Енохоос хүссэн. Ёс бус хүмүүст наманчлалыг тунхаглах нь түүнд өгсөн даалгавар байв. Харин Енох эргэлзэж байгаагаа хэлсэн. Тэр “Гэтэл би залуу, мөн бүх хүн намайг үзэн яддаг буюу; … Би ярихдаа муу бөлгөө; би яахан таны үйлчлэгч байх билээ?” (Мосе 6:31) гэжээ.
Их Эзэн түүнд хүчирхгээр, урамшуулан тайтгаруулж ийн хариулсан: “Урагш одож мөн чамд миний зарлигласанчлан үйлдэгтүн. … Амаа нээ, мөн энэ нь дүүргэгдэх болно … . [М]иний Сүнс чам дээр байна …; уулс чиний өмнө зугтах болно …; тиймийн тул надтай хамт алхагтун” (Moсе 6:32, 34).
Их Эзэн бидэнд ажил үүрэг өгөх үед бид уг үүрэгт ажлыг ганцаар хийдэггүй гэдгийг Енох сурч мэдсэн юм. Бид Христтэй гэрээ байгуулж, түүнийгээ сахих үед Түүнтэй хамт алхаж, Түүний хүчийг хуваалцан Түүний мутар дахь зэмсэг болдог.
Та нарт Енохын нэгэн адил гүйцэтгэх ёстой нэн чухал үүргүүд бий. Та нар тохинуулж, ариун сүмд үйлчилж, ариун ёслолыг адислан, түгээж, судраас судлан, сайн мэдээний жишгүүдээр амьдарч, наманчилж, номлолд бэлтгэх зэрэг олон үүрэгтэй. Энэ нь дэндүү их мэт санагдаж болох юм. Энэ бүхнийг хийх чадахгүй гэж бодож байж ч болох юм. Гэхдээ зүгээр ээ. Утга учир нь ганцаар хийхэд биш өнөөдөр, яг энэ өдөр мөн үүнээс хойших өдөр бүр Бурхантай хамт алхахыг сонгоход оршиж байгаа юм.
Түүний тусламжтайгаар та нар бүхнийг хийж чадна. Тэрээр таныг хүчирхэгжүүлж, уучилж, төрөлх чадвараасаа илүү ихийг хийж бүтээх боломжийг олгоно. Тэр танд хайртай! Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бид та нарт хайртай, мөн та нартай хамт 2026 оны “Надтай хамт алхагтун” хэмээх сүнслэг уриаг судлахыг тэсэн ядан хүлээж байна.
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл