Зах дээрх мөнгө
Энэ удаад би ээжийнхээ хэлснийг яг хийнэ гэж Ананэ бодов.
Ганад болсон бодит түүх
Ананэ гудамжаар алхаж явахдаа инээмсэглэн байв. Шарсан загасны үнэр, хүмүүсийн чимээ шуугиан захыг дүүргэнэ. Тэр нагац ахынхаа гэр лүү явж байв. Ээж нь Ананэд нагац ахдаа өгөөрэй гээд мөнгө өгсөн байлаа.
Тэр хоол, хүнс, бусад зүйлс зарж буй лангуунуудыг тойруулан харав. Тэгтэл ямар нэг зүйл нүдэнд нь туслаа.
Тэнд нэг лангуун дээр түүний хамгийн дуртай хоёр амттан болох ирис, жигнэмэг байлаа. Тэр ээжийнхээ өгсөн мөнгө рүү харав. Нэг зуун седи их шүү дээ гэж тэр боджээ. Түүний дуртай амттан ердөө 10 седи байв. Зарим нь алга болсныг нагац ах анзаарахгүй байх.
Ананэ амттанаа худалдаж авав. Тэр амандаа ирисээ хийж, нагац ахынхаа гэр лүү цааш алхлаа.
Ананэг ирэхэд нагац ах нь гэрийнхээ гадаа зогсож байв.
“Энэ чинь бяцхан Ананэ биш үү! Нааш ир” гэж нагац ах нь хэлэв. “Чамд юугаар туслах вэ?” гэхэд нь
Ананэ “Би ээжийн өгсөн мөнгийг танд авчирлаа” гээд түүнд мөнгөө өгөөд, гараа халаасандаа буцааж хийв. Зарим мөнгө алга болсныг нагац ах нь анзаарах болов уу? Тэр нагац ахыгаа мөнгө тоолж байхыг нь харлаа.
“Үүнийг авчирсанд баярлалаа” гэж нагац ах нь хэлэв.
Нагац ах нь алга болсон мөнгийг анзаараагүйд Ананэ баяртай байлаа. Тэр баяртай гэж хэлээд, гэртээ харих урт замдаа гарав. Замдаа тэр ирис, жигнэмгээ идэж дууслаа.
Ананэг гэртээ ирэхэд “Нагац ахынх руугаа алхах зам хэр байв?” гэж ээж нь асуув.
Ананэ мөрөө хавчин, “Гоё байсан” гэв.
“Миний өмнөөс түүнд мөнгө аваачиж өгсөнд баярлалаа” гэж ээж нь хэлэв.
Ананэ газар ширтлээ. Тэр гэм буруутайгаа мэдэрч эхлэв. Аав ээж нь түүнийг мөнгө үрснийг мэдвэл яах вэ? Тэр тэдний итгэлийг алдахыг хүссэнгүй.
Маргааш өглөө ээж нь Ананэгээс ойролцоох дэлгүүрээс юм авч ирэхийг хүсэв. “Дэлгүүрээс юмаа авчхаад шууд гэртээ ирээрэй, за юу?” гэв.
“За” гээд Ананэ захаар дайран алхсан боловч юу ч авах гэж зогссонгүй. Тэр хөмсгөө зангидаад, Энэ удаад би ээжийнхээ хэлснийг яг хийнэ гэж бодов.
Тэр ажлаа дуусгангуутаа шууд гэр лүүгээ явлаа. Тэр үлдсэн бүх мөнгөө ээждээ өгөв.
Тэр ням гарагт Ананэ Хүүхдийн хэсгийн ангидаа очжээ. “Өглөөний мэнд! Өнөөдөр бид дуулгавартай байдлын тухай ярина. Бид эцэг эхийнхээ үгийг сонсож, зөв сонголтууд хийх нь чухал юм” гэж багш нь хэлэв.
Ананэ ирис, жигнэмэгт үрсэн мөнгөнийхөө тухай бодлоо. Түүний санаа ихэд зовов. Тэр буруу сонголт хийснээ мэдэж байлаа.
Сүмийн дараа Ананэ эцэг эхтэйгээ ярилцахыг хүсчээ. Түүний зүрх хүчтэй цохилж байлаа.
Ананэ: “Ээж, аав? Нагац ахад аваачиж өг гэсэн мөнгийг санаж байна уу? Би заримаар нь амттан аваад идчихсэн” гэлээ. Тэр газар ширтэн зогсоод “Намайг уучлаарай” гэлээ.
“Шударга байсанд баярлалаа. Би чамаар бахархаж байна” гэж аав нь хэлэв.
Ананэ инээмсэглэв. Тэр үнэнээ хэлсэндээ баяртай байлаа. Аав ээждээ хэлсний дараа түүнд сайхан санагдав. Тэр аль хэдийн илүү сайн сонголт хийсэн байлаа.
Зураг чимэглэлийг Алэксандар Золотич