2025
Сүүдэртэй болох шийдэл
2025 оны 5-р сар


Сүүдэртэй болох шийдэл

“Бид мод таривал ямар вэ?” гэж Кристал асуув.

Аргентинд болсон бодит түүх.

Хүү, охин хоёр цонхоор зүлэгтэй талбайг харж байгаа нь

“Хоёулаа хүрээлэн явъя, тэгэх үү?” гэж Иваны охин дүү Кристал асуув.

Иван гадагшаа хараад, “Тэгмээр л байна. “Гэхдээ нар жаргахыг хүлээх хэрэгтэй. Гадаа үнэхээр халуун байна” гэв.

Хүрээлэн гэдэг нь тэдний гэрийн ойролцоох зүлэгтэй том талбай юм. Тэд тэнд найзуудтайгаа хөөцөлдөх эсвэл нуугдаж тоглох дуртай байв. Гэвч хүрээлэнд тэднийг аагим халуунаас халхлах ямар ч сүүдэр байсангүй. Энэ зун энэ нь маш том асуудал байлаа.

Кристал хэсэг зуур чимээгүй байснаа “Хэдүүлээ тэнд мод таривал ямар вэ? Тэгвэл хүрээлэн сүүдэртэй болно. Тэгээд бид халуун байсан ч тоглож чадна!” гэлээ.

Иван инээмсэглээд, “Наад санаа чинь таалагдаж байна!” гэв.

Иван, Кристал хоёр Папад (аавдаа) төлөвлөгөөнийхөө тухай бүгдийг ярив. Папа “Би хотоос зөвшөөрөл хүсье” гэж хэллээ.

Хэдэн долоо хоногийн дараа тэд шаардлагатай зөвшөөрлөө авч, эхлэхэд бэлэн болов! Папа Иван, Кристал хоёрыг байшингийн ард ургасан том мод руу дагуулж очлоо. Модны доор хэдэн жижигхэн мод ургасан байв.

Ургаж байгаа жижиг моднууд

“Том мод цэцэглэх үед үр нь газарт унагадаг. Тэгээд тэрнээс нь жижиг модод ургадаг. Тэд байгалийн бяцхан гайхамшиг гэлтэй!” хэмээн Папа тайлбарлав.

Папа тэдэнд жижигхэн моддыг хэрхэн болгоомжтойгоор ухахыг зааж өглөө. Иван, Кристал хоёр тэдгээрийг цэцгийн саванд зөөлхөн суулгав.

Мод тарьж буй гэр бүл

Нэгэн бямба гаргийн үдээс хойш, нар үүлний цаагуур орсны дараа Иван, Кристал хоёр жижигхэн моддыг тэргэнд ачжээ. Тэд үүнийг аажуухнаар түрэн хүрээлэнд аваачив. Иваны дүү нар хувинтай ус зөөж өгөхөд тусалжээ. Мама, Папа хоёр хэдэн хүрз авчирлаа.

Тэд хамтдаа мод болгоныг тарих газрыг сонгов. Тэд нүх ухаж, мод болгоныг хайраар суулгалаа. Мама тэдэнд модыг услахын тулд тойруулан хонхорхой ухахыг зааж өгөв. Тэр “Модыг бат бөх ургуулахын тулд нарны гэрэл, ус, олон янзын тэжээл хэрэгтэй болдог. Яг л хүүхдүүд шиг!” гэв.

Иван гэрийнхээ арын модыг бодон, эдгээр мод хэзээ нэгэн цагт ямархуу харагдахыг төсөөлөв. “Чи итгэж байна уу? Хэзээ нэгэн цагт энэ модод биднээс өндөр болно!” гэлээ.

Хавар энэ модод гоё ягаан цэцэгсээрээ хүн бүрийг гайхшируулах болно. Зун тэдний сүүдэр хүрээлэн даяар тусах болно. Харин намар навчнууд нь газрыг шар хивс шиг болгон хучих болно.

Иван, Кристал хоёр моддыг шалгахаар өдөр бүр хүрээлэнд очдог боллоо. Тэд мод болгоныг хангалттай усалж байгаа эсэхийг шалгадаг байлаа. Тэд шинээр навч, мөчир соёолох бүрд маш ихээр бахархав. Тэдний шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгсөн аж!

Иван хэзээ нэгэн цагт бүх хүн хүрээлэнгийн сүүдэрт баясна гэж бодохоор баяртай байлаа. Тэр Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд зориулж энэ дэлхийг илүү үзэсгэлэнтэй газар болгоход тусалсан билээ.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Коллийн МакКион