2025
Тийм ч төгс биш
2025 оны 5-р сар


Тийм ч төгс биш

Адэлины төгс өдөр албан ёсоор дууслаа!

Францад болсон бодит түүх

Сайн, муу сонголтуудынхаа тухай бодож байгаа охин

Адэлин цаасан дээр хамгийн сүүлийн чагтны дөрвөлжинг зурж дууслаа. Хажууд нь тэрээр Өглөө, орой залбирах гэж бичсэн байв.

“Энэ юу вэ?” гэж ээж нь асуухад,

“Би маргаашдаа зориулж жагсаалт гаргаж байна. Би маргааш төгс өдрийг өнгөрүүлэх болно!” гэж Адэлин хэллээ.

Ээж нь хөмсгөө өргөөд, “Тийм үү?” гэв.

Адэлин толгой дохиод, “Бид Хүүхдийн хэсэгт Христээр төгөлдөржих талаар сурсан. Би маш сайн байж, өдрүүдийг төгс өнгөрөөх болно” гэлээ.

“Чамайг зөв сонголт хийхийг хүсэж байгаад баяртай байна. Гэхдээ дэлхий дээр ганц л хүн төгс байсныг чи мэдэж байгаа байх. Тэр хүн бол Есүс Христ” гэж ээж нь хэлэв.

Адэлин санаа алдан, “Мэднэ ээ. Гэхдээ би оролдож үзэхийг үнэхээр хүсэж байна! Би үүнийг хийж чадах байх аа” гэж хэллээ.

Өглөө болоход Адэлин бэлэн болсон байв. Тэр ороо засаад, өглөөний залбирлаа хэлэв.

Өглөөний цайны үеэр тэр дүү Силвиагаа хооллоход туслав. Силвиа тоор жимсээ сандлаар нэг асгахад Адэлин гүнзгий амьсгаа авав. Тэр дөрөв хүртэл тоолоод, цэвэрлэж туслав.

Адэлин сургууль дээрээ тусламж хэрэгтэй хүмүүсийг хайлаа. Лукас шагайгаа булгалсан байсан болохоор тэр үдийн хоолны тавгийг нь зөөж өгөв.

Адэлин хичээлээ тарах үедээ сургуулийн хаалгыг онгойлгож байсан эмэгтэй рүү нүүр дүүрэн инээмсэглэлээ. Тэр эмэгтэй ихэвчлэн ууртай харагддаг байв. Харин өнөөдөр тэр хариуд нь инээмсэглэв!

Хичээлийн дараа Адэлин Силвиад тоглох дуртай чихмэлээ өгчээ. Тэгээд тэр унтахынхаа өмнө залбирав. Тэр жагсаалт дээрх зүйлсээ тэмдэглээд, хөнжилдөө тухлав. Тэр маш их бахархаж, бас маш их ядарсан байлаа. Тэр маргааш дахиад нэг төгс өдөрт бэлэн байлаа!

Маргааш нь Адэлиныг сэрэхэд хүүхэлдэйнүүд нь бүгдээрээ шалаар нэг тарсан байв. Силвиа нэгийг нь бариад хөхөж байв. Тэр бүгдийг нь татаж унагасан байх!

“Силвиа!” гэж Адэлин хашгираад, “Би чамд миний хүүхэлдэйнүүдэд битгий хүр гэж хэлсэн шүү дээ!” гэв. Тэр Силвиагийн барьж байсан хүүхэлдэйг шүүрэн авав. Силвиа уйлж, зугтав.

Адэлин хаалган дээр наасан жагсаалт руугаа харав. Түүний дотор палхийгээд явчихав.

Адэлины хацрыг даган нулимс урсах тэр мөчид ээж нь орж ирэв.

Ээж нь охиноо тайтгаруулж байгаа нь

“Юу болсон бэ?” гэж ээж нь асуухад,

“Би залбирахаа мартсан. Би ороо засаагүй” гээд Адэлины хоолой чичрэв. “Би бас Силвиад муухай хандсан. Миний төгс өдөр ингээд дууслаа!” гэв.

Ээж нь Адэлиныг тэврээд, “Үргэлж төгс байх нь маш хэцүү. Үнэндээ энэ нь боломжгүй зүйл шүү дээ” гэхэд

Адэлин хөмсгөө зангидаад, “Тэгвэл би яаж Христээр төгөлдөржиж чадах юм бэ?” гэв.

Ээж нь: “Энэ чинь л шүү дээ! Бид Есүс Христгүйгээр төгс болж чадахгүй. Тэнгэрлэг Эцэг биднийг алдаа гаргана гэдгийг мөн бидэнд тусламж хэрэгтэй гэдгийг мэдэж байсан учраас Тэр бидний төлөө Өөрийн амийг өгсөн юм. Есүс бидний төгс бус оролдлогыг авч илүү сайн болгодог юм” гэжээ.

Адэлин бодож байснаа, “Тэгэхээр би өдөр бүр төгс өдрийг өнгөрүүлж чадахгүй гэсэн үг үү?” гэж тэр асуув.

Ээж нь толгойгоо сэгсрээд, “Үгүй ээ. Чамд хэцүү өдрүүд тохиолдох болно. Гэхдээ чамд бас сайхан өдрүүд ч байх болно” гэв. Ээж нь Адэлины үсийг чихнийх нь ардуур хийгээд, “Чи чадах бүхнээ хийж байгаа нь л хамгийн чухал. Бидний өдөр буруу сонголтоор эхэлсэн ч гэсэн бид хэзээд наманчилж, дахин хичээж, залбирч чадна. Есүс Христийн тусламжтай чи хангалттай байх болно” гэв.

Адэлин зүрх сэтгэлдээ халуун дулааныг мэдрэв.

“Одоо жагсаалтаа хар даа. Бид нэг зүйл дээр л анхаарлаа төвлөрүүлбэл ямар вэ?” гээд ээж нь жагсаалт руу нь заав.

Өвдөг сөгдөн залбирч буй охин

Адэлин жагсаалтаа харлаа. Тэр цаасны нэг хэсгийг таслан аваад, үлдсэн хэсгийг нь хаалган дээрээ наав. Үлдсэн хэсэг дээрх нэг зүйл нь Өглөө, орой залбирах гэсэн байв.

Адэлин инээмсэглээд, “Миний өдөр төгс эхлээгүй байж болох ч би одоо ч гэсэн залбирч болно. Есүс Христийн тусламжтайгаар энэ нь хангалттай байх болно!” гэв.

PDF хуудас

Зургийг Жованни Абэйлл