2025
Жамэсигийн очсон шинэ сүм
2025 оны 5-р сар


Жамэсигийн очсон шинэ сүм

Жамэси энд нөгөө сүмд байдгаас өөр мэдрэмж авав.

Фижид болсон бодит түүх

Жамэси гэр бүлийнхээ гахай тэжээдэг жижигхэн хашаа руу очив. Тэр “Май, гахайнууд аа” гээд хоол шидэхэд гахайнууд баяртайгаар шуухиналдав.

Дараа нь Жамэси цэвэр усны савнуудаа гадаах цорго руу аваачлаа. Тэр цоргыг нээж, саванд хүйтэн ус цутгав. Тэр өдөр бүр гахайнуудаа хооллож, ус авчирч өгөн гэр бүлдээ тусалдаг.

Ээж нь “Жамэси! Сүмд явахад бэлэн үү?” гэж дуудав.

Жамэси усны цоргыг хаагаад, хамгийн сүүлийн хүнд савыг дотогш оруулаад “Бэлэн!” гэв.

Ням гараг бүр Жамэсигийн гэр бүл хотынхоо нэгэн Христийн сүмд явдаг байв. Тэр Есүс Христийн тухай сурах дуртай байлаа.

Удалгүй Жамэси, эмэгтэй дүү нар болох Унайси, Марама болон гэр бүлийнхээ бусад гишүүнтэй хамт сүм рүү алхаж явлаа. Гудамжинд хэдэн эзэнгүй тахиа донгодно.

Сүмийн барилгын өмнө зогсож буй гэр бүл

Гэвч тэднийг тэнд очиход хаалга хаалттай байв. “Пастор өөр тийшээ явчихсан болохоор сүм энэ болон ирэх долоо хоногт хаалттай байгааг би мартсан байна” гэж аав нь хэлэв.

“Өөр очиж болох сүм байгаа болов уу?” гэж Жамэси асуув. Тэр энэ долоо хоногт сүмд явахгүй гэдэгтээ гунигтай байлаа.

Аав нь хэсэг бодолхийлснээ, “Байгаа. Нэг сүм мэдэх юм байна” гэлээ.

Жамэси гэрийнхэнтэйгээ хамт аавыгаа дагаад гэр лүүгээ буцлаа. Тэд голын эрэг дээрх жижигхэн модон завиндаа суув. Аав нь мотороо асаахаар арын суудалд суулаа.

Гэр бүлээрээ жижиг завиар гол уруудан явж байгаа нь

Завь голыг уруудан хүнгэнэв. Жамэси өндөр ногоон моддын дунд нуугдсан шувуудыг ажив. Ойролцоогоор 15 минутын дараа тэд нэгэн жижигхэн сүм харав. Уг сүм “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” гэсэн хаягтай байлаа.

“Миний бодож байсан сүм энэ байна” гэж аав нь хэлэв. Тэр завиа эрэг рүү аваачихад, бүгд завинаас буулаа. Цуглааны байрнаас хөгжим дуугарахыг тэд сонсов.

Жамэси дотогш орж, аав ээж, дүү нартайгаа хамт суужээ. Тэд үг хэлэгчдийг болон дуу дуулахыг сонсож байлаа. Жамэси дотроо дулаан, аз жаргалтай мэдрэмж мэдрэв.

Цуглаан дуусмагц нэгэн эелдэг эмэгтэй тэдэнтэй ярилцахаар хүрч ирлээ. Тэр “Хүүхдүүдэд зориулсан тусгай анги бий. Үүнийг Хүүхдийн хэсэг гэж нэрлэдэг. Та нар орох уу?” гэв.

Жамэси дүү нар луугаа харлаа. Тэр хэнийг ч танихгүй ангид орно гэдэгтээ бага зэрэг сандарч байлаа! Ядаж л дүү нар нь хамт байгаа болохоор хөгжилтэй ч байх юм бил үү.

“Тэгье ээ!

Явцгаая!” гэж Жамэси хэлэв. Марама сэтгэл нь догдолсон харагдав.

Жамэси дүү нартайгаа өнөөх эмэгтэйг даган анги руу оров. Тэнд жижиг сандал дээр суугаад ярилцаж, инээлдсэн олон хүүхэд байлаа. Жамэсиг суухад тэд түүн рүү инээмсэглэн харав. Хүн бүр их эелдэг байлаа.

Тэд дуу дуулж, хүүхдүүд Жамэсид болон дүү нарт нь дууны үгийг сурахад тусалжээ. Дараа нь тэд Есүс Христийн талаар хичээл заалгав. Жамэси энд нөгөө сүмд байдгаас өөр мэдрэмж авав. Өөр гэдэг нь сайхан байсан хэрэг аж.

Сүмийн урд зогсож байгаа аз жаргалтай гэр бүл

Сүм тарсны дараа Жамэсигийн гэр бүл гэртээ харихаар завиндаа суув. Жамэси сүмийн байрны гаднах хаягийг дахин харлаа. Үүн дээр Есүс Христийн нэр байв. Тэгэхээр энэ сүм Есүс Христийн сүм байх нь! Жамэси Есүсийг дагахыг хүслээ.

“Бид дараа долоо хоногт дахиад ирж болох уу?” гэж Жамэси асуулаа.

Аав, ээж хоёр нь инээмсэглээд, “Бид ч гэсэн тэгэж бодож байлаа” гэж ээж нь хэлэв.

“Тийм ээ!” гэж Унайси баярлан хашгирлаа.

Жамэси баярлан мишээв. Тэд ямар нэгэн онцгой зүйл олсныг тэр мэдэж байв. Тэр илүү ихийг мэдэхийг тэсэн ядан хүлээж байлаа.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Бэтани Станклифф