Газар бүрийн анхдагчид
Яг л тэнгэр шиг
“Чи сүмд очмоор байна уу?” гэж нагац ах Реза асуув.
Энэтхэг, Канадад болсон бодит түүх.
Тахира сүүлчийн цамцаа эвхэж дуусаад чемодандаа хийв. Тэр зуны амралтаа Канадад нагац ах, эгчийндээ өнгөрүүлэхээр аяллын бэлтгэлээ базааж байлаа. Тэр догдолж байсан ч бага зэрэг санаа зовниж байв. Канад Энэтхэг дэх гэрээс нь алс хол байлаа.
“Бүх зүйлээ авсан уу?” гэж ээж нь асуув.
Тахира “Тэгсэн байх аа” гээд чемоданаа хаав.
“Чи цагийг сайхан өнгөрөөх болно. Нагац ах Реза, Мисү эгч хоёрыгоо миний өмнөөс чанга тэврээрэй” гэж ээж нь хэлэв.
Тахира Канадад онгоцноос буугаад нагац ах Реза, Мисү эгч хоёроо чанга тэврээд, “Энэ ээжийн тэврэлт шүү” гэлээ.
Тэд дараагийн хэдэн өдрийг хот болон ойролцоох газруудыг үзэж өнгөрөөв. Тэр анх удаа тоглоомын паркад очиж, Ниагара хүрхрээг үзжээ. Энэ нь үнэхээр хөгжилтэй байлаа.
Бямба гаргийн үдээс хойш Тахира оройн хоолонд тахианы махтай махани хийхэд тусалжээ. Хоолоо идсэнийхээ дараа нагац ах Реза түүнээс нэг юм асуув.
Тэр “Чи маргааш бидэнтэй хамт сүмд очих уу? Бид нэг Христийн сүмд явдаг юм. Тэнд бид Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай сурдаг” гэв.
“Тэгье ээ” гэж Тахира хариулав. Аав, ээж хоёр нь өөр шашинд итгэдэг ч Тахира Энэтхэгт Христийн шашны, дотуур байртай сургуульд сурдаг байжээ. Шинэ сүмд явах нь тийм ч өөр санагдахгүй байх.
Маргааш нь Тахира нагац эгчийнхээ өгсөн даашинзыг өмсөв. Тэднийг цуглааны байранд ирж дотогш ороход бүгд дуулж байлаа. Тахира зогсоод, бүх хүнийг ширтэн харав. Тэнд хүүхдүүдтэйгээ хамт суусан аав, ээж нар байлаа. Хүн бүр аз жаргалтай харагдав. Дуулж байгаа нь үнэхээр сайхан байлаа.
Энэ яг л тэнгэр шиг юм гэж Тахира бодов.
Тахира нагац ах Реза, Мису эгч хоёртойгоо хамт сандалд суув. Тэр талх, устай тавиур дамжуулж байхыг харлаа. Тэр Есүс Христийн талаар ярих үг хэлэгчдийг сонсов. Тэгээд тэр дахиад дуу дуулахыг сонслоо. Сүүлчийн дуу нь гэр бүлүүд үүрд хамт байх тухай байлаа. Дууны үгсээс мэдэрсэн зүйл нь түүнд таалагдав.
Сүүлчийн залбирлын дараа Тахира нагац ах Реза руугаа хараад “Үүрд хамт байна гэдэг нь юу гэсэн утгатай юм бэ? гэж асуув.
Нагац ах Реза инээмсэглээд, “Бид Есүс Христийг дагаж, Бурханд амлалт өгч, амлалтаа биелүүлбэл хэзээ нэгэн цагт гэр бүлээрээ хамтдаа тэнгэрт амьдарна гэдэгт итгэдэг юм” гэв.
Тахирагийн толгойноос хөлийн хуруу хүртэл халуун дулаан мэдрэмж мэдрэгдэв. Гэр бүлтэйгээ үүрд хамт байна гэдэг нь түүнд таалагдлаа.
Сүмийн дараа Тахира гоё дуу хөгжмийн талаар бодсоор байв. Тэр Есүс Христийн тухай, бас мөнхийн гэр бүлүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байлаа. Тэр номлогчидтой уулзахаар шийджээ. Долоо хоногууд өнгөрөх тусам Тахира сайн мэдээ үнэн гэдгийг улам бүр мэдэж авсаар байлаа.
Тахира сурч мэдсэн зүйлийнхээ талаар хэлэхээр аав, ээж рүүгээ утасджээ. Тэгээд тэднээс нэг чухал асуулт асуув. “Би баптисм хүртэж болох уу?” гэхэд тэд “Тийм ээ” гэлээ.
Баптисмынхаа өдөр Тахира, нагац ах Реза, Мисү эгчтэйгээ “Би Бурханы хүүхэд” дууг дуулжээ. Тэд хинди хэлээр дуулахын тулд нагац ах Реза үүнийг орчуулсан байлаа. Хинди бол түүний Энэтхэгт гэртээ ярьдаг хэл юм.
Тахира дуулж байхдаа зүрх сэтгэлдээ халуун дулаан мэдрэмж мэдэрчээ. Энэ яг л тэнгэр шиг санагджээ. Тахира Тэнгэрлэг Эцэгт өгсөн амлалтаа биелүүлэх юм бол Есүс Христийн ачаар хэзээ нэгэн өдөр Тэдэнтэй дахин хамт амьдарч чадна гэдгээ мэдэж байв.
Зураг чимэглэлийг Эката Мандал