2024
Хүүхдийн хэсэгт хэтэрхий томдоод байна
2024 оны 11-р сар


“Хүүхдийн хэсэгт хэтэрхий томдоод байна уу?” Найз, 2024 оны 11-р сар, 40–41.

Хүүхдийн хэсэгт хэтэрхий томдоод байна уу?

Гифт Залуу эмэгтэйчүүдийн анги руу шилжин орох юм сан гэж хүсэж байлаа.

Энэ түүх Нигерт болсон.

Балчир хүүхдүүд дунд буй охин

Гифтийн Хүүхдийн хэсгийн удирдагч Агбор эгч “Хүүхдийн хэсэгт тавтай морил!” гэж мэндчилээд ангийн үүдэнд зогсож байлаа. “Өнөөдөр бид ‘Бие биенээ хайрлаач‘ дууг сурах болно.”

Хөгжим эхэлж, хүүхдүүд дуулахад бэлэн боллоо. Харин Гифт энэ дууг аль хэдийн мэдэж байв. Тэр үүнийг зуун удаа дуулсан байх! Өнөөдөр тэрээр энэ дууг дуулмааргүй санагджээ.

Гифт Хүүхдийн хэсгээс залхсан байлаа. Тэр бусад бүх хүүхдээс эгчмэд, өндөр, том биетэй байв. Түүний сүмийн найзууд бүгд Залуу эмэгтэйчүүдийн анги руу дэвшсэн байлаа. Тэр Залуу эмэгтэйчүүдийн анги, үйл ажиллагаануудад тэдэнтэй хамт оролцохын тулд бараг бүтэн жил хүлээх хэрэгтэй.

Бусад хүүхэд дуулах үед Гифт чимээгүй байлаа. Тэр дууны зарим үгийг амандаа бувтнан хэлж байсан ч үнэндээ юм бодоод завгүй байв.

Дараа нь түүнд нэг санаа төрөв. Хэрэв бишоптой ярилцвал тэр түүнийг найзуудтай нь хамт байлгахаар Залуу эмэгтэйчүүдийн ангид эрт оруулж магадгүй юм.

Сүм тараад Гифт бишоп Ахомбиг олж уулзав. “Сайн уу, бишоп оо? “Хүүхдийн хэсэгт суухаа болих хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Би бусад бүх хүүхдээс том бас эгч. Оронд нь би Залуу эмэгтэйчүүдийн ангид явж болох уу?” гэж асуулаа.

Бишоп Ахомби инээмсэглэн “Залуу эмэгтэйчүүд рүү дэвших нь сэтгэл хөдөлгөм зүйл гэдгийг би мэднэ. Гэхдээ чи 12 нас хүрэх жилээ л явж эхэлнэ шүү дээ. Уучлаарай” гэв.

Гифт гутал руугаа доош харан “За” гэв.

“Хүүхдийн хэсэгт чи байгаа нь аз шүү. Балчир хүүхдүүд чамайг их биширдэг гэж би боддог. Чи тэдэнд том өөрчлөлт авчирч чадна” гэж бишоп хэлэв.

Гифт өдрийн турш гунигтай байлаа. Бүтэн жилийг Хүүхдийн хэсэгт ганцаардан өнгөрөөнө гэдэг урт санагдав.

Харин дараа нь тэр бишоп Ахомбигийн хэлсэн зүйлийн талаар илүү сайн бодов. Бусад хүүхэд түүнийг үнэхээр биширдэг болов уу? Тэр үүнийг өмнө нь огт анзаарч байгаагүй юм.

Дараагийн долоо хоногт Гифт найзууд Залуу эмэгтэйчүүдийн анги руу орох үед баяртай гээд тэдэн рүү даллав. Тэр санаа алдаад Хүүхдийн хэсэг рүү алхлаа.

Агбор эгч: “Гифт ээ, энэ долоо хоногийн дууг заахад чи надад туслах уу?” гэж асуув.

Гифт: “Аан, болно оо” “Бид ямар дуу сурах вэ?” гэв.

Агбор эгч: “‘Би Бурханы хүүхэд дууг сурна. Тусалж байгаад баярлалаа! Хүүхдүүд чамаас суралцахдаа баяртай байна байх аа” гэлээ.

Дуулах цаг эхлэхэд Гифт ангийнхны өмнө гарч зогсов. “Өнөөдөр би та нарт өөрийнхөө дуртай дуунуудын нэгийг зааж өгнө” гэж тэр хэлэв. Тэр хүүхдүүдэд дууны үгийг сурахад туслав. Дараа нь тэр тэдэнтэй хамт дууллаа. Тэднийг дуулж байхад Гифтийн сэтгэлд халуун дулаан, аз жаргалтай мэдрэмж төрөв. Тэр Ариун Сүнсийг мэдэрч байгаагаа мэдэж байлаа.

Нэг л мэдэхэд Хүүхдийн хэсгийн хичээл дуусах цаг болжээ! Хаалтын залбирлын дараа Гифт танхим руу алхав. Тэр Залуу эмэгтэйчүүдийн ангиас гарч ирэх найзуудтайгаа мэндлэхийг хүсжээ.

Гэтэл нэг бяцхан охин түүнийг замд нь зогсоов. “Бидэнтэй хамт дуулсанд баярлалаа!” гээд тэр Гифтийг тэврэн “Би том болоод тан шиг болмоор байна” гэж хэлэв.

Гифт инээмсэглэлээ. Тэр Залуу эмэгтэйчүүдийн анги руу дэвшихийг тэсэн ядан хүлээж байгаа ч ирэх жил хурдан өнгөрнө гэдэгт найдаж байгаа. Тэр Хүүхдийн хэсэгт үргэлжлүүлэн сайхан зүйлсийг сурч, сайн үйл хийж чадна гэдгээ мэдсэн юм.

Бишоп Ахомбигийн зөв байх. Тэр магадгүй өөрчлөлт авчирч чадна.

PDF

Зураг чимэглэлийг Симини Блокэр

  1. Хүүхдийн дууны ном (155)

  2. Хүүхдийн дууны ном (2)