2024
Би төгс байх ёстой юу?
2024 оны 11-р сар


“Би төгс байх ёстой юу?” Найз, 2024 оны 11-р сар, 36-37.

Би төгс байх ёстой юу?

Хэнри ариун сүмд орохыг хүссэн ч хэтэрхий олон алдаа гаргасан юм шиг санагдав.

Энэ түүх Арубад болсон.

Хэнри Хүүхдийн хэсгийн анги руу удаан гэгч нь алхан оров. Тэр суудалдаа хүрэхэд сандарсандаа хөл нь чичирч байлаа.

Багш нь болох Расс ах түүн рүү инээмсэглэн, “Ариун сүмийн талаар ярихдаа бэлэн үү?” гэж асуухад

“Тийм ээ” гэж Хэнри хариулав.

Би яагаад ингээд хэлчхэв ээ? хэмээн сууж байхдаа бодлогошров. Тэр бэлэн биш байлаа. Огтоос үгүй байв.

Хэнригийн ангийнхан “Би ариун сүм харах дуртай дууг сурч байлаа. Багш нь ангийнхнаас ариун сүмд орох тухай ярихыг хүссэн байв.

Гэвч Хэнри гунигтай байлаа. Тэр том болоод ариун сүмд орохыг хүсдэг ч хэтэрхий олон алдаа гаргасан юм шиг түүнд санагдаж байв.

Хэнригийн найзууд нэг нэгээрээ босоод хэзээ нэгэн өдөр ариун сүмд орох тухайгаа баяртайгаар, сэтгэл догдлон ярив. Хэнрид улам хэцүү санагдав.

Дараа нь тэдний дуулах цаг болов. Хэнри ангийнхантайгаа “Бага байхдаа би өөрийгөө бэлтгэнэ; энэ миний нандин үүрэг” хэмээн дууллаа.

Би маш олон алдаа гаргасан атлаа ариун сүмд ороход яаж бэлтгэх вэ? хэмээн Хэнри бодов. Тэр сандал руугаа шигдэн суув.

Дуу дуусахад Расс ах ойртон бөхийгөөд “Чи зүгээр үү?” гэж асуув.

Ариун сүмийн тухай бодож байгаа хүү

Хэнри доош гар луугаа ширтэв. Тэгээд тэр “Би ариун сүмд ормоор байгаа ч зохисгүй байх вий гэхээс айж байна” гэж аяархан хэллээ. Тэр уртаар амьсгаа аваад, “Би гэр бүлтэйгээ үргэлж эвтэй байж чаддаггүй. Бас надад даалгасан гэрийн ажлыг хийхээ мартчихдаг. Би хэтэрхий олон алдаа гаргадаг. Би үнэхээр төгс байх ёстой юу?” гэж асуув.

Расс ах зөөлнөөр инээмсэглээд, “Ариун сүмд орохуйц зохистой байна гэдэг нь төгс байх ёстой гэсэн үг биш. Бид Есүс Христэд итгэж, зарлигуудыг нь дагахыг чин сэтгэлээсээ хичээснээр зохистой байж чадна. Бид бүгд алдаа гаргадаг ч наманчилж, дахин цэвэр ариун болж чадна” гэлээ.

Хэнри өндийн суув.

“Тэнгэрлэг Эцэг сайн байхыг хичээж байгаа чамаар бахархдаг гэдэгт би итгэлтэй байна” гэж Расс ах хэллээ.

Хэнри тэр долоо хоногт хийсэн зарим сайн үйлийнхээ тухай боджээ. Тэр ээжтэйгээ хамт оройн хоол хийж, дүүдээ гэрийн даалгавраа хийхэд нь тусалж, сургууль дээрээ шинээр шилжиж ирсэн хүүтэй мэндэлсэн.

Хэнригийн толгойд байсан санаа зовнилууд бага багаар арилж эхлэв. Ариун Сүнс түүнд амар тайвныг мэдрэхэд нь тусалж байгааг тэр мэджээ.

Ариун сүмд орохоор баярлаж буй хүү

Хэнригийн хуваалцах ээлж ирэхэд тэр инээмсэглэн, босов. “Би хэзээ нэгэн өдөр ариун сүмд орохын тулд үргэлжлүүлэн наманчилж, Есүс Христтэй илүү адилхан болохыг хүсэж байна” гэж тэр хэллээ.

Хэнри хуваалцаж дуусаад суухдаа баяртай байлаа. Нэг л өдөр тэр ариун сүм дотор Бурхантай ариун гэрээнүүдийг байгуулах боломжтой болно. Тэр бэлтгэхийн тулд бүх чадлаараа хичээхийг хүссэн!

PDF

Зураг чимэглэлийг Гэйл Армстронг

  • Хүүхдийн дууны ном, 99.