2024
Маяаг гэрэлтүүлдэг судар
2024 оны 11-р сар


“Маяаг гэрэлтүүлдэг судар” Найз, 2024 оны 11-р сар, 14-15.

Маяаг гэрэлтүүлдэг судар

“Надад дуртай судар байгаа эсэхийг би мэдэхгүй байна” гэж Маяа хэлэв.

Энэ түүх Словенид болсон.

Маяа гэрийнхээ шатан дээр суугаад шанаагаа тулав. Нар хурцаар ээж, агаарт шүргэлэх моддын дундуур туяа нь гялалзан тусаж байв. Шинэхэн нахиалсан нарс модны үнэр сэнгэнэв.

Ээж нь гарч ирээд Маяагийн хажууд суугаад, “Чи юу бодож байгаа юм бэ?” гэж асуув.

“Би Хүүхдийн хэсэг дээр дуртай судраа хуваалцах ёстой. Гэхдээ надад дуртай судар байхгүй. Алийг нь сонгохоо ч мэдэхгүй байна” гэж Маяа хэлэв.

Ээж нь толгой дохин, “Дуртай судар сонгох ч хэцүү шүү” гээд мод руу хараад босож зогсов. “Надад нэг санаа төрлөө” гээд

ээж нь дотогш ороод, судраа гартаа барьсаар гарч ирлээ. “Түүхээс эхэлцгээе. Чи судрын ямар түүхэнд дуртай вэ?”

Мормоны Номыг уншиж байгаа ээж, охин хоёр

Маяа бодож байгаад, “Есүс нифайчууд дээр айлчилсан түүх надад таалагддаг” гэв.

Ээж нь Мормоны Номын хуудаснуудыг хурдан эргүүллээ. Тэр “Энэ түүх 3 Нифайгаас эхэлдэг” гээд хуудас руу заан, “Хоёулаа ээлжилж уншаад, дуртай шүлгүүдээ сонгож авцгаая” гэлээ.

Маяа толгой дохин, ээжийнхээ уншихыг сонсов. Есүс Христ шавь нараа дуудаж байгаа тухай ээж нь уншив. Бас амар тайвныг тогтоогчид болон залбирлын тухай уншлаа.

Тэгээд Маяагийн ээлж ирэв. Тэр нэг шүлгийг уншиж дуусгаад, түр зогсов. Түүний зүрх сэтгэлд нар мандаж, дотор нь гэрлээр дүүрч байгаа юм шиг санагдав.

Судар уншиж буй охин

Маяа ээж рүүгээ хараад, “Надад энэ судар таалагдаж байна” гэж хэлэв.

“Надад ч бас. Чамд энэ шүлгээс юу нь таалагдсан бэ?” гэж ээж нь асуулаа.

Маяа мөрөө хавчин нүүрэндээ инээмсэглэл тодруулан, “Есүсийн тухай гарсан учраас, бас надад аз жаргалыг мэдрүүлж байгаа болохоор” гэж хариулав.

Ээж нь хариу инээмсэглэн “Дуртай судраа олсноо мэдэх сайхан арга байна. Чи үүнийг Хүүхдийн хэсэгтээ хуваалцмаар байна уу?” гэлээ.

Маяа баяртайгаар толгой дохив. “Та сурахад минь туслах уу?”

“Мэдээж!” гэж ээж нь хэллээ.

Маяа ээжтэйгээ үг бүрээр нь дадлага хийв. Тэднийг дадлага хийж байх үед шувууд ч бас даган сурч байгаа юм шиг модон дээр жиргэж байлаа.

Маяа долоо хоногийн турш дуртай судраа давтсаар байв. Ням гаргийн өглөө болоход тэр бага зэрэг сандрав. Сүм рүү хүрэх урт замдаа судраа давтсаар явав.

Хүүхдийн хэсэгт цөөхөн хүүхэд ирсэн байлаа. Гэхдээ Маяа ангид орж ирээд, маш ихээр түгшин сандрав.

Хуваалцах ээлж нь ирэхэд Маяа босож зогсоод гүнзгий амьсгаа авлаа. “Болгоогтун, би бол хууль, мөн гэрэл. Надад хандагтун, мөн эцсээ хүртэл тэвчигтүн, мөн та нар амьдрах болно; учир нь эцсээ хүртэл тэвчсэн түүнд би мөнх амьдрал өгөх болно”

гэж Маяа хэлж дуусаад, суудалдаа суун инээмсэглэв. Тэр чадлаа! Сандрал нь арилж, дулаахан, гэрэл гэгээтэй мэдрэмж эргэн ирлээ. Дуртай судар нь хэрэгтэй үед тэрхүү мэдрэмжийг авчирна гэдгийг тэр мэдэж байлаа.

PDF

Зураг чимэглэлийг Клөүи Доминик