“Онцгой чуулган,” Найз, 2024 оны 11-р сар, 8–9.
Онцгой чуулган
Ерөнхийлөгч Нэлсоны хэлснээр бусдад туслах нь түүнийг аз жаргалтай болгож магадгүй.
Энэ түүх Индонезид болсон.
“Амина, наадах чинь минийх!” гэж Индира хашхирав. Тэр хүүхэлдэйг охин дүүгээсээ булаан авлаа.
“Охид оо, би явлаа. Аавынхаа үгэнд ороорой” гэж ээж нь хэлэв.
Индира ээж рүүгээ хараад, Та хаашаа явах гэж байгаа юм бэ?” гэж асуулаа.
“Дэлгүүр рүү. Би маргааш онцгой хоол хийх учраас хүнс худалдан авахаар явж байна” гэж хэлээд, ээж нь баяртай гээд даллав.
Онцгой хоол оо? Яагаад? Индира аав дээрээ очоод, “Аав, маргааш яагаад онцгой юм бэ?” гэж асуув.
Аав нь инээмсэглэн, “Маргааш бид Ерөнхий чуулган үзнэ! Бошиглогчийн бас Сүмийн бусад удирдагчийн үгийг сонсдог учраас энэ нь онцгой байхгүй юу. Тэнгэрлэг Эцэгийн бидэнд мэдүүлэхийг хүсдэг зүйлсийг тэд бидэнд хэлж өгнө” гэв.
Ээж нь гэртээ ирээд хүнсээ далд хийв. Аав нь шалаа шүүрдэв.
“Индира, чи Аминад маргаашийнхаа хувцсыг бэлдэхэд нь тусалж чадах уу?” гэж ээж нь асуухад
тэр хөмсгөө зангидан, “Би яагаад түүнд туслах ёстой юм бэ?” гэв.
Ээж нь: “Миний асуусан зүйлийг хий л дээ” гэлээ.
Индира дурамжхан, хөлөө зөөж ядсаар Аминад туслахаар очив.
Маргааш өглөө нь хоолны сайхан үнэрээр Индира сэрэв. Тэр орноосоо үсрэн босоод, гал тогооны өрөө рүү харайлгав. Ээж нь үдийн хоолонд үхрийн махан рэнданг бас сатай хийсэн байв! Маш амттай харагдаж байлаа.
Удалгүй Ерөнхий чуулган эхлэв. Индира гэрийнхэнтэйгээ хамт зурагтаар чуулганаа үзэхээр суулаа. Тэр найрал дуучдын дуулахыг, ариун сүм, судар, Есүс Христийн тухай хүмүүсийн ярихыг сонсов.
Хамгийн сүүлд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үг хэлэв. Тэрээр Сүм дэлхий даяарх хүмүүст хэрхэн тусалдаг тухай ярьжээ.
“Бид ах, эгч, дүү нартаа тусалснаар хамгийн агуу баяр баясгаланг хүлээн авдаг” гэж тэр хэлэв.
Индира энэ тухай бодлоо. Бусдад тусалснаар тэр жаргалтай болж байсан уу? Тэр үргэлжлүүлэн сонслоо. Хоёр дахь агуу зарлигийн дагуу амьдрах нь бидэнд Есүс Христтэй адил байхад тусална гэж ерөнхийлөгч Нэлсон хэлжээ.
Чуулганаа үзэж дуусаад тэд ээжийнхээ хийсэн өдрийн хоолыг идэв. Индира бошиглогчийн хэлсэн үгийг бодсоор байлаа.
“Хоёр дахь агуу зарлиг гэж юу юм бэ?” гэж тэр асуув.
“Чи хөршөө өөрийн адил хайрла” гэж аав нь хэлж өгөв.
Индира Сүм дэлхий даяарх хүмүүст хэрхэн тусалсан тухай бодов. “Хөршүүд маань хол амьдардаг бол би яаж туслах вэ?”
“Хөршүүд бол та нарын эргэн тойронд байгаа бүх хүн шүү дээ. чиний гэр бүлийн гишүүд ч бас” гэж ээж нь хариулав.
Индира толгой гудайн доош харлаа. Тэр заримдаа гэрийнхэндээ тийм ч эелдэг ханддаггүй.
Гэхдээ ерөнхийлөгч Нэлсоны хэлснээр тэдэнд туслах нь түүнийг аз жаргалтай болгож магадгүй юм. Энэ бол түүний хувьд Есүсийг дагах нэг арга байв. Тэр оролдоод үзэхийг хүсэв!
Индира долоо хоногийн үлдсэн хугацаанд гэрийнхэндээ илүү их эелдэг хандахыг хичээжээ. Тэр Амиратай тоглож, тоглоомоо хуваалцав. Тэр аав, ээж хоёрынхоо даалгасан зүйлийг гомдоллохгүйгээр хийв. Индира гэрийнхэндээ туслахад тэд баярлажээ. Энэ нь түүнийг ч бас баярлуулсан.
Бошиглогчийн зөв байжээ. Бусдад туслах нь түүнд баяр хөөрийг авчрав!
Зураг чимэглэлийг Жүди Аббот