“Алэхандрогийн төлөө залбирсан нь,” Найз, 2024 оны 11-р сар, 32–33.
Алэхандрогийн төлөө залбирсан нь
“Хорт хавдраар өвдөх ямар байдгийг Есүс мэдэх болов уу?” гэж Жирардо асуув.
Энэ түүх Эль Сальвадорд болсон.
Жирардо роликоороо гулгасаар гэрийнхээ урд шатан дээр ирлээ. Ээжийнх нь машин байшингийн урд зам дээр байв. Энэ бол ах Алэхандро, ээж хоёр нь эмчид үзүүлээд буцаж ирсэн гэсэн үг юм. Жирардо роликоо тайлаад дотогш хурдлан оров.
“Жирардо юу? Бид ирчихсэн шүү!” гэж ээж нь хэллээ.
Жирардо зочны өрөөнд орж ирэв. Алэхандро буйдан дээр хэвтээд, ээж нь дэргэд нь сууж байлаа. Ээж нь санаа зовсон байдалтай харагдав.
Жирардо ч мөн адил санаа зовж байлаа. Өнгөрсөн долоо хоногт тэд Алэхандрог хорт хавдартайг олж мэджээ. Түүний өвчин хүндэрсэн байв.
Гэтэл Жирардог орж ирэхэд Алэхандро босож суугаад инээмсэглэн “Сайн уу? Өнөөдөр гоё өдөр байсан уу?” гэж асуув.
“Тийм ээ, эмч юу гэсэн бэ?” гэж Жирардо лавлав.
Алэхандро “Намайг мэс засал хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн” гэхэд
ээж нь толгой дохиод “Гэхдээ ахад нь туслах хамгийн сайн эмч нар хүүхдийн эмнэлэгт байдаг. Алэхандро 14-тэй болохоор тэд ахад нь эмчилгээ хийх боломжгүй. Бид өөр газар олох хэрэгтэй” гэлээ.
Жирардогийн нуруугаар хүйт даах шиг болов. Хэрэв Алэхандро тусламж авч чадахгүй бол яах вэ? Алэхандрогийн хавдар улам хүндрэх болов уу?
Жирардо өрөөндөө оров. Тэр бодох хэрэгтэй байлаа.
Жирардо Хүүхдийн хэсгээс Тэнгэрлэг Эцэг өөрийг нь дандаа сонсдог гэж сурсан байв. Түүнээс тусламж үргэлж гуйж болно гэдгийг тэр мэдэж байлаа.
Тиймээс тэр орныхоо дэргэд өвдөг сөгдөж, гараа хумхив. “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, Алэхандрод туслаач. Мэс заслыг хийж чадах эмч нарыг олоход бидэнд туслаач” хэмээн залбирлаа.
Удалгүй ээж нь түүнийг оройн хоолонд дуудав. Жирардогийн дуртай пупусаг хийсэн байв. Тэр бяслаг, вандуйгаар дүүргэсэн зузаан, хайрсан тортиллаг том хазав. Гэвч тэр ахынхаа төлөө санаа зовнисон хэвээр байлаа.
Алэхандро пупусанаас хэдхэн л хазав. Түүний царай зовуурьтай харагдахын дээр тэр маш удаан хөдөлж байлаа.
Ээж нь ч бас түүнийг анзаарсан байв. “Хэдүүлээ Сүмийн видео үзэх үү?” гэж ээж асуулаа. Тэд гунигтай үедээ Есүс Христийн тухай видео бичлэг үзэх дуртай байв.
“За.” Ээжийг бичлэгээ бэлдэж байх хооронд Жирардо аяга тавгаа хураав. Дараа нь тэд бичлэгээ үзэхээр сууцгаав.
Видео бичлэг дээр Есүс Христ цэцэрлэгт нэгэн модны дэргэд залбирч байлаа. Жирардо энэ түүхийг мэддэг байв. Энэ бол Есүс загалмай дээр нас барахаасаа өмнө зовж шаналж буй тухай хэсэг юм.
Видео бичлэг дуусахад Жирардо нам гүм байдал, амар амгаланг мэдэрлээ. Гэвч түүнд нэг асуулт төрөв. “Есүс яагаад ингэж их зовох ёстой байсан юм бол?” гэж тэр асуув.
Ээж нь түүнийг бас Алэхандрог хамтад нь тэврээд, “Есүс бидэнд хайртай учраас тэрхүү өвдөлтийг мэдрэхээр сонгосон. Тэр бидний туулж буй бүх зовлонг мэдэрсэн” гэв.
Жирардо Алэхандро руу харлаа. “Хорт хавдраар өвдөх ямар байдгийг Есүс мэдэх болов уу?”
“Тийм ээ, Тэр мэднэ” гэж ээж нь хариулав. “Тэр хорт хавдраар өвдөх ямар хэцүү болохыг мэддэг. Ямар байдгийг Тэр мэддэг учраас хэрхэн туслахаа мэднэ.”
Жирардогийн сэтгэлд дулаахан мэдрэмж төрж, өлгийдүүлсэн мэт санагдав. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүний гэр бүлийг мэддэг бөгөөд хайрладаг. Тэд Алэхандрод хэрхэн туслахаа мэдэж байсан.
Маргааш нь Жирардо сургуулиасаа ирээд, ээжийгээ ачаа баглаж байгааг харав.
“Сайхан мэдээтэй! Би Хүүхдийн эмнэлгийн нэг эмчтэй ярьсан. Тэд Алэхандрод тусалъя гэсэн. Ах нь маргааш мэс засалд орно” гэв.
Жирардо ээжийгээ чангаар тэвэрлээ. “Тэнгэрлэг Эцэг бидэнд тусаллаа! Хамт залбираад, Түүнд талархлаа илэрхийлэх үү?”
“Гайхалтай санаа байна” гэж ээж нь дэмжив. “Алэхандрог ч гэсэн дуудъя.”
Тэд хамтдаа залбирах үед Жирардо амар амгаланг мэдрэв. Тэнгэрлэг Эцэг Жирардогийн залбирлыг сонсжээ! Алэхандро шаардлагатай мэс засалдаа орж чадахаар боллоо. Есүс Христ тэднийг юу туулж байгааг мэддэг, бас зовлон бэрхшээлийг давахад тэдэнд үргэлж тусална гэдгийг Жирардо ойлгов.
Зураг чимэглэлийг Рикардо Гэррэро