Сайн мэдээний анги
Ур чадварын дадлага 9: Технологийг зөв ашиглах


Ур чадварын дадлага 9

Технологийг зөв ашиглах

утсаа барьсан эрэгтэй

Технологи ашиглах нь боломж, бэрхшээлийн аль алиныг үүсгэж болно. Бид технологийг зохистой ашигласнаар номлогчийн хувиар болон өдөр тутмын амьдралдаа бидний төлөөх Их Эзэний зорилгыг илүү сайн биелүүлж чадна.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд “Тодорхойлох,” “Биечлэн үзүүл” хэсгүүд дээр удахгүй байхыг хичээ.

Тодорхойлох

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах зүйлийг тайлбарлан, энэ ур чадвараар дадлага хийх сэдвийг танилцуул. Үүнд:

Гар утас, компьютер гэх мэт электрон хэрэгслүүд нь Их Эзэний ажлыг урагшлуулах, бидний ажлын бүтээмжийг дээшлүүлэх, сайн харилцааг дэмжих хүчирхэг зэмсэг болж чадна. Мөн эдгээр хэрэгсэлтэй холбоотой олон уруу таталт байдаг.

Миний сайн мэдээг номло ([2023]) гарын авлагын 2-р бүлгийн Та хүчин мөхөстөж, аюулд өртөхөд бэлэн байвал юу хийх ёстой вэ?” (22) гарчгийг унш. Технологи ашиглахтай холбоотой уруу таталтуудыг даван туулахад бидэнд тусалж чадах гурван зарчмыг олж мэд.

Хэлэлцүүлгийн удирдагч: Эдгээр зарчмыг самбарт бичиж болно.

  • Зарчим 1: Өөрийн бодол, мэдрэмж мөн биеэ авч яваа байдлаа анхаар.

  • Зарчим 2: Үйлдлээ сонго.

  • Зарчим 3: Суралц, наманчил, сайжир.

Биечлэн үзүүл

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараахтай адил жишээг хуваалц. Энэ гурван зарчмыг бодит байдал дээр хэрхэн ашиглаж болохыг харуулахын тулд эдгээр асуултыг хамтдаа авч хэлэлц.

Жэймс утсан дээрээ тоглох дуртай тоглоомоо суулгасан. Тэр оройн хоолны үеэр, сүм, сургууль дээр хичээлтэй байхдаа ч тоглоом тоглох гэж гар утсаа их гаргадаг.

Зарчим 1: Өөрийн бодол, мэдрэмж мөн биеэ авч яваа байдлаа анхаар.

  • Жэймсийг ийм зүйл хийхэд ямар бодол, мэдрэмж нөлөөлсөн байж болох вэ?

  • Эдгээр нөхцөл байдалд технологийн хэрэглээнийхээ талаар ойлгоход түүнд юу чухал байж болох вэ?

Зарчим 2: Үйлдлээ сонго

  • Жэймс нийгмийн эдгээр орчин нөхцөлд илүү оролцоотой болоход нь туслах ямар ямар үйлдлийг хийж болох вэ?

Зарчим 3: Суралц, наманчил, сайжир.

  • Жэймс сайжрахаар хичээх явцдаа өөрийн туршлагаас юуг суралцаж болох вэ?

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад энэ гурван зарчмыг бусад жишээн дээр хэрэгжүүлэх дадлага хийх цаг гарга. Та дараах жишээнүүдийг үзүүлээд, ангийг жижиг бүлгүүдэд хуваарилж болно. Бүлэг бүрийг хоёр, гурван жишээ сонгоод, сонгосон жишээнүүддээ энэ гурван зарчмыг хэрэгжүүлэх нь ямар байхыг ярилцахыг хүс.

  • Софиа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийг нь цухалдуулсан хэлэлцүүлгийг олж харсан ба үүнд хариулт өгөхийг хүсэж байна.

  • Гидеон уйдахаараа байнга утсаа ухдаг. Сүүлийн үед тэрээр порнограф үзэхээр уруу татагдаж байгаа.

  • Мариа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх лайк, дагагчдынхаа тоог найзуудынхтайгаа харьцуулдаг.

  • Лукас алхаж байхдаа бараг байнга чихэвчээрээ хөгжим сонсдог.

  • Амари голдуу шөнө дөл болтол видео тоглоом тоглодог.

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв цаг гарвал хэдэн суралцагчийг бүлгээрээ ярилцсан нэг жишээгээ хуваалцаж, энэ нөхцөл байдалд гурван зарчмыг хэрхэн хэрэгжүүлснээ ярихыг хүс.

Хэрэгжүүлэх

Хэлэлцүүлгийн удирдагч: Оролцогчдод энэ гурван зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг бодох цаг гарга. Тэднийг технологийг зөв зохистой ашиглах зорилго тавьж, үүндээ хүрэхийн төлөө хичээхийг уриал.