1-р хичээл
Бид бусдад Христэд ирэх урилга өгдөг
Номлогчийн бүх ажил Есүс Христ дээр төвлөрдөг. Үнэндээ номлогчийн туйлын зорилго бол “сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь бусдад тусалснаар тэднийг Христэд ир хэмээн урих” явдал юм (Миний сайн мэдээг номло [2023], 1). Есүс Христ Өөрийн дагалдагчдыг сайн мэдээний захиасыг хүн болгонтой хуваалц хэмээн урьдаг. “Аврагч, Түүний Цагаатгалын талаарх [бидний] ойлголт, гэрчлэл өсөхийн хэрээр сайн мэдээг хуваалцах хүсэл [маань] өсөн нэмэгдэнэ” (Миний сайн мэдээг номло, 2).
Тавтай морилно уу!
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн зарим гишүүн шинэ хичээл орж, шинэ хүмүүстэй танилцах тал дээр эргэлзэж байж болно. Та Иохан 13:34–35-ыг хамтдаа уншаад, Аврагч бусдыг хэрхэн хайрладаг байсан жишээнүүдийг хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно. Дараах асуултыг асуух талаар бодож үз:
-
Бусдыг хайрлах Аврагчийн үлгэр жишээг манай анги хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
-
Аврагч танихгүй эсвэл өөрөөс тань өөр байж болох хүмүүст хэрхэн хандаасай гэж хүсдэг гэж бодож байна вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад бие биеэ таньж мэдэн, нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд тусална. Зааврыг үзүүлээд, ангийн гишүүдэд бие биетэйгээ ярилцах цаг гаргаж өгөөрэй. Та мөн энэ боломжийг ашиглан хүмүүстэй “халуун дулаан, өөрийнхөөрөө, найрсаг” байдлаар танилцаж, хандах нь сайн мэдээг хуваалцахын чухал хэсэг гэдгийг тайлбарлаж болно (Миний сайн мэдээг номло, 166).
Дараагийн хэдэн минутад ангийнхаа гурваас дөрвөн шинэ хүнтэй танилц. Яриагаа эхлүүлэхэд туслах дараах хэдэн зөвлөгөөг өгье:
-
Нэг нэгнийхээ нэрийг олж мэд.
-
Сонирхдог зүйл, авьяас чадвар, сургууль, ажил эсвэл хоббиных нь талаар асуу.
-
Сүүлд явсан амралт, болсон адал явдал, туулсан сорилт бэрхшээл эсвэл тэсэн ядан хүлээж байгаа ямар нэг зүйлийнх нь талаар асуу.
Санал болгосон суралцах үйл ажиллагаа
Яагаад хүмүүст Есүс Христэд ирэхэд туслах нь чухал вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах зургийг үзүүлээд, зурган дээрх дүрсэлсэн түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Дараа нь дараах зааврыг хуваалц.
Maтай 28:18–20-ийг судлаад, энэ үед Аврагч төлөөлөгчдөдөө юу заасныг олж мэд.
-
Аврагч яагаад Өөрийн дагалдагчдыг бусадтай сайн мэдээг хуваалц хэмээн урьдаг гэж бодож байна вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Есүс Христийн төлөөлөгчдөдөө өгсөн сайн мэдээг хуваалц гэсэн заавар нь энэ цаг үед амьдарч байгаа Түүний дагалдагчдад мөн хамаатай гэдгийг тайлбарла.
Дараах зааврыг үзүүлээд, ангийн гишүүдэд эдгээр шүлгийн заримыг бие даан судлах цаг гаргаж өг. Түүнчлэн та ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь” (2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 6–7) захиасыг хамтдаа судалж эсвэл “Бошиглогчийн дуудлага: Номлогчийн үйлчлэлийн баяр баясгаланг мэдэр” (2:12; Gospel Library) видеог үзэж болно.
Дараах судраас заримыг нь судлаад, Есүс Христэд ирэхэд бусдад туслах үнэнүүдийг олж мэд. Та мөн Gospel Library дахь судлах хэрэгслүүдийг ашиглан бусад судар, Сүмийн удирдагчдын хэлсэн мэдэгдлийг олж болно.
-
Матай 11:28–30
-
Иохан 14:6
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангиа жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлгийн гишүүн бүрээр дараах асуултад хариулуул.
-
Та Есүс Христ, Түүний сайн мэдээний талаар ямар үнэнийг олж мэдсэн бэ?
-
Эдгээр үнэн хэрхэн танд нөлөөлсөн бэ?
-
Эдгээр үнэн нь Есүс Христийн талаар бусдад заахад хэрхэн танд тусалдаг вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Бүлгүүдийг ярилцаж дууссаны дараа суралцагчдаар олж мэдсэн үнэнийг нь ангийнхантай нь хуваалцуул. Суралцагчид доорх үнэнийг өөрсдийн үгээр тодорхойлж болно:
-
Христэд ирэхэд Тэр бидний ачааг хөнгөлж чадна (Maтай 11:28–30-ийг үзнэ үү).
-
Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих бидний зам юм (Иохан 14:6-г үзнэ үү).
-
Бид сайн үйл, нигүүлсэл, Есүс Христийн ач ивээлээр аврагддаг (2 Нифай 2:6–8-ыг үзнэ үү).
-
Аврагчийн үлгэр жишээг дагаж, эцсээ хүртэл тэвчвэл бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралыг хүлээн авах болно (2 Нифай 31:17–21-ийг үзнэ үү).
-
Хэрэв бид наманчилж, Есүс Христэд ирж, баптисм хүртэх юм бол Ариун Сүнсээр дамжуулан ариусгагдаж, эцсийн өдөр Христийн өмнө толбогүй зогсох болно (3 Нифай 27:20–22-ыг үзнэ үү).
-
Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу учраас биднийг наманчлах үед Тэр баярладаг ( Сургаал ба Гэрээнүүд 18:10–16-г үзнэ үү).
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад Есүс Христийн ач холбогдлыг заах дадлага хийх боломж олго. Дараах зааврыг үзүүлэх замаар үүнийг гүйцэтгэж болно. Ангийн гишүүдэд хариулах хангалттай цаг гаргаж өг. Хэрэв тэдэнд нэмэлт тусламж хэрэгтэй бол “Есүс Христийн Цагаатгал” (Миний сайн мэдээг номло, 48) гарчгийн доорх жагсаалтыг үзэхийг тэднээс хүс.
Танд Сүмийн гишүүн биш ч итгэл үнэмшлийн тань талаар сонирхдог нэг найз байдаг гэж төсөөл. Найз тань нэг удаа ярилцаж байхдаа, “Есүс чиний хувьд чухал болохыг би анзаарсан. Яагаад тийм чухал юм бэ?” гэж асуужээ.
Дараах зүйлийг багтаан найздаа өгөх хариултаа бэлд:
-
Есүс Христ бидэнд хэрэгтэй болох тухай товч тайлбар
-
Холбогдох судар
-
Таны гэрчлэл
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийг хамтрагчид болгон хуваагаад, хүн бүрийг хариултаа хамтрагчтайгаа хуваалц гэж хэл. Тэднийг хуваалцаж дууссаны дараа та суралцагчдыг хариултаа үнэлж дүгнэн, ямар өөрчлөлт хийх хэрэгтэйгээ тодорхойл гэж хэлж болно. Дараа нь суралцагчдад өөр хамтрагчийг оноогоод, оруулсан өөрчлөлттэйгөө хамт хариултаа хуваалцахад тэднийг урь.
Зорилго тавь
Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлсээ тунгаан бодож, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өгөөрэй. Та мөн тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Өнөөдөр судалсан зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараах санаануудын заримыг ашигла эсвэл өөрөө бодож ол.
-
Хувийн судраас судлах цагаараа Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг илүү сайн ойлгоход танд туслах судрын хэсгүүдийг тэмдэглэ эсвэл тодруул.
-
Есүс Христ, Түүний Цагаатгалын тухай гэрчлэлээ хэн нэгэнтэй биечлэн, мессежээр эсвэл интернэтээр хуваалц.
-
Өнөөдөр энд байхгүй байгаа найзаа энэ хичээлд урь.
Миний зорилго
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад цуврал хичээлийн туршид зорилгоо хуваалцах ангийнхаа нэг хүүхдийг эсвэл хэсэг бүлэг үе тэнгийнхнийгээ сонгох цаг гаргаж өг. Та дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ зорилгыг нь сануулах арга замыг бодож олохыг бүлгийнхэнд зааварлаж болно. Та мөн дараагийн хичээлээс өмнө суралцагчдад энэ талаар сануулсан мессеж илгээж болно.
Дараа нь
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн хичээлээр 2-р хичээлийг заахад бэлэн байвал ангийн гишүүдийг үүнд бэлдэн Миний сайн мэдээг номло гарын авлагатай танилц гэж хэл. Мөн та тэдэнд сануулга илгээж болно.