6-р хичээл
Заах дадлага хий
Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх хичээлүүдийг заахад туслах материал
Ангийн гишүүдэд хичээл заах боломжийг ахин дахин олгох нь Есүс Христийн сайн мэдээг хуваалцах итгэл, чадварыг өсгөн нэмэгдүүлдэг. Мөн энэ нь Аврагчийн болон Түүний сургаалын талаарх тэдний гэрчлэлийг бэхжүүлдэг.
Энэ хичээлийг хэрхэн ашиглах вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ хичээл нь суралцагчдад Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх үнэнүүдийг судалж, заахад туслах санаануудыг өгдөг. Энэ хичээл дээрх санаануудыг хэзээ, хэрхэн ашиглахаа шийдэхдээ та дараах зүйлийг анхаар:
-
Давтамж: Ангийн гишүүдэд хичээлийн туршид заах боломжийг ахин дахин олгох нь ашиг тустай байх болно.
-
Жишээнүүд: Ангийн гишүүдээр заалгахын өмнө тэднээс юу хийхийг хүсэж байгааг үзүүлсэн жишээнүүдийг өг. Жишээлбэл: Та (1) үнэнийг хэрхэн заахыг үзүүлж эсвэл (2) “Олсон бол заа” (Миний сайн мэдээг номло гарын авлага, 175-76) дээрх богино загвар хичээлүүдийг ашиглаж болно.
-
Орчин: Хүн болгонд заах хүн байхад анхаар. Тэд хамтрагч юм уу бүлэг рүү харж, хүн бүр бие биеэ сонсох боломжтой байхад анхаар. Зааж байгаа үе тэнгийнхэндээ хүндэтгэлтэй хандахад суралцагчдыг урамшуулан дэмж.
-
Давтах: Хичээлийн цагаар нэг үнэнийг хэд хэдэн удаа заах боломжийг суралцагчдад олгохыг хичээ. Энэ нь тэдэнд дасан зохицож, сайжрахад нь тусална. Та тэднийг дадлага хийх болгондоо өөр өөр хүмүүст заах даалгавар өгч болно.
-
Тохируулах: Хэсэг хугацааны дараа та суралцагчдад хамтрагчтайгаа хамт заах, үр дүнтэй урилга өгөх, сайн асуулт тавих зэрэг илүү нарийн заах ур чадварт анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусалж чадна. Үүнд ашиглах нэмэлт ур чадварын талаар санаа авах бол энэ гарын авлагын төгсгөл дэх ур чадварын дадлагуудыг үзнэ үү.
Ангийн гишүүдэд заах дадлага хийхэд туслах санаанууд
Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах заах удирдамжууд нь суралцагчдад үр дүнтэй багш болох эхний алхмуудаа хийхэд нь туслах зорилготой юм.
Товч дүгнэлт
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ бол хамгийн хурдан, хамгийн энгийн хувилбар. Суралцагчид хэдхэн минутад багтаан сайн мэдээний аль нэг сэдвээр товч дүгнэлт бэлдэж, заах боломжтой. Тэд үүнийг заримдаа хичээлийн эхэнд, төлөвлөсөн хичээлээ эхлэхээс тань өмнө хийж болно.
Товч дүгнэлт хийхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд дараах зааврыг үзүүл:
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн 1, 2 эсвэл 3-р хичээлийн “Сургаалын үндэс суурь” гэж гарчигласан хэсгийг ол (36–44, 50–60, 64–74-р хуудас).
-
Энэ хэсэг дэх сэдвүүдээс судлахыг хүссэн нэг сэдвээ сонго. Тухайн сэдвээ судалж, ойлгоход хэдэн минут зарцуул.
-
Сэдвийнхээ 1-2 минутын товч дүгнэлтээ хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэгтэйгээ хуваалц.
Энгийн хичээлийн тойм
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ сонголт нь суралцагчдад заах хичээлдээ хэсэг бүрэлдэхүүн нэмж оруулах боломжийг олгодог. Эдгээр бүрэлдэхүүн хэсэгт холбогдох судар болон гэрчлэлээ хуваалцах, урилга өгөх зэрэг орно.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн 1, 2 эсвэл 3-р хичээлийн “Сургаалын үндэс суурь” гэж гарчигласан хэсгийг ол (36–44, 50–60, 64–74-р хуудас).
-
Энэ хэсэг дэх сэдвүүдээс судлахыг хүссэн нэг сэдвээ сонго. (1) Дэд хэсгийг уншаад, хамгийн чухал гэж үзсэн зүйлээ тодруулах; (2) “Судар судлах” гарчиг дахь зарим судрыг судлах замаар уг сэдвийн талаарх ойлголтоо гүнзгийрүүл.
-
Дараах зүйлийг багтаасан энгийн тойм гарга:
-
Сурч мэдсэн зүйлийнхээ товч дүгнэлт
-
Хуваалцах холбогдох судар
-
Өгч болох урилга
-
Таны гэрчлэл.
-
Хамтрагчдаа судалсан сэдвээ заахдаа тоймоо ашигла.
-
Хоёр эсвэл түүнээс олон үнэнийг заа
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ сонголт нь суралцагчдад богино хичээлээр хоёр буюу түүнээс дээш үнэнийг заах боломжийг олгоно. Энэ сонголтыг хийж гүйцэтгэхэд нь тэдэнд туслахын тулд “Богино хичээл бэлтгэж, заах удирдамж” нэртэй тараах материалыг тэдэнд өг.
Богино хичээл бэлтгэж, заах удирдамж
Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх аль хичээлийг та заах вэ? (Нэгийг нь сонго.)
-
____ 1-р хичээл: Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас
-
____ 2-р хичээл: Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө
-
____ 3-р хичээл: Есүс Христийн сайн мэдээ
Сонгосон хичээлийнхээ “Сургаалын үндэс суурь” хэсэг рүү ор. Тодоор бичсэн гарчгуудтай танилц. Эдгээр сэдвээс заах дадлага хийхийг хүссэн багадаа хоёр сэдвийг сонго. Та аль аль гарчгийг сонгосон бэ?
Заахыг хүссэн үнэнүүд тань хэнийг адисалж болох талаар бодох нь бэлтгэхэд тань тусална. Тухайн хүнд байгаа, хичээл дээр авч үзэх асуулт, асуудал, хэрэгцээг бич.
Юу заахаа цэгцэлж, хураангуйл. Таваас долоон минутад багтаан заах хичээл бэлд. Дараахыг хийхийг бод: (1) Дор хаяж хуваалцах нэг судраа тодорхойл (2) Дор хаяж асуух нэг асуултаа бич (3) Хуваалцах туршлага эсвэл жишээгээ бод (4) Хэзээ гэрчлэлээ хуваалцахаа бодож үз (5) Өгч болох урилгаа бич.
Доорх болон хуудасны ард байгаа зайг ашиглан тоймоо бэлд. Бүх зүйлээ багтааж заахад бүү санаа зов. Чин сэтгэлээсээ, өөрийн үгээр заа.
Эргэцүүлэн бод
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүд заах дадлага хийсний дараа тэдний туршлагын талаар ярилцах талаар бодож үз. Та дараахтай адил асуултуудыг тавьж болно. Жишээ нь:
-
Бэлдэж, заах үйл явцаас та юу сурч мэдсэн бэ?
-
Таны хувьд судалж, заасан хамгийн утга учиртай зүйл тань юу байсан бэ? Яагаад?
-
Багшийн хувьд та юугаа сайжруулахыг хүсэж байна вэ?
Зорилго тавь
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд өнөөдөр сурсан зүйлээ тунгаан бодож, зорилго тавих цаг гаргаж өг. Та мөн тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил санаанаас ашигла эсвэл өөрийн гэсэн санаа ол.
-
Өнөөдөр бэлтгэж, заасан үнэнүүдээ ангийнхнаасаа өөр хүнд заа.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дээрх хичээлүүдээс нэгийг эсвэл түүнээс олныг сонгон, илүү ихийг судал.
Миний зорилго
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчид зорилгоо хуваалцах бүлэгтэй бол тэдэнд дараагийн хичээлээс өмнө хэрхэн нэг нэгэндээ дэмжлэг тусламж үзүүлэх эсвэл сануулахаа хуваалцах цаг гаргаж өг.
Дараа нь
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн хичээлээр 7-р хичээлийг судлахад бэлэн байвал суралцагчдыг үүнд бэлдэн Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг (28–29-р хуудас) дахь “Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга” хэсгийг судла гэж урьж болно. Мөн та тэдэнд сануулга илгээж болно.