10-р хичээл
Христийнхтэй адил зан чанарыг эрэлхийл
Миний сайн мэдээг номло, 6-р бүлэг
“Есүсийг эрэлхийлэх нэг чухал арга зам бол Түүний талаар сурч мэдэн, Түүнтэй илүү адилхан болохын тулд шаргуу хичээл зүтгэл гаргах явдал юм” (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж [2023], 128). Есүс Христийн зан чанаруудыг хөгжүүлэхийг эрэлхийлэх нь бидэнд Аврагчийн сайн мэдээг илүү үр дүнтэй хуваалцахад тусалж чадна. Бид Аврагчийн тусламжтайгаар Түүнтэй илүү адил болоход туслах зан чанаруудыг аажим аажмаар хөгжүүлж чадна.
Дүгнэх ба эргэн шалгах
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ ангид сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд саяхан гаргасан хүчин чармайлтынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.
Санал болгох суралцах үйл ажиллагаа
Би хэрхэн Аврагчтай илүү адилхан болж чадах вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах зургуудтай адил Аврагчийн зургийг үзүүл. Суралцагчдыг эдгээр зураг дээрээс өөрсдийн харсан Христийнхтэй адил зан чанаруудыг хуваалц гэж урь. Мөн та Аврагчийн зан чанаруудын бусад жишээг олж харахад нь туслахын тулд ангийн гишүүдэд “Христийнхтэй адил зан чанарууд“ (2:53, ChurchofJesusChrist.org) видеог үзүүлж болно.
-
Аврагчийн ямар зан чанаруудыг та хамгийн ихээр биширдэг вэ? Яагаад?
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ хичээлээр ангийн гишүүд номлогчийн ажилд Христийнхтэй адил зан чанаруудыг эрэлхийлэхийн ач холбогдлын талаар суралцах боломжтой байх болно гэдгийг тайлбарла. Их Эзэн өөрсдийг нь аль зан чанарыг амьдралдаа хөгжүүлэхийг хүсэж байгааг олж мэдэхийн тулд Ариун Сүнснээс удирдамж эрэлхийл гэж урь. Дараах заавруудыг хуваалц.
Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлэг дэх “Оршил“ болон “Есүсийг эрэлхийл“ хэсгийг унш (127–128-р хуудас). Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлснээр ирдэг адислалуудыг тодруул.
Хэлэлцүүлгийн удирдагч: Та мөн “Хувиараа судлах“ хайрцган доторх Сургаал ба Гэрээнүүд 4-ийг (Миний сайн мэдээг номло, 128) хамтдаа судалж болно.
Суралцсан зүйлээс нь юу онцгой санагдсан талаар ярилцахад ангийн гишүүдийг урь. Энэхүү хэлэлцүүлэгт дараах асуултуудыг ашиглаж болно.
-
Есүс Христтэй илүү адил болохыг хичээх нь илүү сайн номлогч болоход тань хэрхэн туслах вэ?
-
Аврагч таныг Өөртэй нь илүү адилхан болоход хэрхэн тусалдаг вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Өмнөх асуултын талаар ярилцаж байхдаа суралцагчдаар “Бурханы бэлгүүд“ мөн “Аажим аажмаар явагддаг үйл явц“ хэсгүүдийг уншуулж болно (Миний сайн мэдээг номло, 128). Эдгээр хэсгээс Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхдээ Аврагчид найдах хэрэгтэйг илүү сайн ойлгоход туслах үг, хэллэгийг олоход тэднийг урь.
-
Аврагчтай илүү адилхан болох явцад танд юу тусалсан бэ?
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Хичээлийн энэ хэсэг нь суралцагчдад Аврагчийн зан чанаруудаас алиныг нь хөгжүүлэхийг хүсэж байгаагаа тодорхойлоход туслах зорилготой. Дараах заавруудыг үзүүл.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлгийн төгсгөл дэх “Зан чанарын үйл ажиллагаа“-г гүйцэтгэ (140–143-р хуудас).
-
Хариулт дээрээ тулгуурлан, илүү сайн ойлгож хөгжүүлэхийг хүссэн Христийнхтэй адил зан чанарыг сонго.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлэг дэх өөрийн сонгосон зан чанарын талаарх хэсгийг олж, судал.
Хэлэлцүүлгийн удирдагч: Хангалттай цаг гаргаж өгсний дараа ангийн гишүүдийг хамтрагчтайгаа аль зан чанарыг сонгосноо мөн сурсан зүйлээ товч дүгнэн хуваалц гэж урь.
Зорилго тавих
Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Судалсан Христийнхтэй адил зан чанараа хэрхэн хөгжүүлэхээр эрэлхийлэх төлөвлөгөө гарга. Та өөртөө туслах “Христтэй илүү адилхан болох загвар“ (Миний сайн мэдээг номло, 138) гарчгийн доорх зөвлөмжүүдийг ашиглаж болно. Энэ зан чанараараа төгс биш байгаадаа санаа зовох хэрэггүй. Үргэлжлүүлэн хичээ, тэгвэл Аврагч танд туслах болно.
Миний зорилго
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид өгсөн амлалтаа хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал тэдэнд дараагийн хичээлээс өмнө хэрхэн нэг нэгэндээ сануулж, дэмжих тухай хуваалцах цаг гаргаж өг.
Дараагийн удаа
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн хичээлээр 11-р хичээлийг заахад бэлэн болсон бол ангийн гишүүдээр Миний сайн мэдээг номло гарын авлагын 11-р бүлгийг судлуулж болно. Та тэдэнд сануулга илгээх хэрэгтэй байж болох юм.