Сайн мэдээний анги
Ур чадварын дадлага 8: Зориуд амьсгалах


Ур чадварын дадлага 8

Зориуд амьсгалах

амьсгалж буй хүн

Номлолын ажил дээр ч тэр, өдөр тутмын амьдрал дээр ч тэр стресстэй нөхцөл байдал үүсэх нь түгээмэл байдаг. Зориуд амьсгалах нь стрессийг багасгаж, сайхан мэдрэмж төрүүлэхэд ашиглаж болох арга техник юм.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд “Тодорхойлох,” “Биечлэн үзүүл” хэсгүүд дээр удахгүй байхыг хичээ.

Тодорхойлох

Хэлэлцүүлгийн удирдагч: Стресс бидэнд хэрхэн эергээр болон сөргөөр нөлөөлдөг тухай ярихыг суралцагчдаас хүс. Шаардлагатай бол та дараах тайлбарыг үзүүлж болно:

Стресст орох нь өөрийгөө дайчилж, өсөж хөгжих, Бурханы хүч чадалд найдах боломжийг олгодог. Гэсэн хэдий ч стресст автах эсвэл удаан хугацааны турш байнгын стресстэй байх нь хүнийг бие махбод, сэтгэл санааны асуудлуудад хүргэж болно.

Хэлэлцүүлгийн удирдагч: Сургаал ба Гэрээнүүд 101:16 дахь Их Эзэний зөвлөгөөг хамтдаа уншиж, ярилц. Номлогчдын хувьд энэ зөвлөгөө өөрсдөд нь тулгарч болох стресстэй нөхцөл байдалд хэрхэн хэрэгжиж болохыг оролцогчдоос асуу. Та дараахыг тусгаснаар зориуд амьсгалах чадварыг танилцуулж болно:

Сөрөг стрессийг даван туулах нэг эерэг арга бол зориуд амьсгалын дасгалууд байдаг. Зориуд амьсгалах нь бидний оюун санаа, бие махбодыг тайвшруулдаг. Энэ нь мөн анхаарал төвлөрлийг сайжруулах, сэтгэл хөдлөлөө зохицуулах, ой ухаанаа сайжруулах, Сүнсний өдөөлтүүдийг илүү амархан сонсох боломжийг бидэнд олгодог.

Биечлэн үзүүл

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах хоёр төрлийн гүнзгий амьсгалын дасгалыг үзүүлж болно:

1-р хувилбар: Амьсгалын 4 шат

Сандал дээр тухтай сууна. Нуруугаараа налж, хөлөө шалан дээр хөдөлгөөнгүй байрлуулна. Та нүдээ нээж ч болно, аньсан ч болно.

  • Алхам 1: Хамраараа амьсгалаад, тав хүртэл аажуухан тоолж, уушгиа агаараар дүүргэнэ.

  • Алхам 2: Амьсгалаа таван секунд барь. Бүтэн таван секунд амьсгаа гаргахгүй байхыг хичээ.

  • Алхам 3: Таван секундийн турш амаараа аажмаар амьсгалаа гарга.

  • Алхам 4: Таван секунд барь.

  • Алхам 5: Тайвшрах мэдрэмж автлаа 1-4-р алхмыг давт.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад энэ амьсгалын дасгалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах зургийг үзүүлж болно:

амьсгал авах

2-р хувилбар: Номлогчийн амьдралд дасан зохицох товхимол дээрх амьсгалын дасгал

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад Gospel Library дахь Номлогчийн амьдралд дасан зохицох товхимлыг олоход нь тусал (Номын сан > Гарын авлагууд болон дуудлагууд > Номлолын дуудлагууд > Номлогчийн амьдралд дасан зохицох нь).

Номлогчийн амьдралд дасан зохицох нь ([2013], 18) товхимлын “Сэтгэлийн дарамтыг хянахад туслах ерөнхий зарчмууд” хэсгээс “Амьсгалын дасгал” гэсэн үйл ажиллагааг ол. Уг үйл ажиллагаа хэсэгт дүрсэлсэн гурван алхмыг дага.

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Амьсгалын дасгалын нэгийг юм уу хоёуланг нь үзүүлсний дараа дадлага хийх цаг гарга. Та тэднийг ямар нэгэн өөрчлөлт анзаарсан эсэхийг мэдэхийн тулд амьсгалын дасгалын өмнө болон дараа стресс, түгшүүрийн мэдрэмжээ 1-5-ын хооронд дүгнэхийг хүсэж болно.

Хэрэгжүүлэх

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ чадварыг хэрэгжүүлэхэд нь оролцогчдод туслахын тулд дараахтай адил урилгыг хуваалцана уу:

Өдөр бүр, стресст орсон үедээ хэзээ ч хамаагүй хэдэн минут гарган зориуд амьсгалах дадлага хий. Дадлага хийж байх үедээ ямар мэдрэмж төрж байгаад анхаарал хандуул. Амьдралынхаа стресстэй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйн залбир.