Сайн мэдээний анги
Ур чадварын дадлага 7: Өөрийгөө хангалтгүй гэж бодох үед авах арга хэмжээ


Ур чадварын дадлага 7

Өөрийгөө хангалтгүй гэж бодох үед авах арга хэмжээ

өөрийгөө хангалтгүй гэж бодож буй эмэгтэй

Шинэ эсвэл ярвигтай нөхцөл байдалтай тулгарах үед өөрийгөө хангалтгүй гэж мэдрэх нь хэвийн үзэгдэл юм. Хянаж чадах зүйл дээрээ төвлөрөх нь өөрийгөө хангалтгүй гэсэн бодлоо даван туулахад туслах арга зам юм.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд “Тодорхойлох,” “Биечлэн үзүүл” хэсгүүд дээр удахгүй байхыг хичээ.

Тодорхойлох

Хэлэлцүүлгийн удирдагч: Шинэ зүйл хийхэд өөрийгөө хангалтгүй гэж бодох нь хэвийн зүйл гэдгийг тайлбарла. Өөрийгөө хангалтгүй гэж бодож байсан үеийнхээ жишээг дурдаж болно.

  • Өөрийгөө хангалтгүй гэж бодоход хүргэсэн ямар нөхцөл байдал хамгийн сүүлд танд тулгарсан бэ?

  • Танд тустай эсвэл тус болохгүй юуг та хийсэн бэ?

  • Бид өөрийгөө хангалтгүй гэж бодож байгаа үедээ Их Эзэнд найдах нь яагаад чухал вэ? (Филиппой 4:13; Алма 26:12-ыг үзнэ үү)

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах догол мөрийг хамтдаа унш. (Та мөн суралцагчдыг Номлогчийн амьдралд дасан зохицох нь товхимлын 32-р хуудсан дахь энэ догол мөрийг олоод, тодруулахыг уриалж болно.)

Хянаж чадахгүй зүйлээ хянах гэж бүү оролд. Хянаж чадахгүй зүйлээ хянах гэж оролдох нь таныг улам түгшүүртэй болгож, удирдлагаа алдаж байна гэж бодоход хүргэдэг. Ямар нэгэн байдлаар хийж чадах зүйлдээ эрч хүчээ төвлөрүүл. (Номлогчийн амьдралд дасан зохицох нь [2013], 32)

  • Хянаж чадах зүйлс дээрээ анхаарал төвлөрүүлэх нь өөрийгөө хангалтгүй гэсэн бодлоо даван туулахад хэрхэн туслах вэ?

Биечлэн үзүүл

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд хянаж чадах зүйл дээрээ хэрхэн төвлөрч сурахад нь туслахын тулд дараах жишээнүүдийг хамтдаа авч үз.

Та нар зүүн талын баганын жишээнүүд яагаад хүний хяналтаас хэтэрсэн болохыг авч хэлэлцэж болно. Баруун талын баганын хариултуудыг хуваалцахаасаа өмнө эхлээд суралцагчдаас өөрсдөө хариултуудыг бодож олохыг хүс.

Хянаж чадахгүй

Хянаж чадна

“Би сайн хүн болохыг хүсдэг ч заримдаа алдаанаасаа болоод бухимддаг.”

“Би чадах бүхнээ хийдэг, мөн заримдаа бүтэлгүйтнэ гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Би өдөр тутмын наманчлалаар болон Аврагчийн тусламжаар дамжуулан аажмаар Христтэй илүү адил болж чадна.”

“Би ер нь энэ хэлээр хамтрагч шигээ сайн ярьж чаддаг болох эсэхээ мэдэхгүй байна.”

“Би өдөр бүр хэлээ хичээнгүйлэн судалж, Бурханы тусламжийг залбирч эрэлхийлж чадна.”

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах нэмэлт жишээнүүдийг үзүүлээд, ангийн гишүүдэд хамтрагчтайгаа дадлага хийх цаг гаргаж өг. Суралцагчид бас өгөгдсөн жишээнээс өөр жишээнүүдийг бодож олж болно.

Хянаж чадахгүй

Хянаж чадна

“Надад бусад хүн шиг тийм олон найз байхгүй.”

“Номлолд үйлчлэх тухай бодох нь надад дааж давшгүй мэт санагддаг. Энэ нь хэцүү ажил мэт санагдаж байна. Би гэр бүл, найз нөхдөө санах болно. Бас маш олон мэдэхгүй зүйл гарч ирнэ.”

“Бусад номлогч надаас илүү олон хүнд баптисм хүртэхэд нь тусалсан. Би номлол маань амжилтгүй байсан юм болов уу гэж бодож байна.”

Хэрэгжүүлэх

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах урилгыг хуваалцсанаар суралцагчдад энэ чадварыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар бодож үзэхэд нь тусал:

Дараагийн долоо хоногийн турш өөрийгөө ямар үед хангалтгүй гэж бодож байгаагаа анзаараарай. Дараа нь хянаж чадах зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийн тулд Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуй.