Лиахона
Бурханлаг мөн чанарыг хүлээн авах Хуучин Гэрээний удирдамж
2026 оны 3-р сарын Лиахона


“Бурханлаг мөн чанарыг хүлээн авах Хуучин Гэрээний удирдамж,” Лиахона, 2026 оны 3-р сар.

Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээнээс

Бурханлаг мөн чанарыг хүлээн авах Хуучин Гэрээний удирдамж

Хуучин Гэрээний хүмүүст өнөөдөр та бидэнд гардагтай адил асуултууд тулгардаг байсан байж магадгүй.

Есүс Христ шөнийн тэнгэрийг ширтэн харж байна

Эхэнд үг байсан, Эва Тимотигийн бүтээл. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд зориулан хуулбарлаж болно.

Хэрэв би Бурханы төлөвлөгөөн дэх үүргийнхээ талаар хэзээ ч эргэлзэж байгаагүй гэвэл худлаа хэлсэн хэрэг болно.

Над шиг төгс бус хүн Түүний төгс төлөвлөгөөнд хэрхэн нийцэж чадах билээ? Би хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн надад дахин дахин өгдөг хоёр дахь боломжийг авах зохистой байж чадах вэ? Би өөрөө заримдаа Түүний хайрыг мэдрэх гэж зүдэрдэг байж бусадтай үүнийг хуваалцана гэдэгт яахан итгэж чадах билээ дээ?

Иймэрхүү сөрөг бодлын эргүүлэг танил санагдаж байвал, та ганцаараа биш.

Дайсны хамгийн шилдэг аргуудын нэг нь бурханлаг мөн чанарын талаарх бидний ойлголт руу дайрах явдал юм. Далын чуулгын ахлагч Брайн К.Тэйлор: “Тэнгэрлэг мөн чанарын талаарх энэ агуу дайн, Сатан бидний Бурханд итгэх итгэл болон Бурхантай харилцах харилцааг устгах зорилгоор илүү хөнөөлт зэвсгийг гаргаж ирсээр байгаа тул улам даамжирсаар байна” гэж заасан.

Аз болоход, Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ тэдгээрийн үнэ цэнийн талаар заасан, одоо ч заасаар байгаа. Анхнаасаа судрууд дээрх хүмүүст та бидэнд тулгарч байсантай адил асуултууд тулгарч байсан байх.

Та нар энэ жил Хуучин Гэрээг судлахдаа, судруудад гардаг хүмүүсийн туршлагыг амьдралдаа хэрэгжүүлснээр өөрийн бурханлаг мөн чанарын талаар суралцах боломжтой. Магадгүй та замдаа маш чухал дараах асуултын хариултыг олох болно.

Би хэн бэ?

Надад …

ариун ажил үүрэг итгэмжлэн өгсөн

Хүн төрөлхтний бурханлаг мөн чанарыг ойлгох хэрэгцээ Адам, Ева хоёроос эхтэй. Тэнгэрлэг Эцэг тэднийг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээж, тэдэнд дэлхий болон түүн дээрх бүх бүтээлийг хариуцах ажил үүргийг өгч, өсөн үржиж, дэлхийг дүүргэ хэмээн зарлигласан (Moсе 2:26–28-ыг үзнэ үү).

Та нар Адам, Ева хоёрын үр удмын хувьд эдгээр мөн чанарын ижил зарчмуудыг өөрсөд дээрээ хэрэгжүүлэх боломжтой. Та бол ухаалаг даамлын хувиар үйлдэх, мөнхийн гэр бүлийг байгуулах бурханлаг үүрэг хариуцлага бүхий Бурханы сүнсэн хүүхэд юм.

Адам, Ева хоёр сайн муугийн мэдлэгийн модны жимснээс идэж, Еденийн цэцэрлэгээс хөөгдсөн. Хэдийгээр тэд бие, сүнслэг байдлын аль алинаар нь Тэнгэрлэг Эцэгийн оршихуйгаас тусгаарлагдсан ч Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бие махбодын болон сүнсний үхлийг даван туулахад туслах Аврагчийг Тэр тэдэнд өгчээ.

Адам, Ева хоёртой адил та нарын үнэ цэн “Бурханы мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээнүүд 18:10) юм.

Би бол …

Абрахамын гэрээний хүүхэд

Абрахамын түүх бурханлаг мөн чанартай шууд холбоотой. Их Эзэн Абрахамд мөнхийн ач холбогдолтой дараах амлалтыг өгсөн юм.

“Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!

Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв” (Эхлэл 12:2–3).

Абрахам, Сара хоёр олон жил итгэлтэйгээр хүлээсний дараа хүү Исаакийг төрүүлж адислагджээ. Дараа нь Бурхан Абрахамд “Бурханы болон түүний Төрсөн Ганц Хүүгийн адилтгал” (Иаков4:5) болгон Исаакийг тахил болгон өргөхийг зарлиглав. Абрахамыг ийм золиослол гаргахад бэлэн гэдгээ харуулахад Их Эзэний тэнгэр элч түүнийг зогсоожээ.

Бид ийн уншдаг.

“Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрөөрөө тангараглаж байна.

Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.

Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв (Эхлэл 22:16–18).

Энэхүү хүчирхэг түүх Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулж, сахих хүн бүр Абрахамын үр удамд амлагдсан адислалуудыг хүртэх боломжтой гэдгийг заадаг. Та гэрээний хүүхдийн хувьд баптисмын болон ариун сүмийн гэрээгээр дамжуулан Их Эзэнд амласан амлалтууддаа үнэнч байснаар Абрахамын гэрээний амлагдсан адислалуудыг хүлээн авч чадна.

Би бол …

Их Эзэний гуйвшгүй шавь

Ишмаелийн ээж Сарагийн зарц Хагар бидэнд гуйвшгүй байх чадварыг заадаг. Абрахам, Сара хоёрын хүү Исаакийг төрсний дараа Хагар, Ишмаел хоёр цөл рүү хөөгджээ (Эхлэл 21:9–14-ийг үзнэ үү).

Түүний зовлон шаналал болон Ишмаелийн амины төлөөх чин сэтгэлийн гуйлтыг сонсоод, Их Эзэн түүнийг тайтгаруулахаар тэнгэр элчийг илгээв. “Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ. Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүнийг агуу үндэстэн болгоно гэв” (Эхлэл 21:17–18).

Хагар цөлд ганцаардаж байсан ч Тэнгэрлэг Эцэг түүнийг орхиогүй. Тэр итгэлтэй байж, хичээж зүтгэснийхээ төлөө хамгаалагдаж, шагнагдсан юм.

Чамд Хагартай адил ганцаараа цөлд тэнүүчилж байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ та нар Тэнгэрлэг Эцэгтээ агуу үнэ цэнтэй. Та нар цөлд хэсэг хугацаанд бэдрэн явж болох ч Тэр чамайг мартаагүй. Тэр та нарыг Өөрийнх нь хаант улсыг байгуулахын тулд агуу үйл бүтээхэд бэлтгэж байна.

Би бол …

дэлхий дээрх Бурханы мутар

Тэнгэрлэг Эцэг израилчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлүүлэхээр Мосег дуудсан юм. Тэрээр тэднийг боолчлолоос гарахад тусалсан хэд хэдэн хүчирхэг гайхамшгийг үйлджээ (Гэтлэл 7; 14).

Өөрийн дуудлагад амжилттай байсан ч Мосе Тэнгэрлэг Эцэгийн хүссэнээр хийж бүтээх чадвартаа үргэлж итгэлтэй байгаагүй. Мосег өөрийн чадвар дутмаг байгааг илэрхийлэхэд, Эзэн хариуд нь “Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав” (Гэтлэл 3:12).

Мосе Бурханы хүүхэд гэх мөн чанараа хүлээн зөвшөөрч, гайхамшгуудыг үйлдэх Тэнгэрлэг Эцэгийн хүчийг хүлээн авсан юм. Та нар Мосетой адилаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ мөнхийн харилцаатай болсноор Бурханы ажлыг хийх хүчийг олж авах боломжтой болно.

Би бол …

Тэгэхээр, та нар хэн бэ?

Одоо үүний хариултыг та нар өөрсдөө олох цаг болжээ.

Асуултуудынхаа хариултыг судруудаас хайвал та тэдгээрийг олох болно. Тэнгэрлэг Эцэг та нарыг өөрийгөө яг хэн бэ гэдгээ ойлгоосой гэж хүсдэг. Тэгвэл Тэр та нарыг хайрладаг шиг та нар ч гэсэн өөрсдийгөө хайрлаж чадна.

Та мөнхийн бурханлаг мөн чанарын талаар мэдлэгтэй болоход тун дөхсөн байна. Тэгвэл та юу хүлээж байна вэ?