Лиахона
Гэр бүлийн түүхийн ажил гэр бүлийн
2026 оны 3-р сарын Лиахона


АРИУН СҮМ, ГЭР БҮЛИЙН ТҮҮХ

Гэр бүлийн түүхийн ажил гэр бүлийн

уур амьсгалыг сайжруулдаг

Анх би ариун сүм рүү явахынхаа өмнө ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийж эхэлсэн ба тэр цаг үеэс эхлэн бид гэр бүлээрээ өөрсдийн удам угсааг улам бүр гүнзгийрүүлэн судлах болсон. Хаанаас гаралтай, ямар хүмүүсийн үр удам гэдгээ мэдэж авах энэ ажил маш сонирхолтой санагдаж, удам угсаагаа цааш улам гүнзгийрүүлэн судлах хүсэл төрж байж билээ. Энэ ажлыг хийх явцдаа би их том оточ ламын удам гэдгээ, цаашлаад 10-р Богд Жавзандамба Хутагттай эгч дүүсийн их ойрын хамаатан гэдгээ мэдэж авсан маань маш онцгой санагдаж байсан. Гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь хүн энэ хорвоо дээр ямар учиртай төрснөө гүнзгий мэдэж авахад төдийгүй уг хүний гэр бүлдээ хандах хандлага, гэр бүлийн уур амьсгал зэрэгт маш ач тустай зүйл байдаг.

Тиймээс гишүүддээ гэр бүлийн түүхийн ажлын чухлыг ойлгуулах, удам угсаагаа судлахад уриалах үүднээс жил бүр “Цагаан сар ба ургийн бичиг” сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулж үүнд идэвхтэй оролцох болсон.

Малахигаас авхуулаад үе үеийн бошиглогчид ургийн бичгээ хөтлөхийн чухлыг бидэнд сануулсаар ирсэн.

Хуучин Гэрээний Малахи 4:5–6 дээр “Харагтун, ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ. Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино” гэсэн байдаг.

1836 оны 4-р сарын 3-нд бошиглогч Елиа Иосеф Смит, Оливер Каудери нар дээр Көртландын ариун сүмд ирж, тэдэнд гэр бүлүүдийг үe удмаар нь холбох боломжийг олгох санваарын лацдан холбох хүчийг өгснөөр Их Эзэн “эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлэх” (C ба Г 110:14–16) бошиглолыг гүйцэлдүүлсэн юм. Бид гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан энэхүү бошиглолыг үргэлжлүүлэн гүйцэлдүүлэх ажилд оролцдог. Өвөг дээдсийнхээ тухай мэдэж авснаар тэднийг улам бүр хайрлах сэтгэл төрж, тэдний итгэл хийгээд эр зоригийн түүхээс бид урам зориг авдаг. Мөн тэрхүү өвийг бид үр хүүхдүүддээ дамжуулж чадна.

Ариун сүм Монголд баригдах болсон энэ онцгой цаг үед Монгол даяарх гэгээнтнүүд салбар, тойргоороо хамтдаа цугларч, гэр бүлийн түүхээ хөтлөх аян өрнүүлж байгаад би маш их талархаж байна. Цаашид гишүүн бүрийг зөв зохистой байж, ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ авч, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаа эхлүүлж, цаашид улам бүр эрчимжүүлээсэй гэж уриалмаар байна.

Та бүхний зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болтугай.