Лиахона
Тэргүүн тахилч Каиаф
2026 оны 3-р сарын Лиахона


“Тэргүүн тахилч Каиаф,” Лиахона, 2026 оны 3-р сар.

Тэд Аврагчийг мэддэг байсан

Тэргүүн тахилч Каиаф

Дэлхийн зүйлсээс болж харалган болсон учраас түүнд олон боломж тохиосон ч тэр Мессиаг таниагүй юм.

Тэргүүн тахилч Каиафын зураг

Зураг чимэглэлийг Лоура Сэрра, хуулбарлахыг хориглоно

Аврагч Лазарыг үхлээс босгосны дараа иудейн хамгийн хүчирхэг удирдагчид Есүст хэрхэн хандахаа шийдэхээр зөвлөл хуралдуулжээ. Тэрээр олон гайхамшиг үйлдсэн учраас тэд Түүнийг хүмүүсийн дунд нэрд гарахаас айж байв. (Иохан 11:47-ыг үзнэ үү.)

Ромын ноёрхлын үеийн иудейчүүдийн удирдах зөвлөл буюу дээд шүүхийн удирдагч мөн тэргүүн тахилч Каиаф энэ зөвлөлийг тэргүүлэв. Тэргүүн тахилчийн хувьд тэрээр Христ рүү чиглүүлэх ариун сүмийн ёслолуудыг удирддаг байв.

Гэвч Христийг ирэхэд тэр Аврагчийг таньсангүй. Үүнээс ч дор нь тэр Түүнийг алахаар хуйвалдсан. Энэ бол Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн агуу егөөдлүүдийн нэг юм.

Бошиглолын үгс

Хэдий Каиаф онцлох үүрэгтэй хүн байсан ч түүний тухай мэдээлэл тийм ч их биш байдаг. Шинэ Гэрээнд түүний тухай ердөө есөн удаа дурдагдсан. Тэрбээр иудейчүүд болон ромчуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Тэр садукайчуудын нэг байсан ба тэд бол Христийн үед амьдарч байсан, амилуулалтад итгэдэггүй иудей шашны бүлэг ( Үйлс 23:8-ыг үзнэ үү) юм.

Христ Лазарыг үхлээс амилуулсны дараа Каиаф зөвлөл дээр үг хэлсэн ба итгэл үнэмшлийнхээ улмаас тэр болон бусад садукайчууд энэхүү гайхамшигт сэтгэл зовниж байлаа.

Хэрэв тэд энэхүү түмэнд мэдэгдсэн гайхамшгийн хариуд юу ч хийхгүй бол хүмүүс Есүсийг Мессиа, иудейчүүдийн хаан гэдэгт итгэх ба “ромчууд ирж, манай газар болон үндэстнийг маань сүйтгэнэ” (Иохан 11:48) хэмээн таамаглажээ.

“Та нарт мэдэх юм гэж алга. Бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодолцохгүй байна” (Иохан 11:49–50) гэж Каиаф хэлэв.

Төлөөлөгч Иохан “Тэр энэ үгсийг өөрөөсөө хэлээгүй юм. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир, үндэстнийхээ төлөө Есүсийн үхэх тухай болон

Тэр зөвхөн үндэстнийхээ төлөө бус харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ (Иохан 11:51–52) гэж Каиаф хэлсэн талаар дурдсан.

Гэсгээл

Христ цовдлогдохынхоо өмнө байцаагддаг мөчид Каиафын нэр дахин Шинэ Гэрээнд гардаг.

“Тэгтэл тэргүүн тахилч Түүнд —Чамайг амьд Бурханаар тангараглуулж байна. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв”(Матай 26:63).

“Есүс түүнд —Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлэн дээр ирэхийг харах болно гэж айлдав” (Матай 26:64). Үүний хариуд Каиаф Аврагчийг дахин үгүйсгэсэн. “Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Тэр Бурханыг доромжлов (Матай 26:65) гэжээ.

Хэдийгээр бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгаж, бүх өвчин эмгэг, уй гашуу, зовлон зүдгүүрийг амсахаар урьдчилан томилогдсон дэлхийн Аврагчийн оршихуйд байсан ч Каиаф Есүс бол Христ байсан гэдгийг таниагүй бөгөөд Түүнийг буруушаасан юм.

Бурханы Хүү амьд

Библийн Үйлс 4-т Каиафын тухай дахин дурдсан байдаг. Энэ цэдэгт төлөөлөгч Петр төрөлхийн суунги хүнийг хэрхэн эдгээсэн тухай гардаг ( Үйлс 3:1–8-ыг үзнэ үү). Дараа нь Иохан тэр хоёр Христийн амилуулалтын тухай номлож байхдаа иудейн дээд шүүхийнхний эрх мэдлийн дор баривчлагджээ. Тэднийг өглөө болтол шоронд хориод Каиаф мөн түүний хадам эцэг тэргүүн тахилч асан Аннас нар багтсан зөвлөлийн өмнө авчрав. ( Үйлс 4:1–6; мөн Иохан 18:13-ыг үзнэ үү.)

Ямар эрх мэдлээр уг хүнийг эдгээснийг нь асуухад Петр “та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан, Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл зогсож байгааг та бүхэн бас бүх израиль түмэн мэдтүгэй” (Үйлс 4:10) хэмээн хариулсан.

Тэмдэглэгдэж үлдсэнээр энэ бол Каиафад өгөгдсөн Христийг хүлээн зөвшөөрөх сүүлчийн боломж байв. Харин үүний оронд зөвлөл Петр, Иохан хоёрыг сүрдүүлжээ. Гэвч тэдний сүрдүүлэг Христ амьд гэсэн үнэнийг өөрчилсөнгүй. (Үйлс 4:13-22-ыг үзнэ үү.)

Петр Есүс Христийн хүч чадал, эрх мэдлээр суунги хүнийг эдгээсэн. Үүнтэй адил өнөөдөр ч гэсэн Христийн сэргээгдсэн санваар болон Түүний нэрд итгэх итгэлээр дамжуулан гайхамшгууд тохиож болно. Каиафаас авч болох сургамж нь тун энгийн. Есүс бол Христ, Бурханы Хүү гэдгийг тэр хүлээн зөвшөөрөөгүй, харин бид хүлээн зөвшөөрч чадна. Биднийг Түүнд итгэх үед тэмдгүүд, ер бусын зүйлс, гайхамшгууд дагалдах болно ( Maрк 16:17–18-ыг үзнэ үү).

Эх сурвалж

  1. Библийн толь бичиг, “Каиаф”-ийг үзнэ үү.