“Миний уй гашуу баяр баясгалан болж хувирсан,” Лиахона, 2026 оны 3-р сар
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Миний уй гашуу баяр баясгалан болж хувирсан
Есүс Христийн Цагаатгалын талаарх шинэ ойлголт итгэл найдвар тээн урагш тэмүүлэхэд надад тусалсан.
Бриана Кранзын зурсан зураг
Намайг 18-тай байхад ээжийн талын өвөө маань өөд болсон юм. Тэр үеийг хүртэл би ойр дотнын хэн нэгнээ алдаж үзээгүй байлаа. Хэзээ нэгэн цагт ийм зүйл болно гэдгийг би мэдэж байсан ч тийм гэнэт болчихно гэж төсөөлөөгүй.
Өвөөгийн маань эрүүл мэнд сайн байсан ч гэнэт цус харвасан юм. Эмээ маань түүнийг эмнэлэгт маш хурдан хүргэж өгсөн ч тэр дөрвөн өдрийн дараа нас барсан.
Хэн нэгнийг анх удаа ингэж гэнэт алдсан болохоор сэтгэл минь маш их эмзэглэсэн. Өвөө маань миний амьдралын чухал үйл явдал болгонд оролцдог байснаа гэнэт алга болчихсон тул эвгүй байсан.
Оршуулгын дараа би өвөөгийнхөө дурсамжид хүндэтгэл үзүүлэх арга замыг олсон. Тэр ачааны машинаа янзлах болон өөр бусад зүйл дээр ажиллах дуртай байв. Чухамдаа тэр цус харвах үедээ гарааш дотроо, эвэршсэн гартаа түлхүүр бариад ердийнхөөрөө ажиллаж байжээ.
Би түүн шиг машин засахаар шийдлээ. Ингэх нь түүнтэй ойр байгаа мэт мэдрэхэд тусалдаг. Би бас залбирч, судраас судлах болж, ингэснээр түүний эзгүйд итгэл, найдвар тээн урагш тэмүүлэх амар амгаланг олдог байлаа.
“Харин амилуулалт гэж буй, тиймийн тул булш ялахгүй, мөн үхлийн гашууныг Христ ялан дийлсэн юм” (Moзая 16:8) хэмээн бошиглогч Абинадай надад сануулсан юм.
Өвөөгийн минь үхэл миний амьдралд Есүс Христийн Цагаатгалын ач холбогдлыг илүү утга учиртайгаар ойлгоход тусалсан. Машин засах ажил хийж өвөөдөө хүндэтгэл үзүүлдэгтэй адилаар бид Түүнтэй адил амьдарч, Түүний үгсийг судалж, Түүний сайн мэдээг хуваалцан, “[Түүний] Эцгийн ажлыг” (Иохан 10:37) хийхээр хичээх юм бол Есүс Христэд хүндэтгэл үзүүлж Түүнд ойр байгаагаа мэдэрч чадна гэдгийг би ойлгосон. Ингэх нь Аврагчийн Цагаатгалд илүү их утга учир өгч, Түүнд итгэх итгэлийг маань нэмэгдүүлдэг.
“Биднийг гашуудаж эсвэл баярлан уйлах үед Есүс Христ биднийг төгс ойлгодог” гэж Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг заасан. “Есүс Христ бидэнд Түүний Цагаатгал, Амилалт, Сэргээлт буюу мөнх байдлын агуу бэлгүүд хамгийн их хэрэгтэй байгаа цаг үед бидэнтэй хамт байж чадна.”
Есүс Христ миний уй гашууг баяр баясгалан болгон хувиргасан. Түүний ачаар, Түүний Цагаатгалын ачаар би өвөөтэйгөө дахин уулзах болно гэдгээ мэднэ.