“Зөв шударга даамлууд—Есүс Христийн шавь нар,” Лиахона, 2026 оны 3-р сар.
Гэрээт эмэгтэйчүүд
Зөв шударга даамлууд—Есүс Христийн шавь нар
Гурван сургаалт зүйрлэлд хянан хамгаалах талаар зааж, Есүс Христийн шавь байх замаа хэрхэн гүнзгийрүүлэх жишээг харуулдаг.
Арван онгон охин, Хорхэ Кокко
Шавь байхдаа Есүс Христийн гэрлийг цацруулах нь сэргээгдэх эрчим хүчний хамгийн дээд хэлбэр байдаг бөгөөд энэ эрчим хүч нь ямар нэгэн эх үүсвэрээс байнга сэргээгдэж байдаг. Бид Христийн тайтгарал болон гэрлийг бусдад авчирснаар Түүн дотор өөрсдөө тайтгарлыг олж авдаг.
Тиймээс гэр орон, нийгэмдээ төдийгүй онлайн орчинд амар амгаланг тогтоогч бай. Хөршийнхөө зовлонг нимгэл.
Сатаны зорилго бол биднийг өөрсөд дээрээ бусдаар үйлдүүлдэг байлгах явдал юм. Эсрэгээрээ, Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө нь бидэнд үйлдэх; сайн сайхан, амар амгалан, найдварын төлөө үйлдэгч байх боломжийг олгодог.
Бид зөвхөн мэдээллийн хэрэглэгч байхаас илүү үнэний өмгөөлөгч болсноор мөн урам зориг өгч, найдвар төрүүлж, үнэн зөв мэдээллийг түгээснээр ташаа мэдээллийг няцааж чадна. Бид Есүс Христийн сайн мэдээний гэрэл болон сайн сайхан мэдээгээр дэлхийг үерлүүлснээр сөрөг байдлын эсрэг хариу өгч чадна.
Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал болон сургаалаас олддог билээ” гэж тунхагласанчлан, хариулт нь үргэлж Есүс Христ байдаг.
Ерөнхийлөгч Нэлсон биднийг Түүний шавь байхыг “нэн тэргүүнд” тавь хэмээн урьсан. Бид Есүс Христээс суралцаж, Түүний талаар мэдэж авснаар түүний шавь байхаа гүнзгийрүүлдэг. Тиймээс Аврагчийн сургаалаас судалцгаая.
Арван охин
Матай 25-д гурван сургаалт зүйрлэл гардаг. Эхнийх нь, арван онгон охины сургаалт зүйрлэл (1–13-р шүлгийг үзнэ үү). Тав нь ухаалаг, тав нь мунхаг байв. Арван охин бүгдээрээ зөв газартаа хүргэнийг хүлээж байсан бөгөөд тус бүр дэнлүүтэй ирсэн.
Аврагчийг төлөөлсөн хүргэн гэнэт шөнө дунд ирэхэд таван охинд дэнлүүндээ хийх хангалттай тос байсангүй. Магадгүй тэд илүү тостой байх шаардлагагүй гэж бодсон байж болох юм. Эсвэл тэд өөрсдөд нь байсан тосныхоо арвич даамал байж чадаагүй байх. Магадгүй тэдний анхаарал сарниж, дэнлүүгээ асаалттай байлгах бэлтгэлээ хангалттай базааж чадаагүй байх.
Тиймээс тэднийг хуримын зоогт орохыг гуйсны хариуд хүргэн “Та нар намайг мэдэхгүй шүү дээ” гэж хариулсан (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 25:11 [Maтай 25:12, зүүлт тайлбар a]). Эсрэгээрээ, энэ нь бэлтгэлээ сайтар базааж, ухаалаг даамал байсан таван ухаалаг охин Түүнийг мэддэг байсан гэсэн үг юм.
Үнэт тосыг тэдний хувийн хөрвөлттэй адилтгаж болно. Энэ нь ухаалаг охидод дэнлүүгээ асааж, хүргэнтэй хамт хуримын зоогт орох боломж олгосон. Тосыг найзуудтайгаа хуваалцах боломжгүй, учир нь хувийн хөрвөлт гэдэг бол зөвхөн хувийн зүйл юм. Бид бусдыг өргөж хүчирхэгжүүлэн, Есүс Христ рүү чиглүүлэхээр дэнлүүнийхээ гэрлийг өндөрт өргөж чадах төдийгүй ингэх ёстой ч хүн нэг бүр өөр өөрсдийн хөрвөлтийг хариуцдаг.
Аврагчийн илэрхийлснээр, “та нар Хүргэн хүүгийн ирэлтэд бэлэн байж болохын тулд, үнэнч байж, ямагт залбиран, дэнлүүгээ бэлтгэж мөн асаан бас тосоо өөртөө бэлдэгтүн” (Сургаал ба Гэрээнүүд 33:17; онцлон тэмдэглэлт нэмсэн).
Талант
Maтай 25-д өгүүлсэн хоёр дахь сургаалт зүйрлэл нь талантын тухай юм (14–30-р шүлгийг үзнэ үү). Энэ түүхэд гардаг эзэн хол замд аялахаасаа өмнө гурван зарцдаа талант өгчээ. “Талант”-аар мөнгийг төлөөлдөг. Бид тэдгээрийг бас Тэнгэрлэг Эцэгийн өгдөг авьяас бэлэг, ур чадвар, адислалуудтай адилтгаж болно. Эзэн нэг зарцдаа таван талант, нөгөөд нь хоёр талант, гурав дахьд нэг талант өгсөн. Тэгээд эзэн аяндаа гарав.
Тэр эргэж ирээд таван талант, хоёр талант өгсөн зарц нар нь үнэнч, ашигтай даамлууд байж, талантаа сайн ашиглан хоёр дахин нэмэгдүүлснийг олж мэджээ. Бага зүйлд үнэнч байсан тул эзэн тэдэнд илүү ихийг өгч, “Сайн байна, итгэмжит сайн зарц минь: Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” (21-р шүлэг) гэжээ.
Эсрэгээрээ, нэг таланттай зарц түүнийгээ булчихаж. Магадгүй анхаарал сарниж, хойш тавьснаас болсон бололтой. Эсвэл тэр яаж эхлэхээ мэдэхгүй болохоор бухимдаж эсвэл бүтэлгүйтэх вий гэж айсан байж ч мэднэ. Тэр өөрийгөө бусад зарцтай харьцуулж, эргэлзээ нь түүнийг оролдож үзэхэд саад болсон байж ч магадгүй. Тэр эзнээ эргэж ирэхэд бэлтгээгүй, үнэнч даамал байхын баяр баясгаланг амсаагүй төдийгүй талантаа алдсан юм.
Арван охины сургаалт зүйрлэл, талантын сургаалт зүйрлэл хоёрыг харьцуулан авч үзэж болно. Хоёул бидний хөрвөлт бол бидний өөрсдийн хариуцлага ба Их Эзэний өргөмжлөлийн бэлгийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх ёстой гэдгийг буюу бидэнд өгөгдсөн авьяас чадвар, бэлгүүдийн даамал нь бид юм гэдгийг онцолдог.
Сайн хоньчны хонин сүрэг
Эцэст нь, Maтай 25-д “Бурханы өмнө итгэлтэй зогсдог” хүмүүстэй холбоотой түүхийг өгүүлдэг. Үүнийг сайн Хоньчны хонин сүрэг хэмээн дүрсэлсэн. Энд Түүний баруун талд байрлаж, хуримын зоогт Түүнтэй хамт баясаж, олон зүйлийг захирахаар адислагдсан хүмүүсийн тухай өгүүлдэг (31–40-р шүлгийг үзнэ үү). Их Эзэн тэдэнд ийн хэлэх болно.
“Учир нь өлсөж байхад минь та нар надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан,
Нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над дээр ирсэн билээ” (Матай 25:35–36).
Түүний шавь нарын хувьд бид өөрсдийгөө Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэж мөн бидэнд өгсөн адислалуудад итгэлтэй, үр өгөөжтэй даамал байх үүргийг биелүүлдэг. Өрөвч сэтгэл, энэрэл, ариун журам бүхий үнэнч даамал байх нь биднийг хожим нь Бурхантай хамт амьдрах шаардлага хангахуйц болгодгоос гадна одоо Бурханы өмнө итгэлтэй зогсоход бэлтгэдэг. Мормоны заасанчлан, энэрлээр—Христийн цэвэр хайраар дүүргэгдсэн тэдэнд эцсийн өдөр “[тэдэнд] сайн байх болно.” Тэд Аврагчтай адил болж, Түүнийг байгаагаар нь харж, найдвараар дүүргэгдэж, Түүнтэй адил цэвэр болгогдох болно. (Моронай 7:47–48-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Нэлсон: “Төгс хайр, ариун журам нь Бурханы өмнө итгэлтэй байх замыг нээдэг” хэмээн тунхагласан.
Хоньчин—IV хувилбар, Хорхе Кокко
Есүс Христийн шавь нар тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилдаг.
Эдгээр гурван сургаалт зүйрлэлд бүгдээрээ өөрсдийнхөө хөрвөлтөд төдийгүй авьяас бэлэг, адислагдсан эд хөрөнгөдөө болон өлсөж ядарсан, өвдсөн, гэр оронгүй хөршүүддээ хариуцлагатай байх талаар заадаг.
Тэдгээрт Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох аюултай цаг үеүдэд Христийн шавь нар хэрхэн бэлтгэх талаар заадаг. Энэ үе бол бидний амьдарч буй цаг үе! Бид хөрвөлтийн дэнлүүгээ тод асааж, гэрлээ гэрэлтүүлж, авьяас чадвараа ашиглан, хөгжүүлж, тусламж хэрэгтэй хүмүүст анхаарал халамж тавих ёстой. Энэ нь төгс хайр буюу Христийн цэвэр хайраар дүүрэн байх явдал юм.