“Еммаугийн зам дахь шавь нар: Илчлэлийн ба Танин мэдэхүйн аян,” Лиахона, 2026 оны 3-р сар.
Тэд Аврагчийг мэддэг байсан
Еммаугийн зам дахь шавь нар: Илчлэлийн ба Танин мэдэхүйн аян
Эдгээр шавь нарт тохиолдсон туршлагатай адил Аврагчийн Цагаатгал болон Амилалтын талаарх гэрчлэл бидний зүрх сэтгэлийн дотор шатаж чадна.
Зураг чимэглэлийг Лоура Сэрра, хуулбарлахыг хориглоно
Ням гарагт амилалсны дараах үдээс хойш хоёр шавь нь Иерусалимаас Еммау хүртэлх 13 км замд алхаад явж байлаа. Сэтгэл санааны хувьд сэтгэл хямарсан хэдэн өдрүүд байлаа.
Тэдний зүрх сэтгэл харуусалд автсан байлаа. Тэдний оюун бодолд гайхширал, уй гашуу ээлжлэн байв. Тэд Назарын Есүсийн тухай, Түүний үхэл, Түүний амилалтын тухай цуурхал, сэтгэл зовоосон тодорхойгүй байдал энэ бүхэн ямар утга учиртай болох тухай ярьцгааж байв.
Тэднийг алхаж явтал нэгэн танихгүй хүн хүрч ирээд ярианд нь аажмаар оролцов. Энэ хүн Есүс байсан ч тэд Түүнийг таньсангүй. Тэдний нүд халхлагдаж, ойлголт нь бүрхэгджээ. Үл таних хүн тэднээс “Та нар алхах зуураа нэг нэгэнтэйгээ юун тухай ярилцаад ийм гунигтай байгаа юм бэ? хэмээн асуув. (Лук 24:17).
Шавь нарын нэг болох Клеоп, амралтын өдрүүдэд Иерусалимыг доргиосон тэдгээр эмгэнэлт үйл явдлыг огтхон ч мэдэж, дуулаагүй хүн байна гэдэгт эргэлзэн “Энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалимд түр байгсдын дунд Танаас өөр байхгүй л болов уу?” гэхэд
“Юу тэр билээ?” гэж Есүс асуув.
“Назарын Есүсийн тухай юм. Тэр Бурхан болоод бүх ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм” (Лук 24:18–19) гэсэн тэдний хариулт эргэлзээгүй бас чин сэтгэлийнх байв. Тэд Есүс Израилыг гэтэлгэнэ гэдэгт итгэж байсан гэж хэлсэн боловч Тэр нас бараад гурав хонож байлаа. Тэнгэр элч нар үзэгдэж, Түүнийг амьд байгаа гэж тунхагласан хэмээн хэдэн эмэгтэй хэлсэн боловч үзэхээр явсан төлөөлөгчид Түүнийг хараагүй байлаа.
Тэгэхэд нь Есүс үл таних хүний хувиар бус, багшийн хувьд ийн ярив. “Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ!” (Лук 24:25). Тэрээр Мосегоос авхуулаад бүх бошиглогч судруудад Түүний талаар юу илчилснийг тэдэнд тайлбарлав. Бурханы Хүү, амийн Их Эзэнтэй хамт олон цагийн турш алхаж, Түүнийг Мессиагийн талаарх бошиглолуудыг тайлахыг сонсож байна гээд төсөөлөөд үз дээ. Тэдний уй гашуу арилж, гайхширал ба сэтгэл хөдлөлөөр солигдож эхлэв.
Бидэнтэй хамт байгаач
Тэднийг Еммауд ойртож ирэхэд Есүс цаашаа явах гэж байгаа мэт байв. “Тэд Түүнийг ятган Бидэнтэй хамт байгаач. Хэдийн нар хэвийж, орой болсон байна гэж хэлэв” (Luke 24:29). Тэр тэдэнтэй хамт үлдээд, сууж, талх авч хуваав.
Дараа нь юу тохиолдсон талаар Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэймс Э. Талмэйж (1862–1933) ийн бичжээ: “Адислалын халуун дулаан уур амьсгал, эсвэл талхыг хувааж, түгээх байдал нь өнгөрсөн өдрүүдийн дурсамжуудыг сэргээсэн байж болох юм. Эсвэл тэд хадаасны оромтой мутруудыг нь харсан байж магадгүй. Гэвч ямар ч баттай шалтгаан байлаа гэсэн тэд Зочноо анхааралтай харахад, ‘тэдний нүд нээгдэж, тэгээд Түүнийг танихад, Тэр тэдний нүднээс алга болжээ’ [Лук 24:31].”
Дараагийн мөчид тэд нэг нэгэндээ хандан “Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу?” хэмээн хэлцгээв. (Лук 24:32). Тэрхүү шатах мэдрэмж нь төөрөгдөл эсвэл айдас биш, харин танин мэдэхүй байв. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р. Макконки (1915–1985) “Ийнхүү дүрслэгдсэн мэдрэмжүүд нь бурханлаг Хүүгийн баттай гэрчлэл юм” хэмээн заасан.
Бидний Еммау хүрэх хувийн зам
“Танд Түүнтэй хамт алхаад, ярилцах боломж олдвол Тэр юу хэлэх байсан бол?” хэмээн далын ахлагч Патрисио М.Жиуфра асуусан.
Бид мөнөөх хоёр шавийн адил Аврагч бидэнтэй хамт алхдаг гэдгийг таньж мэдээгүй байж болох юм гэж тэр хэлсэн. “Тэр бидэнтэй хэрхэн хамт байж, хамт тэмцэж, хамт ажиллаж, хамт уйлдгийг бид харахгүй байж мэдэх юм” Амьдрал дахь анхаарал сарниулах зүйлс, сорилт бэрхшээл эсвэл амжилтуудын аль нь ч Түүний оршихуйг халхалж өнгөрүүлж болдог.
Бидний хүн нэг бүр Еммау хүрэх өөр өөрийн замаар алхдаг. Энэ замд бид өвчин эмгэг, сул дорой байдал, санхүүгийн дарамт, тэр бүү хэл амжилттай цуг ирж болох бардамналтай тулгардаг. Гэсэн хэдий ч бид хэзээ ч ганцаараа алхах шаардлагагүй гэж ахлагч Жиуфра хэлсэн. Бид Аврагчаас “бидэнтэй хамт байгаач” хэмээн хүсэж болно.
Бид Христийн тухай суралцаж, Түүний зарлигуудад дуулгавартай байж, залбирч, судруудыг судалж, амьд бошиглогчдыг дагаж, Түүнийг өөрсөдтэйгөө хамт байхыг урьснаар Түүний нөлөөг таньж мэдэж эхэлдэг. Хоёр шавийн “Бидэнтэй хамт байгаач” гэсэн гуйлт мөн бидний гуйлт байх ёстой гэж ахлагч Жиуфра хэлсэн. Ийм үед бидний зүрх сэтгэл ч бидний дотор шатах болно.