Лиахона
Газар дэлхийн бүх гэр бүл ерөөгдөх болно
2026 оны 3-р сарын Лиахона


“Газар дэлхийн бүх гэр бүл ерөөгдөх болно,” Лиахона, 2026 оны 3-р сар.

Газар дэлхийн бүх гэр бүл ерөөгдөх болно

Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийнхээ гэр бүлүүдэд зориулсан төлөвлөгөөг дагаж мөн хуваалцах юм бол Тэр бидэнтэй хамт байж, биднийг дэмжиж, Түүн рүү эргэж очих аялалд маань бидэнтэй цуг байх болно.

Иаковын үзэгдэл харж буйг дүрсэлсэн зураг

Бетел дэх Иаковын зүүд, Ж.Кэн Спэнсэр

Саяхан Угдорф эгч бид хоёр нэг зээнцрийнхээ баптисмд оролцсон. Бид олон үеийнхэн энэ үйл явдлыг баяр хөөртэй тэмдэглэж буйг харахдаа, хүүхдүүддээ зориулан авралын төлөвлөгөөг зохиосонд нь Тэнгэрлэг Эцэгтээ гүнээ талархаж байлаа. Бид гэр бүл болон ариун нандин гэрээнүүд бүр эхлэлээс л Түүнд хэчнээн чухал байсныг мэдэрсэн.

Энэхүү чухал ач холбогдлыг эхнэр олж авч, гэрээнд гэрлэж, гэр бүлтэй болохын тулд урт удаан, хүнд хэцүү аяллыг туулсан итгэлтэй Иаковын тухай Хуучин Гэрээний түүхээс харж болно. Нэг орой Иаков амрахаар саатсан боловч дэр болгон ашиглах зөвхөн чулуу л олжээ. Унтаж чадсан төдийгүй зүүд зүүдэлснийг бодоход тэр маш их ядарсан байсан байх.

Гэрээний дагуу гэрлэн, гэр бүлтэй болох эрхэм зорилгод бодол санаа нь чиглэсэн байсан Иаков “газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөж уруудан байхыг харсан.

Тэгтэл, үзэгтүн, Эзэн үүний дээр зогсоод, Би бол Эзэн, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна” (Эхлэл 28:12–13) хэмээв.

Дараа нь Их Эзэн Иаковт хэдэн чухал гэрээний амлалт өгсөн бөгөөд эдгээр амлалтыг Иаковын эцэг Исаак, өвөг эцэг Абрахам хоёрт бас өгчээ. Үүнд:

  • Иаковыг “ард түмнүүдийн чуулган”-ы эцэг болно гэсэн амлалт (Эхлэл 28:3-ыг; мөн 14-р шүлгийг үзнэ үү).

  • Иаковын үр удамд газар өвлүүлэх амлалт (Эхлэл 28:4, 13-ыг үзнэ үү).

  • Иаков болон түүний үр удмаар дамжин “дэлхийн бүх овгийн ерөөл байх болно” гэх амлалт багтана (Эхлэл 28:14; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Иаковт тохиолдсон явдал үнэхээр ариун нандин байсан учир тэрээр: “Эзэн үнэхээр энэ газарт байна. … Энэ бол гарцаагүй Бурханы өргөө төдийгүй тэнгэрийн хаалга юм” (Эхлэл 28:16–17) гэж тунхагласан. Тиймээс Иаков энэ газрыг Бет-ел гэж нэрлэсэн нь “Бурханы өргөө” гэсэн утгатай (Эхлэл 28:19, зүүлт тайлбар a).

Иаковын зүүдэнд өгсөн амлагдсан адислалд хүрэхийн тулд Иаков бодит амьдрал дээр ямар нэгэн шатаар авирахтай адил бэлгэдэл бүхий зүйл хийх шаардлагатай байлаа. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Иаковын зүүд, Их Эзэний гэрээнүүд болон Их Эзэний өргөө хоорондын холбоог ойлгоход хэцүү биш юм. Ариун сүмүүд нь Иаковын харсан шаттай их төстэй. Их Эзэний өргөөний сургаал, ёслол, гэрээнүүд нь тэнгэр ба дэлхийг холбодог. Гэрээнүүдийг Их Эзэнд биднийг илүү их ойртуулдаг шатны гишгүүртэй адилтгаж болно. Мөн бид ариун сүмүүдэд байгуулдаг ариун үйлчлэлээрээ “Дэлхийн бүх овог”-ийг өнгөрсөн, одоо, ирээдүйд адисалж байна.

“Ямар гайхамшигтай нээлт вэ!”

Чөлөөнд гарсан Далын хүндэт гишүүн ахлагч Брүс К.Хафэн нэг удаа үндэсний мэдээний сэтгүүлийн редактораас утасны дуудлага хүлээн авчээ. Редактор өөр өөр шашны тэнгэрийн тухай итгэл үнэмшлийн түүхийн судалгаа бүхий сүүлд гарсан номын талаар ярилцахыг хүссэн юм.

“Олон нийт тэнгэр болон тэнгэр дэх гэр бүлүүдийн талаар мэдэх гүн гүнзгий сонирхолтой байдгийг зохиолчид олж мэдсэн” гэж ахлагч Хафэн бичжээ. Ихэнх хүн үхлийн дараах амьдрал, мөнхийн хайр, тэнгэрт гэр бүлүүд цугларна гэдэгт итгэдэг хэвээр байдаг ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг эс тооцвол “ихэнх Христийн сүм энэхүү дотоод хүсэлд төдийлөн хариу өгдөггүй.”

Аврагчийн сэргээгдсэн Сүмд бидэнд ариун сүмүүд байдаг. Бидэнд бие махбодын үхлийг давах адислал хүртээдэг лацдан холбох эрх мэдэл бүхий мөнхийн гэрлэлт байдаг. Бидэнд Эцэг, Хүү хоёрын оршихуйд хайртай хүмүүстэйгээ байх мөнхийн ирээдүйн амлалт байдаг. Эдгээрээс улбаалан зохиолчид хожмын үеийн гэгээнтнүүдийн тэнгэрийн талаарх ойлголтыг хамгийн бүрэн гүйцэд юм байна гэж дүгнэсэн ба хамгийн аз жаргалтай нь гэдгийг би мөн нэмж хэлмээр байна.

“Ямар гайхамшигтай нээлт вэ!” Ахлагч Хафэн ийн ажиглажээ. “Өнөө үед ихэнх хүн мөнхийн гэр бүлийг хүсдэг. [Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ] тэрхүү хүслийг бусад ямар ч үзэл бодол [эсвэл шашны итгэл үнэмшлээс] илүү сайн биелүүлдэг. ‘Гэр бүл үүрд хамт байх болно’ гэсэн баярт мэдээг [манай] хүүхдүүд дуулахыг дэлхий даяар сонсдог ч болоосой.”

Гэр бүл бол зүгээр нэг нийгмийн зохицуулалт төдий зүйл биш юм. Тэд бол тэнгэрийн мөнхийн загвар. Гэр бүл нь “Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг.” Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “[Их Эзэн] дэлхийг бүтээсэн нь биднийг бие махбодтой болж, гэр бүлээ байгуулах боломжтой байхын тулд юм. Тэрээр гэр бүлүүдийг өргөмжлөхийн тулд Өөрийн Сүмийг байгуулсан. Тэрээр гэр бүлүүд үүрд хамт байж болохын тулд ариун сүмүүдийг өгсөн” гэж бидэнд заасан.

Гэхдээ бид бат бөх гэр бүлд анхаарал тавьдаг нь зөвхөн мөнхийн хувь заяаны тухай биш билээ. Гэр бүл нь бидний мөнх бус амьдралын аз жаргалтай байдалд ч чухал ач холбогдолтой. Одоо болон үүрд мөнхөд юу аз жаргал авчирдгийг төгс мэддэг бидний Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ төгс бус гэр бүлүүд рүү илгээж, хүчирхэг гэр бүлүүдийг байгуулж, тэжээн тэтгэхэд урьдаг. Мэдээж, “хөгжлийн бэрхшээлтэй болох, нас нөгчих болон бусад нөхцөл байдалд хувь хүн зайлшгүй дасан зохицох шаардлага гарч болно.” Гэвч нөхөр, эхнэр, эцэг эхийн бурханлагаар томилогдсон чухал үүрэг хариуцлагуудыг юу ч орлож чадахгүй.

“Цусан төрлийн, хуулиар батлуулсан, эцэг эх нь бүрэн гэр бүлүүдийг” судалсан судалгаанаас харахад, гэр бүл нь “хайр энэрлийн гүн гүнзгий холбоог” хадгалан авч үлдэхэд зайлшгүй чухал болохыг үргэлжлүүлэн харуулсаар байна. Энэ нь “тогтвортой, төлөвшсөн, нийгмийн ухамсарт хувь хүмүүсийг бий болгох анхдагч орчин” юм.

Гэр бүлийн тууштай хамгаалагчид

Мэдээж, Бурханы төлөвлөгөөнд чухал ач холбогдолтой ямар нэгэн зүйл эсэргүүцэлтэй тулгарах нь гайхах зүйл биш юм. Сатан хэзээ ч гэр бүлд дуртай байгаагүй ба түүний хүчин чармайлт улам бүр ширүүсэж байгаа учир нь тэр “өөрт нь богинохон хугацаа байгааг мэдэж байгаа” (Илчлэлт 12:12). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын (1928–2023) хэлсэнчлэн, “Сатан Их Эзэний ажлыг тасалдуулах хамгийн баттай бөгөөд үр дүнтэй арга зам бол гэр бүлийн үр нөлөө, гэр орны ариун нандин байдлыг дордуулах явдал гэдгийг мэддэг.”

Бурханы мөнхийн гэр бүлийн тухай, хүүхдүүддээ зориулсан Түүний төлөвлөгөө, гэр бүлийн харилцааны мөнхийн ач холбогдлын тухай мэддэг учраас бид дэлхийн хамгийн хичээнгүй гэр бүл хамгаалагчдын нэг байх ёстой.

Бид үүнийг яаж хийх вэ?

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Их Эзэн гэр бүлд одоо тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад туслахын тулд бидэнд хэрэгтэй сайн мэдээний үнэнийг дахин онцлон тэмдэглэсэн нь гэр бүлийн тунхаг юм” гэсэн зөвлөгөөг өгчээ.

Бид хувийн амьдралдаа гэр бүлийн харилцааг хүчирхэгжүүлдэг “өчүүхэн мөн энгийн зүйлсийг” (Aлмa 37:6) хийж чадна. Үүнд гэр бүлийн тунхагт дурдсан “итгэл, залбирал, наманчлал, уучлал, хүндэтгэл, хайр, өрөвч нинжин сэтгэл, хөдөлмөр, үр бүтээлтэй мөн эерэг үйл ажиллагаа” гэх амжилттай гэр бүл, гэрлэлтийн зарчмуудыг дагах явдал орно. Гэр бүлийнхээ одоогийн нөхцөл байдлаас үл хамааран, гэр бүлийн харилцаа бидний хувьд үүрд чухал гэдгийг бид үйлдлээрээ харуулж чадна.

Оршин суугаа газрынхаа “итгэл хүлээсэн иргэд”-ийн хувьд бид “гэр бүлийг дэмжиж, хүчирхэгжүүлэх эдгээр арга замыг түгээн дэлгэрүүлж” чадна.

Бид бол Их Эзэний хожмын үеийн гэрээт хүмүүс. Бид Абрахам, Исаак, Иаков нарт өгөгдсөн бүх амлалтыг өвлөгчид билээ. Тэдгээр амлалт дандаа гэр бүлтэй холбоотой байдаг. Эдгээр амлалт “газар дэлхийн бүх гэр бүлийг” ерөө гэсэн ариун дуудлагатай хамт ирдэг. Үүнийг хийх нэг чухал арга бол “гэр бүл Бурханаас заяагддаг” мөн “Ариун сүмийн ёслол, гэрээнүүд нь хувь хүмүүст Бурханы оршихуйд эргэн очих мөн гэр бүлүүдэд мөнхөд нэгдэх боломжийг олгодог” гэдэг мөнхийн үнэний дагуу амьдрах, үүнийг хамгаалах, хуваалцах явдал юм.

“Би чамтай хамт байна”

Гэр бүлийнхнийгээ бидний хайрт мөнхийн Тэнгэрлэг Эцэгтэй ариун гэрээнүүд байгуулахыг харах үед Угдорф эгч бид хоёрын зүрх сэтгэл баяр баясал, талархлаар дүүрдэг. Бид зөвхөн хүүхдүүддээ төдийгүй тэдний хүүхдүүдэд, бас эцэг эхдээ болон тэдний эцэг эхэд баясдаг. Бид сайн мэдээний гэрээнүүд биднийг үе удам дамжин хэрхэн нэгтгэдэг талаар гүн гүнзгий хайраар тунгаан боддог. Энэ нь “газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан бас дахин харвал түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөж уруудан байгааг” (Эхлэл 28:12) харснаас ялгаагүй туршлага юм.

Иаковын зүүдэнд орж ирж амласан Их Эзэний адислалууд Түүний бүх гэрээт хүүхдүүдэд, түүний дотор танд болон надад хамаатай. Их Эзэн Иаковт хариулсан шиг, хэрэв бид Түүнийг сонговол “[бидний] шаналалт өдөр” (Эхлэл 35:3) Тэр бидэнд хариулах болно.

Их Эзэн: “Харагтун” гээд, “Би чамтай хамт байна, хаана ч явсан чамайг хамгаалан, … Чамайг орхихгүй” (Эхлэл 28:15) гэж хэлсэн.

Иаковын адил бид бүгдэд туулах ёстой аялал бий. Заримдаа амлагдсан адислалууд хол мэт санагддаг. Хэцүү асуудал эсвэл сорилт тулгарах үед бид Их Эзэний хайранд эргэлзэж магадгүй. Тэр байтугай Бурхан биднийг орхисон мэт мэдрэмж ч төрж мэднэ. Бидэнд шавь байхын тулд чадах бүхнээ хийсэн ч хүлээн авна гэж найдаж байсан адислалуудаа хүлээн авч чадахгүй байгаа мэт санагдаж магадгүй.

Ах, эгч нар аа, хайрт найзууд аа, гэрээний зам нь хэдийгээр заримдаа гуних үе гардаг ч баяр баясгалантай зам юм. Хэрэв та аз жаргалын төлөвлөгөөний зарим хэсэг одоо таны амьдралд биелэгдэхгүй байгаа мэт санагдвал, Их Эзэн танд санаа тавьж, Өөрийн мэргэн ухааны дагуу цаг нь болохоор таныг адислах болно гэдэгт итгээрэй.

Есүс Христэд болон Түүний амлалтуудад итгэх итгэл биднийг арагшаа биш, харин урагш харж амьдрахад урамшуулдаг. Түүний ачаар бидний ирээдүй өнгөрсөн үед болж өнгөрсөн эсвэл яг одоо бидний харааг хааж байгаа ямар ч зүйлд баригдах шаардлагагүй. Тийм ээ, бид бүгд ямар нэг байдлаар шархалсан юм уу ирээдүйд шархалж ч мэднэ. Гэхдээ бид Агуу Эдгээгчид итгэдэг. Бид түүнд маш их итгэдэг, бүр “холоос тэдгээрийг харсан ч” Түүний амлалтуудыг хүлээн авч бүрэн “батлан хэлдэг” (Еврей 11:13).

“Их Эзэний зам, цаг хугацаанд Түүний итгэлтэй гэгээнтнүүдэд ямар ч адислал боломжгүй байхгүй гэдгийг санацгаая” гэж ерөнхийлөгч Нэлсон хэлжээ. “Хувь хүн бүрийн зүрх сэтгэлийн гүн дэх хүсэл болон хийсэн үйлээр Их Эзэн шүүж мөн шагнах болно.”

Биднийг Тэнгэрлэг Эцэгийнхээ гэр бүлүүдэд зориулсан төлөвлөгөөг дагаж, хуваалцах үед Тэр бидэнтэй хамт байж, биднийг дэмжиж, бидний аялалд бидэнтэй нэгдэх болно гэдгийг би амлаж байна. Ялангуяа бидэнд эсвэл хайртай хүмүүст маань сорилт тулгарах үед Тэр биднийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй. Тэр биднийг үүрч, өргөж, Өөртэй нь хамт, мөн Түүний Хүү Есүс Христтэй болон гэр бүлтэй маань хамт баяр баясгалангийн амлагдсан нутагт мөнхөд аваачих болно.