“Төгс Аврагч зовлон бэрхшээл гэж юу байдгийг ойлгож чадах уу?,” Лиахона, 2026 оны 3-р сар.
Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээнээс
Төгс Аврагч зовлон бэрхшээл гэж юу байдгийг ойлгож чадах уу?
Есүс Христ төгс учраас бид заримдаа Түүнийг зовлон бэрхшээл гэж юу байдгийг мэддэг гэдгийг мартдаг.
Брэндон Гонзалэсын зурсан зураг
Би хүнд хэцүү цаг үед өөрийгөө Христийн тэнгэрлэг тусламжийг авах боломжгүй гэж бодох талтай байдаг. Би заримдаа нүгэлгүй, төгс Аврагч болох Тэрээр хэзээ ч бидний зовлон бэрхшээлийг ойлгохгүй гэж боддог.
Ялангуяа номлогч байхад надад ингэж санагддаг байсныг би санаж байна. Хүнд хэцүү цаг үе ямар байдгийг Христ мэддэг гэдгийг ойлгоход надад маш их бэрхшээлтэй байсан.
Тэр миний ямар мэдрэмжтэй байсныг яаж мэдэж чадах билээ?
Би өөрийгөө номлолынхоо оргил үед байна гэж бодож байсан. Би шинэ номлогч сургаж, баптисмд бэлтгэж, номлогчийн ажил гарт орсон байлаа. Би маш их аз жаргалтай байсан.
Гэвч би өөрт хуримтлагдаж байсан сэтгэлийн хямрал, түгшүүрийг анзаараагүй юм.
Нэг шөнө унтах гээд хэвтэж байхдаа би амьдралынхаа хоёр дахь айдсын дайралтад орж эхэлсэн. Эхнийх нь есөн жилийн өмнө болсон байсан. Есөн жил!
Хүүхэд байхдаа хэсэг хугацаанд мэдэрч байсан сэтгэл түгшүүр яагаад одоо гэнэт дахин гарч ирж байгаа юм бол?
Би асуудлуудаа өөрөө шийдэж чадна гэж бодоод номлолоо хэвийн мэт үргэлжлүүлэх гэж муйхарлан хичээдэг байлаа.
Намайг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтайгаа тэмцэж байхад нэг хүн Гетсемани дахь Аврагчийн туршлагын талаар уншиж байхдаа олж авсан нэгэн ойлголтоо надтай хуваалцсан юм.
Есүс: “Сэтгэл минь үхтлээ зовж байна” гэж хэлсэн. Тэгээд Аврагч: “Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог” (Maтай 26:38) хэмээн мөн залбирчээ.
Та өөрийнхөө уй гашууны хүндийг мэдэрч байсан уу? Та Бурханаас “Өөр зам бий юү?” гэж асууж байсан уу?
Бидний Гэтэлгэгч төгс хүсэл, төгс дуулгавартай байдал, төгс хайраар Эцэгийн хүслийг хүлээн авсан юм. Тэр нүгэлгүй байсан учраас төгс байсан ч өвдөлт, уй гашуу, ганцаардлыг мэдэрсэн.
Эцэст нь Тэрээр биднийг өргөхийн тулд бүхнээс доош бууж ирсэн.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жэффри Р.Холланд: “Есүс бол ‘зовлон шаналлын хүн’ [Исаиа 53:3] гэж сударт гардаг. Тэрээр уйтгар гуниг, урам хугарал, ганцаардлыг туулсан. Өнөөгийн болон бүх цаг үед Есүсийн ч, Түүний Эцэгийн ч хайр бөхөөгүй” гэж заасан байдаг.
Христ бидний яг юу мэдэрч байгааг мэддэг
Христ хүнд хэцүү зүйлүүдийг даван туулсан гэдгийг мэдэх нь Тэр зүрхний шаналал зовлон, сэтгэл гутрал, цөхрөл, урам хугарал, түгшүүр, ганцаардлыг хэнээс ч илүү ойлгодог гэдгийг надад сануулдаг.
Тэрээр Лазарыг нас барахад уйлсан (Иохан 11:33–36-г үзнэ үү). Тэр загалмай дээр үхэж байхдаа “Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?” (Марк 15:34) гэж асуусан нэгэн.
Гэвч Есүс Христ баяр баясал, хайр, өрөвч сэтгэл, нигүүлсэл, амар амгаланг хэнээс ч илүү мэддэг. Учир нь тэр бол төгс. Тиймээс Тэр бидний юу мэдэрч байгааг төгс мэддэг.
Ерөнхийлөгч Холланд: “Христийн амилсны баярын үеэр мэдэрч болох гайхалтай тайтгарлуудын нэг нь Есүс цор ганцаараа тэрхүү урт замыг туулсан учраас бид туулах шаардлагагүй хэмээх тайтгарал юм. Түүний ганцаархнаа хийсэн аялал нь тэрхүү замын бяцхан хувилбарыг буюу Тэнгэр дэх Эцэгийн нигүүлсэнгүй халамж, энэхүү Хайрт Хүүгийн хувиршгүй нөхөрлөл, Ариун Сүнсний төгс бэлгийг бидэнд авчирсан юм” гэж гэрчилжээ.
Есүс Христ намайг сэтгэл түгшилтэй нүүр тулах үед надад ямар мэдрэмж төрж байгааг төгс ойлгож байгаа гэдгийг би ойлгосон болохоор эцэст нь ачаагаа үүрэхэд минь туслахыг Түүнд зөвшөөрсөн юм.
Миний сэтгэл түгшил гэнэт алга болоогүй. Надад хүнд өдрүүд байсаар л байлаа. Гэвч Христтэй ойр байх нь надад баяр баяслыг өгдөг, учир нь Түүнийг “Би мэднэ. Чамд ямар байгааг би төгс мэднэ” гэж хэлээд, надтай хамт байгааг би мэдэж байсан.
Энэ явдлын үеэр Христ миний хамгийн дотнын итгэлт хүн болсон юм.
Заримдаа бид Христийн төгс төгөлдөр байдал гэдгийг Тэр хол байдаг, Түүнд хүрч чадахгүй гэсэн утгатай буюу Түүний агуу үйлс, гайхамшигт амьдрал Түүнийг эгэл жирийн, төгс бус, бардам хүмүүс болох биднээс хол болгодог гэж бодох хандлагатай байдаг гэж би боддог. Гэвч биднийг хамгийн хүнд бэрхшээл, хамгийн гүн уй гашуу, хамгийн аймшигтай зовлонг туулж байхад Тэр бидэнд хамгийн ойр байдаг.
Энэ Христийн амилсны баярын үеэр бид Есүс Христ төгс төгөлдөр, бидний зовлон шаналлыг мэдэрч, бидний ачааг үүрч чадах цорын ганц хүн байсан учраас зовлон бэрхшээл гэж юу байдгийг яг таг мэддэг гэдгийг бид санаж чадна.
Тиймээс зовж зүдэрч байгаа үедээ Түүнд ханд. Тэр чамайг төгс ойлгодог.