Лиахона
Баярт мэдээ
2026 оны 3-р сарын Лиахона


“Баярт мэдээ,” Лиахона, 2026 оны 3-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Баярт мэдээ

Аврагчийн хязгааргүй Цагаатгалын ачаар би найзтайгаа дахин уулзана гэдгээ мэднэ.

Хоёр эмэгтэйн гэрэл зураг

Бриана Кранзын зурсан зураг

Хөршүүдийн хувьд, Маритза бид хоёр бага байхдаа танилцсан. Тэр надаас хэдэн насаар эгч байсан ч бид маш сайн найзууд болж, маш дотно үерхсэн.

Намайг 19 настай байхад, ялангуяа удирдамж заавар хэрэгтэй тэр үед тэр бүрэн цагийн номлогчдоор дамжуулан Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг надад танилцуулсан юм. Би авга ах, эмээ хоёроороо дамжуулан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар аль хэдийн бага зэрэг мэддэг болсон байв. Тэд манай гэр бүл дэх Сүмийн анхдагч гишүүд байсан.

Хөрвөлтийн минь туршид Маритза надтай хамт байж, Аврагчийн болон Түүний сайн мэдээний тухай гэрчлэлээ хөгжүүлэхэд тусалж, түүний хэрэг гарах бүрд гараас минь атгадаг байлаа.

Би сайн мэдээний дагуу энгийн бөгөөд шийдэмгий амьдрахын баяр баясгаланг түүнээс сурсан юм. Би түүний нийтэч занг төдийгүй гэр бүл, найз нөхдөө нэгтгэх арга замыг мөн материаллаг, сүнслэг зорилгууддаа хүрэхийн тулд тууштай байдгийг нь биширч байлаа. Бид үнэнтэй нүүр тулгарах үедээ зарлигуудыг сахих, сайн мэдээний сургаалыг амьдралдаа болон гэр бүлдээ хэрэгжүүлэх, сурч мэдсэн зүйлээ ажил хэрэг болгох ёстой гэдгийг би түүнээс сурсан. Итгэлтэй хэвээр үлдэхийн тулд бид гэрчлэлдээ зоригтой байж, саад бэрхшээлийг үл харгалзан итгэлээсээ зууран барих ёстой.

2010 онд Маритза машины ослоор нас барсан. Энэ нь миний хувьд маш гунигтай мөч байсан. Гэхдээ би авралын төлөвлөгөө болон Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан түүнтэй дахин уулзах болно гэдгийг мэднэ. Тэр дэлхий дээр өөрийг нь тодорхойлж байсан тэрхүү хөгжилтэй хандлага, эрч хүчээ одоо байгаа газраа ч үргэлжлүүлсээр байгааг би мэднэ.

Энэхүү “сорилтын хугацаагаар” (Алма 12:24) бүх юм дуусахгүй гэдгийг би мэднэ. Бид гэр бүл, найз нөхдөө хөшигний нөгөө талд дахин харна гэдгийг би мэднэ. Бид тэдэнтэй уулзаж, мэндэлж, дахин хамт байх болно. Бид дэлхий дээр байсантай адил бие биеэ хайрлах мэдрэмжүүдийг авна (Сургаал ба Гэрээнүүд 130:2-ыг үзнэ үү). Манай гэр бүлийн гишүүд тэнд байгаа. Маритза ч бас тэнд байгааг би мэднэ.

Маритза дэлхий дээр сайн мэдээний тухай хүн бүртэй баяр хөөртэй ярьдаг байсан. Тэр сүнсний дэлхийд ч мөн адил зүйлийг хийж байгаа гэдэгт би итгэлтэй байна (Сургаал ба Гэрээнүүд 138:57-г үзнэ үү). Тэр Аврагчийн хязгааргүй Цагаатгалын тухай, Түүний ачаар болон ариун сүмийн ёслолуудаар дамжуулан бид гэр бүлээрээ мөнхөд амьдрахын тулд Түүний болон Эцэгийн оршихуйд эргэн очиж чадна хэмээх баярт мэдээний тухай зааж байгаа.

Эх сурвалж

  1. Жозэф Ф.Смит, Gospel Doctrine, 5 дахь хэвлэл (1939), х. 461-ийг үзнэ үү.