Лиахона
Ариматын Иосеф: Зөв шударга хүсэл ба Бурханы гайхамшгууд
2026 оны 3-р сарын Лиахона


“Ариматын Иосеф: Зөв шударга хүсэл ба Бурханы гайхамшгууд,” Лиахона, 2026 оны 3-р сар

Тэд Аврагчийг мэддэг байсан

Ариматын Иосеф: Зөв шударга хүсэл ба Бурханы гайхамшгууд

Ариматын Иосеф гэж хэн байсан бэ? Христийн амилсны баярын түүхэн дэх түүний үүргээс бид юу сурч болох вэ?

Ариматын Иосефын зураг

Зураг чимэглэлийг Лоура Сэрра, хуулбарлахыг хориглоно

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу ялалтад хүрэхэд нь Их Эзэнд тусалснаар Ариматын Иосеф Христийн амилсны баярын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Есүс Христийг цовдлогдсон үед Иосеф “зориглон Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуй[сан]” (Maрк 15:43). Бусад олон хүн Их Эзэнийг цөхрөх цагт нь орхин явсны дараа юу Иосефыг үлдэж, Аврагчийн золиослолын тийм чухал үе шатанд оролцоход хөтөлсөн юм бол?

Түүний үнэнч сэтгэл нь Христэд үхлийн ял оноосон фарисайчууд, садукайчуудаас бүрдсэн иудейчүүдийн зөвлөл буюу дээд шүүхийн чинээлэг зөвлөхийн байр суурийнх нь эсрэг санагдаж болох юм ( Maтай 27:1, 57-г үзнэ үү). Үүнээс гадна Иосеф “иудейчүүдээс эмээсэндээ” (Иохан 19:38) Христийн шавь гэдгээ нууцалж байжээ.

Гэсэн хэдий ч эцэстээ түүний үнэнч байдал ил гарсан юм. Тэр Аврагчийн амийг эрэлхийлсэн тэдний “шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм.” ( Лук 23:50–51-ийг үзнэ үү). Аврагчийг нас барсны дараа Иосеф Эзэний биеийг цэвэр маалинган даавуунд ороож, өөрийнхөө шинэ булшинд тавьсан ( Maтай 27:59–60; Лук 23:52–53). Энэ нь Христийн булш баян хүнтэй хамт байна гэсэн бошиглолын биелэл байсан юм ( Исаиа 53:9-ийг үзнэ үү).

Тэр амилсан

Ариматын Иосеф Аврагчийн оршуулгад зориулан өөрийн булшийг өгснөөр бошиглолыг гүйцэлдүүлэхэд тусалж, Есүс Христийн Амилалтын талаарх гайхамшигт гэрчлэлийн замыг бэлтгэсэн юм. Цовдлолтоос хойш гурав дахь өдөр нь Христийн дагалдагчид булш хоосон байгааг харж, тэнгэр элчийн дуу хоолой “Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ Тэр амилсан” (Maтай 28:6) гэж тунхаглажээ.

“Есүс Христийн Амилалт нь Түүний бурханлаг байдлыг болон Тэрээр бүхнийг даван туулсан гэдгийг гэрчилдэг,“ хэмээн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон заасан. “Бид Түүнтэй гэрээгээр холбогдсон учир бид ч мөн бүхнийг даван туулж, нэг болох боломжтой гэдгийг Түүний Амилалт гэрчилдэг. Түүгээр дамжуулан үхэшгүй байдал ба мөнх амьдрал бодит зүйл гэдгийг Түүний Амилалт гэрчилдэг.”

Иосеф тэрхүү анхны Христийн амилсны баяраар Есүс Христийг бишрэн хүндэтгэх хүслээсээ ч илүүтэйг өгснөө мэдээгүй байж болох юм. Гэвч Их Эзэн Иосефын зөв шударга хүслийг “нойрсогсдоос анхны үр жимс” (1 Коринт 15:20) болон үхэгсдээс анх амилах Түүний хамгийн агуу гайхамшгийн нэг хэсэг болгон ашигласан.

Иосеф ийм чухал үүрэг гүйцэтгэсэн шиг бид бүгд Тэнгэрлэг Эцэгийн мутар дахь зэмсэг байж чадна. Түүний төлөвлөгөө хүн бүрд зориулагдсан бөгөөд бидний ур чадвар, туршлага, нөхцөл байдалд тулгуурлан Тэрээр Өөрийн агуу ажлыг урагшлуулах болно. Энэ жилийн Христийн амилсны баяраар бид энэ захиасыг санаж, Есүс Христийг эрэлхийлж, Түүний хаант улсыг байгуулах үйлсэд туслахад чадлынхаа хэрээр золиос гаргаж, Түүний гайхамшгуудыг амьдралдаа тохиолгон авчрах боломжтой.