Лиахона
Христийн амилсны баярын улиралд зориулсан 20 санаа
2026 оны 3-р сарын Лиахона


“Христийн амилсны баярын улиралд зориулсан 20 санаа,” Лиахона, 2026 оны 3-р сар.

Христийн амилсны баярын улиралд зориулсан 20 санаа

Танил зүйлээс шинэлэг зүйл хүртэл Христ төвтэй уламжлалыг бүтээх олон арга зам байдаг.

Христийн амилсны баяртай холбоотой янз бүрийн эд зүйлс

Зураг чимэглэлийг Кристина Макмастэр

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э. Стивэнсон 2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр үг хэлэхдээ “Бид хэрхэн Христийн амилалтын түүх болох Христийн амилсан тухай сургаал, баярыг Христийн төрөлтийн түүх болох Есүс Христийн мэндэлсний баярын адил тэнцвэртэй, бүрэн дүүрэн, шашны баялаг уламжлалын дагуу дүрсэлж чадах вэ?” хэмээн асуусан.

Одоо дэлхий даяарх гишүүд Христийн амилсны баярын улиралд илүү анхаарал хандуулж байна. Христийн амилсны баярыг болон Аврагчийг шүтэн бишрэх бишрэлийг хувь хүн, бүлэг, цуглаануудаараа баялаг, өргөн дэлгэр тэмдэглэхэд зориулсан энгийн бөгөөд ашиг тустай үйл ажиллагаануудыг танилцуулж байна.

Хувь хүн болон гэр бүлд зориулсан санаанууд

  1. Христэд төвлөрсөн судар эсвэл эшлэлүүд бүхий цаасан хэлхээ хийгээд, Христийн амилсны баярыг хүртэлх сарын турш өглөө бүр нэг эшлэлийг тунгаан бодно уу.

  2. Эд зүйлс нь сударт гардаг Христийн амилсны баярын үйл явдлуудын өөр өөр талыг бэлгэдэж болно. Жишээ нь: Зарим хүн Христийг булшнаас амилан гарж ирснийг дурсан санахын тулд өнгө өнгийн цаасан шувуу нисгэдэг. Баярын үеэр танд Аврагчийг санагдуулах эд зүйлсийг хайж олно уу.

  3. Христийн амилсны баярын ил захидал хийх нь Есүсийн гэрлийг хуваалцах бүтээлч арга зам байж болно. Эдгээр бүтээлээ өөрийн тохинуулдаг найз нөхөд, хөршүүддээ хүргэж өгөх талаар бодож үзнэ үү.

  4. Христийн дагалдагчид Түүнийг оршуулах үед нь хүндэтгэж үнэртэн хэрэглэсэн ( Иохан 19:39–40-ийг үзнэ үү). Христийн амилсны баярын зоогондоо амтлагч хэрэглэх нь таны бодол санааг тэрхүү ариун мөч рүү хөтлөх болно.

  5. Христ бусдад үйлчилж амьдарсан ба бид адил үйлдсэнээр, энэ Христийн амилсны баяраар Түүнийг дурсан санах боломжтой. Гэр бүлийн гишүүн бүр нэг нэр сугалаад, Ариун долоо хоногийн турш тэр хүндээ нууцаар үйлчлээрэй.

  6. Зарим хүн чидун модны мөчир болон чидуны тосыг амар амгалан ба Христийн цагаатгагч золиослолын сануулга болгон ашигладаг. Сүмийн гишүүд, Аврагчийн өгдөг амар амгаланг илтгэх эдгээр эд зүйлийг чимэглэл болон зоогондоо ашиглаж болно.

  7. Христийн амилсны баярын зарим сэдэв илүү ариун нандин байдаг учраас Ариун долоо хоногийн турш чимээгүй судалгаа хийж, тунгаан бодох нь тэдгээр талуудыг дурсах нэг арга зам юм.

  8. Христийн амилсны баяр бол Есүс Христийн бидний төлөө хийсэн бүх зүйлд талархах баяр юм. Баярын турш хана эсвэл зурагт самбарыг Аврагчид талархал илэрхийлсэн зүйлсээр дүүргээрэй.

  9. Дэлхийн зарим хэсэгт Христийн амилсны баярыг хавар буюу шинэ амьдрал эхлэх үеэр тэмдэглэдэг учраас энэ улирал өөрөө Христийн амилалтыг илтгэн сануулдаг. Байгальд алхах цаг гаргаж, энэхүү бэлгэдлийг хүндэтгэн талархаарай.

  10. Хурганы мах бол Христийн амилсны баярын уламжлалт зоог бөгөөд Есүс Христийг Бурханы Хурга хэмээн бэлгэдэж, золиослолоор дамжуулан чөлөөлөгдөлтийг зөгнөсөн Алгасал баярын биелэл юм. ( Гэтлэл 12; Иохан 1:29-ыг хар). Хурганы махаар зоог хийж үйлчлэх нь Түүний Цагаатгалаар дамжуулан биднийг нүглээс чөлөөлсөн Аврагчийн үүргийг гэр бүлүүдэд дурсан сануулах нэг арга зам юм.

Зургийн аппарат, хөгжмийн нот болон бусад эд зүйлс

Тойрог болон гадсанд зориулсан санаанууд

  1. Мацаг барих, залбирах нь Христтэй холбогдох хүчирхэг арга хэрэгсэл юм. Ариун долоо хоногийн үеэр тухайн газрынхаа хүмүүсийн төлөө тойргоороо мацаг барих хуваарь гаргаж болно.

  2. Христийн мэндэлсний баяраар хүмүүс Есүсийн мэндэлсэн үйл явдлыг жүжиглэн үзүүлэх дуртай байдаг. Бишрэл хүндэтгэлтэй байх үүднээс бид Христийн амилсан үйл явдлыг жүжиглэн үзүүлдэггүй ч тойргууд Ариун долоо хоногоор Аврагчийн заасан сургаалуудыг онцолсон онцгой цугларалтыг зохион байгуулж, тэдгээр үйл явдлын утга учрыг ярилцаж болох юм.

  3. Христ дахин амилсан учраас Христийн амилсны баяр бол шинэчлэлийн цаг хугацаа юм. Хэн нэгний гэр эсвэл хашааг цэвэрлэх бүлэг хүмүүсийг зохион байгуулах нь уг сэдвийг дурсан санахад тустай байж болно.

  4. Дэлхийн зарим бүс нутагт Христийн амилсны баяраар харанхуйг ялан дийлэх гэрлийг бэлгэдэн түүдэг гал асаадаг. Гал эсвэл лаа асаах нь үхэл, нүглийг ялсан Дэлхийн гэрэл болох Аврагчийг төлөөлж болно.

  5. Хичээлийн нэг хэсэг болгон Христийн амилсны баярын дууллын үгийг хуваалцаж болно. Шүлэг бүр дэх сургаал болон гэрчлэлийг хэлэлцэнэ үү.

  6. Гишүүдийг Христийн амилсны баярын сэдвийг тусгасан урлагийн бүтээл эсвэл гэрэл зургийг дэлгэн үзүүлэхэд уриарай.

  7. Есүс олон нэр, цол хэргэмтэй байсан ба тэдний тус бүр нь Түүний зан чанарын талаар өөр өөр зүйлийг илэрхийлдэг. Тойргоороо цуглаж тэдгээрийг илтгэсэн урлагийн бүтээлээр үзэсгэлэн гаргах нь Христийн амилсны баяраар Христийн өөр өөр чанаруудад анхаарал төвлөрүүлэх гайхалтай арга зам байж болох юм.

  8. Дуу хөгжмөөр дамжуулан шүтэн бишрэх уламжлалыг бий болгох, Аврагчийн золиос, хайрыг бясалгахын тулд судар, дуу ашиглах талаар бодож үзнэ үү. Тойрог эсвэл гадсаараа цугларч, Христийн амилсны баярын дууллуудыг сурч, дуулж, уг баяртай холбоотой судруудыг хуваалцаж болно.

  9. Есүс Христээр дамжуулан гэр бүлүүд мөнхөд хамт байж чадна. Гэр бүлийн түүхийн үйл ажиллагаа эсвэл ариун сүмийн аялал төлөвлөх нь гишүүдэд Христийн амилсны баярын турш энэ зарчмыг санахад тусална.

  10. Шохойгоор зурах нь бүх насныханд тохирсон зугаатай үйл ажиллагаа ба шашин хоорондын Христийн амилсны баярт зориулсан шохойгоор урлах үйл ажиллагааг зохион байгуулах нь Христийн тухай гэрчлэлээ хуваалцаж, хүлээн авах бүтээлч арга зам байж болно.