“Томас: Итгэлийн аянд гарсан нь,” Лиахона, 2026 оны 3-р сар.
Тэд Аврагчийг мэддэг байсан
Томас: Итгэлийн аянд гарсан нь
Томасын түүх асуулт асуух, тэвчээртэйгээр үйлдэх, гэрчлэлийг олж авах нь итгэл, үнэмшлээ хөгжүүлэх нэг хэсэг гэдгийг харуулдаг.
Зураг чимэглэлийг Лоура Сэрра, хуулбарлахыг хориглоно
Аврагчийн шавь Томасын нэрийг сонсохоор та нарын санаанд юу орж ирдэг вэ? Бид ихэнхдээ түүний нэрийг “эргэлзэгч” эсвэл “эргэлзээтэй” гэсэн үгстэй холбодог.
Гэхдээ Томасын тухайд хэлэх зүйл үүгээр хязгаарлагдахгүй. Иоханы сайн мэдээнээс бид Томасын итгэлийн аяныг олж хардаг ба энэ нь магадгүй биднийхтэй адил төстэй байж болно. Бид итгэж, итгэлээ өсгөн нэмэгдүүлэх үйлдлийг хийснээр цаг хугацааны явцад итгэл хүчирхэгждэг.
Асуулттай байх нь хэвийн зүйл
Есүс Христ Томасыг Арван хоёр төлөөлөгчийнхөө нэгээр дуудсан ба тэр Аврагчийг гурван жилийн тохинууллынх нь туршид дагасан. Тэр Аврагчийг чин сэтгэлээсээ хайрладаг байв. Томас Их Эзэний амийн төлөө эмээсэндээ бусад төлөөлөгчдөө “Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье” (Иохан 11:16) хэмээн уриалжээ.
Тэр үнэнчээр үйлчилж байхдаа асуулт асуусаар байв. Есүс Гетсеманид очихоосоо өмнө шавь нартаа Тэр явах гэж буйгаа хэлсэн. Томасыг “Эзэн, Таны хаашаа явахыг бид мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд
Есүс Христ “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:5–6) гэж хариулсан.
Бид Томастай адил Бурханы бүх сургаалыг эсвэл авралын төлөвлөгөөний бүх талыг ойлгохгүй байж болно. Гэвч зөв зохистой асуулт тавих нь Их Эзэнээс үнэнийг илчилж чадна. Энэ нь бидэнд итгэлээ өсгөхөд хэрэгтэй.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
“Хэрэв та нарт асуулт байвал,—би та нарт асуулт байгаа гэж найдаж байна—итгэх чин хүсэлтэйгээр хариултаа эрэлхийлээрэй.
Та нарын итгэлээрээ асуусан чин сэтгэлийн асуулт илүү агуу итгэл, илүү их мэдлэг рүү үргэлж хөтлөх болно.”
Итгэл ба айдас
Төлөөлөгчид Есүсийг үхэгсдээс амилсныг сонсоод “тэдэнд хоосон хов жив мэт байсан тул тэд тэдэнд итгэхгүй байлаа” (Лук 24:11). Амилсан Их Эзэн тэдэнд анх үзэгдэх үед тэр тэнд байгаагүй учраас Томасын эргэлзээ нь бусдынхаас илүү удаан үргэлжилсэн байж болох юм.(Иохан 20:24-ийг үзнэ үү).
Бусад нь түүнд Аврагчийг харсан гэдгээ хэлэхэд тэр “Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны оромд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ” (Иохан 20:25).
Найман өдрийн дараа Их Эзэн дахин үзэгдэж, Томасыг шархыг нь тэмтэрч үзэхийг урив. Үүний хариуд Томас “Эзэн минь, Бурхан минь” (Иохан 20:28) хэмээн тунхаглав. Тэгээд Аврагч “Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” (Иохан 20:29) гэсэн чухал үнэнийг заав.
Хариултууд нь ирдэг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Чин сэтгэлийн залбирал бүрийг Тэнгэрлэг Эцэг маань сонсож, хариулдаг ч бидний хүлээн авах хариултууд бидний хүлээлттэй нийцэхгүй, эсвэл бидний хүсэн хүлээсэн үед эсвэл бидний таамагласан арга замаар ирэхгүй байж болно” хэмээн заасан.
Бат итгэл үнэмшил
Бид тэсвэр тэвчээр, залбирал, илчлэлээр дамжуулан хариултуудыг хүлээн авснаар итгэл үнэмшил буюу гэрчлэлийг олж авч чадна. Хэрэв бид итгэлээ үргэлжлүүлэн тордох юм бол энэхүү гэрчлэл амьдралын маань туршид бидэнтэй хамт байж чадна. Ерөнхийлөгч Нэлсон “Та Их Эзэний цагийн хуваарийг тэвчээртэй хүндэтгэх юм бол эрж хайж буй мэдлэг, ойлголт тань танд өгөгдөх болно. Их Эзэн танд зориулж адислал бүрийг өгч, тэр байтугай гайхамшгууд ч дагалдах болно. Энэ бол хувийн илчлэлт таны төлөө хийж болох зүйлс юм.”
Итгэл бол аливаа нэг хүрэх цэг биш, харин үйл явц юм гэдгийг Томасын туршлага харуулдаг. Бид Түүний удирдамжид нээлттэй хэвээр байж, зүрх сэтгэлд маань амар амгаланг мэдрүүлдэг гэрчийг эрэлхийлэх аваас Бурхан энэхүү үйл явцыг хүндэтгэж, биднийг адисалдаг (Сургаал ба Гэрээнүүд 88:63).