АРИУН СҮМ, ГЭР БҮЛИЙН ТҮҮХ
Гэр бүлийн түүхийн ажлаа хийснээр би амар амгаланг мэдэрсэн
Нэгэн орой би утсаараа Ерөнхий чуулган дээрх бошиглогч Томас С.Монсоны гэр бүлийн түүхийн ажлын талаар хэлсэн үгийг сонссон юм. Түүний үгс миний зүрхэнд маш хүчтэй хүрсэн. Тэгээд би шууд л өөрийнхөө гэр бүлийн мод руу орж үзэв. Гэтэл миний хөтөлсөн гэр бүлийн модонд аав, ээж, эгч, эмээ, өвөө гэх цөөхөн хүний нэр л байлаа. Тэр үед надад гэмших мэдрэмж төрж, “Би Сүмийн гишүүн болоод 18 жил болсон бас бүрэн цагийн номлолд үйлчилсэн мөртлөө яагаад удмын бичгээ хөтлөөгүй юм бэ? Яагаад нас барсан хайртай хүмүүсийнхээ төлөө авралын ажлыг хийж эхлээгүй юм бол?” гэж бодогдсон. Тэгээд би тэр даруй өөрийн мэдэх бүх гэр бүлийн хүмүүсийнхээ мэдээллийг цуглуулж, модондоо нэмж эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөхийг ч анзааралгүй суусаар хоёр цагийн дотор 30 гаруй хүний нэр, мэдээллийг оруулж чадсан байлаа. Тэр шөнө би урьд өмнө мэдэрч байгаагүй их амар амгаланг мэдэрч, гэр бүлийнхээ төлөө чухал зүйл хийсэн мэт сэтгэл хангалуун, тайван унтаж билээ. Үүний дараахан нэгэн ням гарагт би тойргийнхоо ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхөөр дуудагдсан. Дуудлагаа хүлээн авсны дараа би дуудлагат ажлаараа дамжуулан яаж олон хүнд тус болох вэ гэж чин сэтгэлээсээ залбирч, Тэнгэрлэг Эцэгээс зааварчилгаа, хүч чадал гуйсан. Залбирлын хариуд би өөрөөсөө эхлэх ёстой гэдгээ мэдэрсэн юм. Ингээд би хоёр сарын дотор өөрийн гэр бүлийн модонд 500 гаруй хүний нэрийг байршуулж, өөрөөсөө дээш 8 үеийг хөтөлж чадсан. Энэ бүхнийг би өөрөө хийсэн гэхээс илүүтэй Тэнгэрлэг Эцэгийн тусламжтай Ариун Сүнсний удирдамжаар хийсэн гэж боддог.
Гэр бүлийн түүхийн ажлаа хийж байх үеийн онцгой 2 тохиолдлыг би хуваалцмаар байна.
Бурхан шашинтны хамба лам болох
ах нараа аварсан нь
1880-аад оноос 1930 оны хооронд амьдарч, тухайн үеийнхээ Бурхан шашинтны том хамба лам нар байсан, өвөөгийн маань ах нар 1930 оны үед хэлмэгдэж цаазаар авхуулсан юм. Намайг номлолд үйлчилж байх үед миний ээж болон ээжийн ах энэ талаар судалж, хэлмэгдсэн гэдгийг нь олж мэдээд, Дээд шүүхэд өргөдөл өгч хянуулснаар Дээд шүүхийн шийдвэр гарч тэднийг цагаатгасан. 2 ах нь цагаатгагдсанаар өвөөгийн минь сэтгэл санаа ч амар тайван болж, хэлмэгдсэн 2 ахыгаа аварлаа гэж баярлаж байв. Номлолоосоо бууснаас хойш би бошиглогч Томас Монсоны яриаг сонсоод, “Би энэ олон жил Сүмийн гишүүн байхдаа нас барсан хүмүүсийн тухай юу хийв ээ, би ариун сүм рүү нэрс явуулж, авралын ажил хийлгэж байсан бил үү?” гэж бодсон чинь нэг ч хүнийг авраагүй нэг ч хүний нэр явуулж байгаагүй байсан. Би амьд хүмүүст сургаал зааж тэдэнд баптисм хүртээж байсан болохоос нэг ч нас барсан хүнийг авраагүй байсан. Тэгээд энэ ажлыг хийхээр сэтгэл шулуудсан. Надад маш олон эх сурвалж байсан. Манай өвөө надад удмынхаа 10-аад үеийг бичсэн “Удмын шастир” гэсэн номыг өгсөн. Тэр номоос би хамаатан садныхаа талаарх бүх мэдээллийг цуглуулж чадсан. Энэ хүмүүс дотор Чойндон, Гэндэн гэдэг 2 хүний мэдээлэл тодорхой байсан. Би энэ хэлмэгдсэн хүмүүс хуулийн дагуу цагаатгагдсан байхад яагаад сүнсийг нь аварч болохгүй гэж? гээд нэрсийг нь гэр бүлийн модондоо оруулж ариун сүм рүү нэрсийг нь явуулж, авралын ажлыг хийлгүүлсэн юм. Үүний дараа миний сэтгэл маш их тайвшралыг мэдэрсэн. Наргиа болгож хэлэхэд, манай ах дүү нар: “Бурхан шашинтны тэргүүн хамба лам байсан 2 хүнийг Төгөлдөр маань ариун сүмд авралын ажлыг нь хийлгүүлж, баптисм хүртээлгэн, Сүмийн гишүүд болголоо, 2 өөр шашны зөрчил мөргөлдөөн үүсэх вий дээ” гээд инээдэм болгож яриад өнгөрч билээ. Гэхдээ бид бүгд Бурханы хүүхэд учраас авралд хүрэх учиртай, ямар ч шашны хэн ч бай нас барсны дараа бүгд Сүнсний дэлхийд очно, тэнд тэд хойч үеийнхнээрээ авралын ажил хийлгүүлэх гээд хүлээгээд байж байгаа гэдэгт би бүрэн итгэдэг. Тиймээс өвөөгийн ах нар болох лам нар авралын ажлаа гүйцэтгүүлсэндээ надад үнэхээр талархаж байгаа гэж боддог. Үүнээсээ урамшаад би гэр бүлийн түүхийн ажлаа цааш улам гүнзгийрүүлж хийх, олон авралын ажил хийх боломжуудыг эрэлхийлж бас бусдад энэ ажлыг хийхэд нь туслахын тулд дуудлагат ажлаа чин сэтгэлээсээ хийхийг хичээх болсон.
Дөнгөж төрөөд удаагүй нас барсан
ахыгаа аварсан нь
Гэр бүлийн түүхийн ажлаа хийж байхад тохиолдсон өөр нэг онцгой зүйлийг би бас хуваалцмаар байна. Сүнсний дэлхий дээр сүнсэн биетэй байж байгаад энэ дэлхий дээр бие махбод олж төрсөн ч нэг их удалгүй нялх байхдаа нас барсан хүүхдүүд олон гэр бүлд байдаг. Манай гэр бүлд ч бас тийм нэг хүүхэд байсан гэдгийг би сонсож байсан. Эгч бид хоёроос өмнө төрсөн, миний ах болох тэр хүүхдийг би их зүүдэлдэг байв. Төрөөд удаагүй нас барсан тул нэр ч авч амжаагүй, зураг хөрөг ч байхгүй тул манай гэрийнхэн харамсаж, гэмшсэн мэт сэтгэлээр яриад өнгөрдөг байсан. Тэгээд би ийм хүүхдийг яах ёстойг ахмад номлогчид болон Баяржав ахаас асууж лавлаад, түүнд ээжээсээ асууж байгаад нэр өгч гэр бүлийн модондоо оруулсан. Ингэснээр манай гэр бүлийн мод өргөжиж, эгч бид хоёрын дээр нэг ах байгаа нь харагдаад, би одоо халуун ам бүлээрээ нэг ахтай, нэг эгчтэй гэж явдаг. Ийм мэдрэмжээс би маш их тайтгарлыг авсан. Энэ цагаас хойш надад бодолд автах, дахин харуусах, гэмших мэдрэмж төрөхөө больсон. Хэрэв танай хамаатан садан, гэр бүлд ийм хүүхэд байдаг бол эцэг эхээс нь асууж байгаад нэр өгч, гэр бүлийн модондоо оруулж, авралын ажлыг нь хийлгээрэй. Ингэснээр Сүнсний дэлхийд байгаа тэр хүүхдэд энэ гэр бүлийн нэгэн хэсэг гэдгийг нь мэдрүүлээд зогсохгүй, бид өөрсдөө гайхалтай амар амгалангийн мэдрэмжийг авах болно гэж хэлмээр байна.
Энэ ажил бол үнэхээр Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг би гэрчилж байна. Залуучууддаа хандаж хэлэхэд, цахим хэрэгсэлд зарцуулдаг цагаасаа багахан цагийг гэр бүлийн түүхийн ажилд зориулж дадал хэвшил болгоод үзээрэй. Нэг мэдэхэд л энэ ажлыг маш амар хялбар байдлаар энгийнээр хийдэг болчихсон байх болно гэж хэлмээр байна.