Лиахона
Харагтун, би энд байна
2026 оны 3-р сарын Лиахона


Ирээд, Намайг дага

Эхлэл 22:1-18

Харагтун, би энд байна

Бид Абрахамтай адил үргэлж Их Эзэнд хариу үйлддэг байх болтугай.

Абрахам Исаакийг тэвэрч буй зураг

Жүли Рожэрсийн зурсан зураг

Иосеф Смит: “Их Эзэн зарлигласан үед үүнийг биелүүл” хэмээн хэлсэн удаатай. Энэхүү итгэл болон үйлдлийн илэрхийлэл надад өөр бусад, ижил төстэй туршлагуудыг санагдуулж байна.

Жишээ нь: Адамаас яагаад тахил өргөж байгааг нь асуухад, тэр мэдэхгүй харин өөрт нь хэн зарлигласныг мэдэж байна гэж хариулсан (Moсе 5:6-г үзнэ үү). Түүнчлэн Их Эзэний зааврыг дагахын тулд гэр орон, эд хөрөнгөө орхиход бэлэн байсан Лихайн (1 Нифай 2:2–4-ийг үзнэ үү) эсвэл ялтаснуудыг авахаар буцаж очихыг зөвшөөрсөн Нифайн итгэлийг (1 Нифай 3–4-ийг үзнэ үү) надад санагдуулдаг.

Би дуулгавартай байдлын сүнсийг харуулсан олон тод жишээг судруудаас эш татаж болох ч Абрахамын туршлагад төвлөрөхийг хүсэж байна.

Абрахамын дуулгавартай байдал

Их Эзэн Абрахам, Сара хоёрт агуу үр удмыг амласан. Энэхүү адислал ирэх гэж удсан буюу өөрөөр хэлбэл, Их Эзэний цагт ирсэн юм. Гэсэн хэдий ч Их Эзэн Абрахамын итгэлийг сорьж; удаан хүлээж, залбирснаар адислал болж ирсэн хүү Исаакаа тахил болгон өргөхийг түүнээс хүссэн. Бид энэ түүхийг олон удаа уншсан байж болох ч өөрийгөө Абрахамын оронд хэр олон удаа тавьж үзсэн бол?

Ийм даалгавар гүйцэтгэхийн өмнөх хайраар дүүрэн эцэгийн мэдрэмж ямар байсныг төсөөлөхөд ч бэрх. Гэсэн хэдий ч Абрахам Мориа дахь уул руу явж, шаардсан золиосыг өргөхөөр бэлтгэж байхдаа дуулгавартай, шийдэмгий байсан нь намайг гайхшируулдаг. Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлж, Түүнийг дуулгавартай дагах сэтгэлийн илэрхийлэл болох түүний “Харагтун, би энд байна” гэсэн хариулт хэвээр үлдсэн юм. (Эхлэл 22:1–2-ыг үзнэ үү.)

Дуулгавартай байсныхаа хариуд тэрээр Исаакийн амийг авраад зогсохгүй өөрийн болон Сарагийн төлөө мөн тэдний үр удмын төлөө гайхамшигтай, хэмжээлшгүй их адислалуудыг авсан билээ (Эхлэл 22:15–18-ыг үзнэ үү).

Залуу хуцын зураг

Аврагчийн хүлцэнгүй байдал

Ямар ч эргэлзээгүйгээр, Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай, хүлцэнгүй байхын хамгийн дээд жишээ нь Аврагч, Есүс Христэд төвлөрдөг. Тэрээр энэ дэлхийд ирж баптисм хүртэж, цэвэр ариун мөн төгс байж, Өөрийн амийг өргөл болгон өгч, маханбодын дагуу биднийг хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд өөрийн хүмүүсийн өвчин мөн эмгэг, сул дорой чанар, нүгэл болон үхлийг өөр дээрээ аван (Aлма 7:11–13-ыг үзнэ үү) дуулгавартай байх хүслээ харуулсан.

Энэ үйл явдал үнэхээр хүнд хэцүү байсан учраас Түүнийг энэ гашуун аягыг алгасах ямар нэгэн арга байгаа эсэхийг түрхэн зуур асуухад хүргэсэн юм. Дараа нь Тэрээр тэр даруй “Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв” (Лук 22:42). Өөрөөр хэлбэл, Тэрээр “Харагтун, Би энд байна” гэж хэлэн, Эцэгийн хүслийг гүйцэлдүүлэх хүсэлтэй байгаагаа харуулсан юм.

Дуулгавартай байдал ба хайр

Тэнгэрлэг Эцэг Сүмийн гишүүдийн хувьд эсвэл заримдаа хувь хүний түвшинд хандах хүсэлт бүрд маань “Харагтун, би энд байна” гэж хариулахад бэлэн байдлыг бид өөрсдөдөө хэрхэн суулгаж чадах вэ?

Паул ромчуудад “Хайр нь хуулийн гүйцэлдэл мөн” (Ром 13:10) хэмээн заажээ. Хэрэв би “хуулийг гүйцэлдүүлэх” гэсэн үгтэй ижил утгатай үг олохыг хүсвэл, дуулгавартай байдал гэдэг үг шууд санаанд орж ирнэ гэж бодож байна. Тиймээс бид хайр бол дуулгавартай байдал гэж хэлж болно. Тэгэхээр Аврагчийн “Та нар Намайг хайрладаг бол, тушаалуудыг минь сахь” (Иохан 14:15) гэсэн үг маш ойлгомжтой болж ирнэ.

Бид “Харагтун, би энд байна” эсвэл Нифайн хэлснээр “би явж мөн хийх болно” (1 Нифай 3:7) гэж хариулж болно. Бид орчин үеийн хэлээр “Мэдээж би ямар ч нөхцөл байдлаас үл хамааран Тэнгэрлэг Эцэгийн зарлигласан зүйлсийг хийхэд бэлэн байна” гэж хэлж болно.

Гэхдээ миний тодотгох гэсэн зүйл бол хайр, дуулгавартай байдал хоёрын хамаарал буюу бид Эцэгийг хайрладаг учраас Түүнд дуулгавартай байдаг гэсэн үг юм. Дуулгавартай байхыг сонгох нь Түүнийг хайрлах хайраа тодорхой илэрхийлэх хамгийн шилдэг аргуудын нэг гэдэгт би итгэдэг. “Үйлсгүй итгэл үхмэл болой” (Иаков 2:26) мөн миний хувьд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт дуулгаваргүй хайр нь тийм ч амьд биш гэж бодож байна.

Хайр, дуулгавартай байдлаа хэрхэн нэмэгдүүлэх

Бид Түүнийг хайрлах хайр, дуулгавартай байдлаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? Аврагч: “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” (Иохан 17:3) хэмээн хэлсэн. Есүс Христийг мэдэх нь мөн Түүгээр дамжуулан Эцэгийг мэдэх нь Тэдний биднийг гэсэн хайрыг, бас бидний төлөө хийсэн болон ирээдүйд хийх хэмжээлшгүй зүйлсийг ойлгох боломжийг олгодог. Бидний энэ амьдралдаа туулдаг хэцүү цаг мөчүүд ч үүнд багтана. Тэдний тухай мэдэх нь бидний зүрх сэтгэлийг өөрчилж, Тэдний үлгэр жишээг үйлдлээрээ дагах, үг болон үйлсээрээ “Харагтун, би энд байна” гэж хэлэх хүсэлтэй болгодог. Энэхүү хүсэл тэмүүлэл нь судруудыг унших эсвэл Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах хүсэл эрмэлзлээр илэрдэг.

“Харагтун, би энд байна” гэдэг нь номлолд үйлчлэх дуудлагын хариу эсвэл Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, эцэг эхээ хүндлэх эсвэл ёс суртахууны хувьд цэвэр ариун амьдрахыг эрэлхийлэх зэрэг зарлигуудыг бүхнээ зориулан дагах байж болно. “Харагтун, би энд байна” гэдэг нь Есүс Христийн шавь нарыг байнга дагалддаг илэрхийлэл бөгөөд шаардсан золиослол нь бидний хамгийн их хүсэж байгаа эсвэл өндөр үнэ төлсөн зүйлд нөлөөлөх үед ч мөн адил.

Дуулгавартай байх энэхүү хүсэл эрмэлзэл нь, ялангуяа баптисм хүртэх эсвэл ариун сүмд орох үед байгуулсан гэрээнүүдтэй холбоотойгоор маш үнэ цэнтэй юм. Хэрэв бид Христийн нэрийг өөрсөд дээрээ авахдаа эсвэл Түүнийг үргэлж дурсан санаж, зарлигуудыг нь сахихын тулд “Харагтун, би энд байна” гэж байнга боддог байсан бол амьдрал маань ямар байхыг та төсөөлж чадах уу? Ариун ёслолоос хүртэх нь бидэнд тэрхүү амлалтыг шинэчлэх урилга өгдөг ба энэхүү амлалт нь долоо хоногийн турш бидний үйлдлээр харагдах ёстой. Энэ зарчим биднийг ариун сүмд орж, гэрээнүүд байгуулж, байгуулсан гэрээнүүдээ санахад мөн адил хамаарна.

Залуу эхнэрийн жишээ

Олон жилийн өмнө бишопоор үйлчилж байхдаа, шинэхэн гэрлэсэн нэгэн хостой ярилцсан яриагаа би санадаг. Нэгэн орой тэд аравны нэг төлөх талаар удаан бөгөөд халуухан яриа өрнүүлжээ. Залуухан нөхөр ажил дээрээ хүндхэн долоо хоногийг өнгөрүүлж, олсон мөнгөө өөрсдийн хувийн зардалд зориулан хадгалахыг хүсэж байв. Хэдий тийм ч би залуу эхнэрийн үгийг санадаг. Тэр нөхрийнхөө өмнө “Бишоп оо, хэрэв шаардлагатай бол би эдгээр зардлыг гаргахгүй байхад, бүр хоол идэхээ хүртэл болиход бэлэн байна. Би аравны нэгээ төлж, Их Эзэнд дуулгавартай байхыг хүсэж байна” гэж хэлж билээ.

“Харагтун, би энд байна” гэж илэрхийлэх мэт, залуу эхнэрийн гайхалтай гэрчлэл цуурайтаж, ярилцлагын явцад түүний нөхөр бид хоёр сүнсийг хүчтэй мэдэрсэн юм. Эцэст нь, тэр өөрөө хүссэн үү эсвэл эхнэр нь ятгасан уу гэдгийг мэдэхгүй ч нөхөр нь тэр амралтын өдрүүдэд аравны нэгээ төлсөн.

Дараагийн ням гарагт тэр залуу нөхөр цуглаан эхлэхээс өмнө надтай товчхон ярилцахыг хүссэн юм. Тэр өмнөх долоо хоногийнхоос тэс өөр төрх байдалтайгаар “Бишоп оо, би өнгөрсөн долоо хоногт эцэст нь аравны нэгээ төлсөн гэдгийг та мэдэж байгаа. Хоол хүнсэнд мөнгө хүрэлцэхгүй байх вий гэж айж байсан ч энэ долоо хоногт бидэнд хоолны мөнгө ердийнхөөсөө хоёр дахин их байсан гэдгийг таныг мэдээсэй гэж бодлоо. Бишоп оо, энэ бол гайхамшиг байсан мөн би ийм гайхамшгуудыг амьдралдаа байнга харахыг хүсэж байна” гэж хэлэв. Миний хувьд тэр залуу надад “Бишоп оо, би Бурханы надаас хүссэн бүх зүйлд ‘Харагтун, би энд байна’ гэж хариулахад бэлэн байна” гэж хэлж байгаа мэт санагдаж билээ.

Бидний амлалт

Биднийг Түүний хэлснийг хийхэд Тэр амласнаа биелүүлэх ёстой болдог гэж Их Эзэн хэлсэн (Сургаал ба Гэрээнүүд 82:10-ыг үзнэ үү). Бид үнэхээр уг амлалтын чанд байдалд итгэдэг үү?

Адислалууд бидний цаг үед эсвэл бидний хүссэн арга замаар ирэхгүй байж болох ч амлалт үнэн бөгөөд бодит гэдгийг би та нарт гэрчилж байна. Энэ нь Түүнийг хайрлах, дуулгавартай байх, Түүний хүслийг гүйцэлдүүлэх хүсэлтэй байх, Христийн шавь байх зэргийг шаарддаг. Тэрээр бидэнд гэрээнүүдээ ойлгож мөн сахихад тусалж, адислах болно. Ингэснээр Түүнийг биднээс Өөрийнх нь хүслийг гүйцэлдүүлэхийг хүсэх үед бид “Харагтун, би энд байна, Эзэн минь!” гэж хариулдаг болно.