Найз
Шинэ эхлэл
2026 оны 1-р сар, Найз


“Шинэ эхлэл,” Найз, 2026 оны 1-р сар, 38–39.

Шинэ эхлэл

“Би баптисм хүртсэнийхээ дараа хэрхэн цэвэр ариун байдлаа хадгалах вэ?”

Францад болсон бодит түүх

Бяцхан хөвгүүн аавтайгаа хөтлөлцөөд гадаа явж байгаа зураг

Александр хэдхэн өдрийн дараа найман нас хүрэх гэж байлаа! Тэр аавтайгаа хичээлийн дараа идэх төрсөн өдрийн онцгой зууш бэлтгэхээр төлөвлөж байсан учраас маш их догдолж байв. Номлогчдыг оройн хоолонд ирэхэд Александр өөрийн сонгосон шоколадтай амттангуудын тухай бүгдийг ярив.

“Бид найман лаатай нэг бялууны оронд тус бүр нэг лаатай найман бялуу авна!”

Ахлагч Лауэнэр инээгээд, “Сайхан сонсогдож байна шүү! Надад заримыг нь хадгалаарай!” гэв.

Оройн хоолны дараа номлогчид баптисмын талаар хичээл заав. Ахлагч Дойон Александр руу харав. “Чи баптисм хүртэхдээ Есүс Христийг дагана гэж амладаг.” Тэр Александрт баптисмынхаа тухай ярьж өгч, гэрчлэлээ хуваалцав. “Тэр өдөр би Есүс Христийг дагахаар сонгосон учраас Ариун Сүнс намайг маш аз жаргалтай болгосон” гэж тэр хэлэв.

Александр баптисм хүртэх өдрөө тэсэн ядан хүлээж байлаа!

Гэвч шөнө орондоо орсны дараа ч нойр нь хүрэхгүй байв. Түүнд цэвэр бас шинэ мэт болно гэдэг нь таалагдаж байлаа. Гэхдээ баптисм хүртсэнийхээ дараа яаж цэвэр хэвээр үлдэх вэ? гэж тэр бодов.

Маргааш өглөө нь Александр аавтайгаа сургууль руугаа явлаа. “Чи өнөө өглөө их чимээгүй байх чинь” гэж аав нь хэлэв. “Юу болсон бэ?”

Александр санаа алдаад. “Би нэгээс олон удаа баптисм хүртэж чаддаг ч болоосой гэж бодож байна” гэлээ.

“Яагаад?” гэж аав нь асуув.

“Би баптисм хүртсэнийхээ дараа яаж цэвэр ариун хэвээрээ байх вэ?” гэж Александр асуулаа. “Би томчуудад сайн уу, баярлалаа гэж хэлэх, дүүдээ тэвчээртэй хандах гэх мэт юмсыг үргэлж мартдаг. Би алдаа гаргасаар л байх болно гэдгээ мэдэж байна. Гэхдээ ганцхан л удаа баптисм хүртдэг болохоор би дахиад хэзээ ч цэвэр ариун болж чадахгүй.”

Аав нь зогсосхийн, Александрын нүд рүү эгцлэн харж, “Хөөх! Энэ нээрээ л хэцүү санагдаж болох юм. Баптисм хүртэхэд амладаг амлалтын тухай ярьж байсныг чи санаж байна уу?” гэхэд,

Александр толгой дохиод “Тийм байх аа” гэв.

“Бид баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулдаг. Чи Түүний зарлигуудыг сахиж, Есүс Христийг дагахаа амладаг. Үүний дараа чи ариун ёслолоос хүртэх бүрдээ Есүсийг болон Тэрээр наманчлахад чамд хэрхэн тусалж чадахыг дурсан санадаг.”

Александр нүдээ томруулаад, “Тэгэхээр би баптисм хүртсэн үеийнх шигээ цэвэр ариун болж чадна гэж үү?” гэхэд,

“Яг зөв” гэж аав нь хэлэв. “Тэнгэрлэг Эцэг чамайг төгс биш гэдгийг мөн заримдаа бурууг сонгох болно гэдгийг мэддэг. Харин чи нүгэл үйлдвэл наманчилж мөн Есүсийг дагахаар үргэлжлүүлэн хичээж чадна. Энэ нь чамд хийж чадахаар зүйл шиг сонсогдож байна уу?”

Александр инээмсэглэн, “Тийм ээ! Би үүнийг хийж чадах байх аа” гэж хэллээ.

Александрын төрсөн өдөр болоход хичээлийн дараа түүний гэрийнхэн төрсөн өдрийн зууш идэж байв. Маш амттай байлаа. Баптисмынхаа үеэр Александр уснаас гарч ирээд, бүр ч сайхан мэдрэмжийг мэдэрчээ. Тэр Есүс Христийг дагана гэж амласан бөгөөд энэ нь үнэхээр гайхалтай санагдаж байв!

Шоколадтай амттан идэж байгаа хүү

Тэр долоо хоногт Александр шинэ гэрээгээ сахиж, дүүдээ эелдэг хандахын төлөө чадах бүхнээ хийжээ. Гэвч дараагийн ням гараг болоход тэр бага зэрэг урам нь хугарсан байв. Тэрээр долоо хоногт илүү сайн сонголт хийж болох байсан гэж боджээ.

Ариун ёслолыг түгээж байх үед Александр гараа энгэртээ авч, толгойгоо бөхийлгөв. Тэр дараагийн долоо хоногт илүү сайн байхад туслахыг Тэнгэрлэг Эцэгээс чимээгүйхэн гуйлаа. Тэр Есүс өөрт нь хэчнээн их хайртайг мөн Түүнтэй хэрхэн илүү адилхан болохыг хүсэж байгаагаа боджээ.

Ариун ёслолыг түгээх тавиур дотроос хэсэглэсэн талх авах үед Александр дулаахан мөн амар амгалан мэдрэмжийг мэдрэв. Баптисмынх нь өдөр яг ийм мэдрэмж төрж байсан! Аав нь Александрын мөрөн дээр гараа тавиад инээмсэглэв.

Өнөөдөр шинэ долоо хоног эхэлж байна. Александр Тэнгэрлэг Эцэгийн тусламжтайгаар чадах бүхнээ хийх болно.

Ариун ёслолоос хүртэж буй хүү
Alt text

Зураг чимэглэлийг Тоби Ниүсом