“Найзын асуудал,” Найз, 2026 оны 1-р сар, 22–23.
Найзын асуудал
Матт яагаад Жөүсэфийн төлөө залбирах ёстой байсан бэ? Муухай зан гаргасан нь Жөүсэф шүү дээ!
АНУ-д болсон бодит түүх.
Матт гэр лүүгээ явж байхдаа чулуу өшиглөв. Тэр яагаад өөрт нь ийм муухай санагдаж байгааг ойлгож чадахгүй байсан.
Тэр найз Жөүсэфтэйгээ цагийг өнгөрөөж байлаа. Гэвч Жөүсэфт үнэхээр уйтгартай санагдсан бөгөөд Матт төлөвлөснөөс нь өмнө гэртээ харихаар явав.
Магадгүй би ургуулж бодоод байгаа юм болов уу гэж Матт бодов. Жөүсэфийн хувьд сайнгүй өдөр байсан ч байж магад.
Маргааш нь Матт сургууль дээрээ ирэн, Жөүсэфийг хэсэг найзтайгаа ярьж байхыг харжээ. Матт түүнийг дуудаад гараараа даллав. Жөүсэф Маттын зүг харсан боловч хариу далласангүй. Тэр найзууд руугаа эргэж харав.
Жөүсэф намайг хараагүй байх гэж Матт өөртөө хэлэв.
Хичээлийн үеэр бүлгээр ажиллах цаг болоход Матт Жөүсэф рүү очив. “Чи миний хамтрагч болмоор байна уу?” гэж Матт асуув.
Жөүсэф түүнийг огт сонсоогүй юм шиг царайлав. “Нааш ир, Майк” гэж Жөүсэф хажуудаа сууж байсан хөвгүүнд хэлэв. “Тийшээ ажиллахаар явцгаая.”
Хоёр хүү холдон явлаа. Маттын дотор хачин мэдрэмж төрөв. Ямар нэг юм Жөүсэфийн санааг зовоож байсан нь илт байв. Гэхдээ тэр нь юу вэ?
Матт Жөүсэфийг өөрт нь уурлах ямар нэг зүйл хийснээ огт санасангүй. Мэдээж, заримдаа тэд завсарлагаагаар бэйсбол тоглохдоо эсрэг баг болох үе байсан. Гэвч дараа нь тэд үргэлж бие биетэйгээ эвлэрдэг байв. Яагаад Жөүсэф бүх зүйлд эсрэг багт тоглохыг сонгоод байгаа юм шиг санагдаад байгаа юм бол?
Ядаж л би завсарлагаагаар Жөүсэфтэй ярилцаж чадах юм байна гэж Матт бодов.
Матт завсарлагаагаар талбай дээрх бусад хүүхэдтэй нийлэхээр гарч гүйлээ.
“Хөөе, Жөүсэф!” гэж Матт дуудав. “Би чамтай хальт ярилцаж болох уу?”
“Тоглолт эхлэх гэж байна” гэж Жөүсэфийг хэлэхэд,
“За тэгье. Би чиний хажуу зайд ирж тоглоё. Тэгвэл бид ярилцаж чадах байх” гэж Матт хэлэв.
“Чи арай хоцорчихлоо. Миний хажууд зай алга” гэж Жөүсэф хэлээд, багтайгаа нэгдэхээр гүйв.
Матт хүн бүр тоглож эхлэхийг харлаа. Хэтэрхий олон хүнтэй байх нь Жөүсэфийн санааг өмнө нь ерөөсөө зовоож байгаагүй ажээ. Хүн бүрийг үргэлж халуун дотно хүлээж авдаг байв.
Гэвч Жөүсэф Маттыг халуун дотноор хүлээж авсангүй. Жөүсэф яагаад ингэсэн юм бол? Яагаад түүнийг оролцуулаагүй юм бол? Матт ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ!
“Буруу юм хийж байгаа хүн бол Жөүсэф” гэж Матт оройн хоолны үеэр эцэг эхдээ хэлжээ. “Тэр надтай ярилцахгүй, юунд уурлаж байгаагаа ч хэлэхгүй байна!”
“Наадах чинь хэцүү санагдаж байна шүү” гэж ээж нь хэлэв.
Маттын нүдэнд бүлээн нулимс цийлэгнэх шиг болов. “Тэр миний найз байхаа больсон юм шиг санагдаж байна. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй.”
“Энэ тухай түүнтэй ярилцахаар хичээсэнд чинь би чамаар бахархаж байна” гэж аав нь хэлэв. “Чи түүнд ямар санагдаж байгаагаа бас түүнд туслахыг хүсэж байгаагаа хэлж болох юм.”
Матт мөрөө хавчив. Матт Жөүсэфийн байгаа байдлаас болоод Жөүсэф өөрийг нь сонсох болов уу гэдэгт итгэхгүй байв.
Ээж нь Маттын гарыг атгав. “Бид бас чиний төлөө мөн Жөүсэфийн төлөө залбирах болно.”
Матт тэр орой унтахаар бэлдэж байхдаа аав, ээж хоёрынхоо хэлсэн үгийг бодлоо. Тэр өмнө нь найзуудаа гунигтай эсвэл хүнд хэцүү байх үед тэдний төлөө залбирдаг байжээ. Гэхдээ энэ удаад өөр, тийм биз дээ? Түүнд муухай ханддаг цорын ганц хүн нь Жөүсэф байлаа.
Тэгвэл Маттын эцэг эх яагаад Жөүсэфийн төлөө залбирч байгаа юм бол? Тэр ч гэсэн Жөүсэфийн төлөө бас залбирах хэрэгтэй юм болов уу?
Матт орныхоо дэргэд өвдөг сөгдөн суув. “Тэнгэрлэг Эцэг минь, Жөүсэфт уурлахгүй байна гэдэг хэцүү байна” гэж Матт залбирлаа. “Би түүнийг уурлаж байгааг харж байна, гэхдээ юунаас болсныг тэр надад хэлээгүй”
гээд Матт хэсэг дуугүй болов. “Би түүнтэй ярилцахыг хүсэж байгаа ч тэр надад юу болохгүй байгааг хэлнэ гэдэгт би итгэхгүй байна. Түүний санааг зовоож байгаа бүх зүйлд нь түүнд туслаарай. Юу ч боллоо гэсэн надад түүнд үргэлжлүүлэн эелдэг хандахад туслаач.”
Матт залбирч байхдаа амар амгаланг мэдэрч эхлэв. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүний хамгийн сайн найзууд гэдгийг тэр мэдэж байлаа. Тэд түүнд Жөүсэф ямар шийдвэр гаргахаас үл хамааран түүнийг хайрлахад нь тусалж чадах байв. Жөүсэф түүний найз хэвээр үлдэхгүй байсан ч Тэд түүнд туслахад бэлэн байх болно.
Матт инээмсэглэв. Жөүсэфийн төлөө залбирах нь зөв санаа байжээ.
Зураг чимэглэлийг Марк Робисон