Найз
Баптисмын талаар Эмилитэй ярилцсан нь
2026 оны 1-р сар, Найз


“Баптисмын талаар Эмилитэй ярилцсан нь,” Найз, 2026 оны 1-р сар, 34-35.

Баптисмын талаар Эмилитэй ярилцсан нь

Эмили бол Мексикийн Синалоа хотод амьдардаг 9 настай охин юм. Бид түүнээс баптисмынх нь талаар хэдэн зүйл асуусан юм.

Өөрийгөө бидэнд танилцуулаач.

Би зураг зурах, будах, амттан хийх, гар урлал хийх, ах, эгч, дүү нартайгаа хамт бүжиглэх бас дуулах дуртай. Би бас өвөөгийнхөө ферм рүү морь унахаар очих дуртай.

Морь унаж буй Эмили

Чи баптисм хүртэхэд хэрхэн бэлдсэн бэ?

Гэр бүлийн үдшийн үеэр аав, ээж хоёр маань надад итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлгийн тухай заасан. Би бас судар уншиж, залбирч, Есүс Христийн тухай видео үзэж өөрийгөө бэлтгэсэн. Ялангуяа Иордан гол дахь Аврагчийн баптисмын тухай видео надад маш их таалагддаг. Би Ариун Сүнсийг төлөөлөн цагаан тагтаа үзэгддэг хэсэгт дуртай.

Аав бид хоёр бас баптисмын усан санд хэрхэн зогсох дадлага хийсэн. Би усан дотор орохоос айж байсан ч аав надад хэрхэн өвдгөө нугалаад, хамраа чимхэн, нүдээ аньж, зөөлнөөр гар дээр нь хойш унахыг зааж өгсөн. Бид олон удаа давтсан болохоор баптисм хүртэх өдрөө үүнийг хийхэд надад амархан байсан.

Чиний баптисмын онцгой зүйл нь юу байсан бэ?

Эмили аавтайгаа баптисмын усан сан дотор

Тэр өдөр миний хувьд мартагдашгүй байсан. Гэр бүлийн маань зарим гишүүн үг хэлж, залбирч мөн гэрч болон зогсож байсан. Би бас “Намайг баптисм хүртэхэд” дууг Хүүхдийн хэсгийн төгөлдөр хуурчийнхаа тусламжтайгаар дуулсан. Би баптисм хүртсэнийхээ дараа Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр надтай маш ойр байгааг мэдэрсэн. Би баярын нулимс дуслуулсан.

Бас нэг онцгой зүйл нь Сүмийн гишүүн бус зарим найз болон гэр бүлийн гишүүд маань миний баптисмд ирэх урилгыг хүлээн авсан явдал байсан юм. Тэнд ирсэн нэг найз маань одоо ч аав, ээжтэйгээ хамт сүмийн үйл ажиллагаануудад ирдэг.

Чи баптисмын гэрээнүүдээ хэрхэн дурсан санадаг вэ?

Би сүмд явж, ариун ёслолоос хүртэж, Аврагчийг дурсан санаснаар гэрээнүүдээ дурсан санах гэж хичээдэг. Түүнийг миний төлөө амиа өгсөнд би талархдаг. Би бас өдөр бүр залбирч, судар уншиж, бусдад үйлчилж бас сайн хүн байхыг хичээдэг.

Баптисм хүртэх гэж байгаа найзууддаа хандаж хэлэхэд, та нар Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойр дотно болж, Түүний төгс хайрыг мэдэрч чадна гэдэгт би найдаж байна!

Эмили ээжтэйгээ тэврэлдэж байгаа нь