“Үргэлжлүүлэн өсөж хөгжихөд бэлэн байх,” Найз, 2025 оны 11-р сар, 36–37.
Үргэлжлүүлэн өсөж хөгжихөд бэлэн байх
Жүвэл Хүүхдийн хэсгийн найзуудаа орхихыг хүссэнгүй!
Палауд болсон бодит түүх
Жүвэл эцэг эх болон ахтайгаа хамт ариун ёслолын цуглааны танхимын сандал дээр сууж байлаа. Тэр судрын түүхийн зураг зурж, үг хэлж буй хүний үгийг сонсох гэж оролдсон ч сандарснаасаа болж дотор нь эвгүйрхэх шиг болов!
Өнөөдөр Жүвэлийн хувьд Хүүхдийн хэсгийн оронд Залуу эмэгтэйчүүдийн ангид орох анхны өдөр байв. Тэр Хүүхдийн хэсгийн найзуудаа орхихыг хүссэнгүй! Тэр хамтдаа дуулж, судраас унших дуртай байлаа.
Гэвч Жүвэл энэ жил 12 нас хүрнэ. Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрт орох цаг нь иржээ.
Жүвэл нүдээ аниад, “Тэнгэрлэг Эцэг минь, Залуу эмэгтэйчүүдийн ангид сайхан байхад надад туслаач” хэмээн чимээгүйхэн залбирав.
Ариун ёслолын цуглааны хаалтын залбирлын дараа Жүвэл гүнзгий амьсгаа аван анги руу оров. Том охид аль хэдийн тэнд суусан байлаа. Тэд дөрвүүлээ ярилцаж, инээлдэж байв.
Жүвэлийг “Сайн уу?” гэхэд
тэд инээмсэглэн “Сайн уу?” гэж мэндэллээ.
Багш орж ирэн, Жүвэлийг дотноор угтан аваад, хичээлээ зааж эхлэв.
Ангийн ихэнх цагт тэр ганцаардаж байлаа. Тэр бусад охинтой хараахан сайн танилцаагүй тул ярихаасаа эмээж байв. Тэр Залуу эмэгтэйчүүдэд олон жил явна. Цаг хугацаа хэзээ ч дуусахгүй мэт түүнд санагдаж байлаа. Тэр энд үргэлж ганцаардах болов уу?
Тэгтэл “Чи Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт үүрд байхгүй. Зүгээр л урагш явж, Есүс Христийн шавь байх талаар илүү ихийг сурах нас чинь болсон байна” гэж намуухан шивнэхийг тэр сонсов.
Энэ үгс Жүвэлийг тайвшрууллаа. Ариун Сүнс түүнд тусалж байгааг тэр ойлгов. Хэдийгээр Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт олон найз түүнд байхгүй ч тэр ганцаар байсангүй. Түүнтэй хамт Ариун Сүнс байв.
Хичээл дууссаны дараа Жүвэлийг гэрийнхэнтэйгээ уулзахад,
ээж нь: “Залуу эмэгтэйчүүдийн анги ямар байв?” гэж асуулаа.
Жүвэл ээжийгээ тэврээд, “Гайгүй байлаа. Би Хүүхдийн хэсгээ санасан бас охидтой хараахан сайн танилцаагүй байгаа. Гэхдээ Ариун Сүнс намайг тайтгаруулахыг би мэдэрсэн” гэж хариулжээ.
Ээж нь инээмсэглэн, “Сонсоход сайхан байна! Дараагийн удаад бүр ч сайн байх байлгүй дээ” гэв.
Жүвэл толгой дохив. Ээжийнх нь зөв байгаасай гэж тэр найдаж байлаа.
Дараагийн Залуу эмэгтэйчүүдийн ангид Жүвэл охидтой дахин мэндэлжээ.
Тэдний нэг нь “Сайн уу? Чи миний хажууд суугаарай!” гэв.
Жүвэл инээмсэглээд, охины хажууд суулаа. Түүнийг Элли гэдэг ба хичээл эхлэхээс өмнө тэр хоёр зөндөө ярив. Элли түүнд найрсаг хандаж, энд байх зөв юм байна гэсэн мэдрэмжийг төрүүлжээ.
Хичээлийн дундуур багш Ариун Сүнстэй холбоотой туршлага байгаа эсэхийг асуув.
Жүвэл гараа өргөөд, “Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт нэгдэхдээ би сандарч байсан ч Ариун Сүнс надад тусалсныг мэдэрсэн. Ариун Сүнс надад өсөж хөгжин, сорилт бэрхшээлтэйгээ нүүр тулахад тусалдаг” гэж хариулав.
Жүвэл ганцаардахад нь Ариун Сүнс хэрхэн түүнийг тайтгаруулсан талаар бодож байлаа. Өөрийн туршлагыг Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн охидтой хуваалцах түүнд сайхан байв.
Хуваалцсаных нь дараа өөр хэдэн охин бас хуваалцав. Жүвэлд тэдний үгийг сонсох сайхан санагджээ.
Тэр заримдаа Хүүхдийн хэсгийг санадаг. Гэхдээ Ариун Сүнсний ачаар тэр үргэлжлүүлэн өсөж хөгжихөд бэлэн болсон байв.
Зураг чимэглэлийг Лиз Бриззи