“Сүүлчийн бөөрөнхий мах,” Найз, 2025 оны 11-р сар, 18–19.
Сүүлчийн бөөрөнхий мах
Шударга бус юм! Хэн ч Алэкстай хуваалцсангүй!
АНУ-д болсон бодит түүх.
Алэкс шатаар дэвслэн бууж, чангаар санаа алдав.
Ээж нь ном уншиж байснаа түүн рүү харан, “Юу болсон бэ?” гэв.
Алэкс: “Хэн ч надтай хуваалцахгүй юм! Айлын дунд хүүхэд болж төрсөндөө үнэхээр дургүй хүрч байна” гэлээ. Алэксийн ах, дүү хоёр хүссэн зүйлээ үргэлж авдаг байж. Энэ нь шударга бус байлаа.
“Эелдгээр гуйвал ах дүү хоёр чинь чамтай хуваалцах л байх даа” гэж ээж нь хэлэв.
Алэкс хөмсгөө зангидан, “Би эелдгээр асуусан шүү дээ!” гэлээ.
Ээж нь: “Чи цаг хэмжигч тавьж үзвэл яасан юм бэ? Тэгвэл та нар бүгд адилхан хугацаанд тоглоно шүү дээ” гэхэд,
Алэкс: “Би цаг хэмжигч тавьсан! гэв. “Гэхдээ би гарцаагүй араанд нь оруулахын тулд хоёр цаг хэмжигч тавьдаг юм бил үү?” гэж тэр хэллээ. Тэр гал тогооны тавцан дээр байсан илүү цаг хэмжигчийг шүүрч аваад шатаар өгсөв. Түүний дүү Дэвид зурагтаараа тоглоом тоглож байв.
“Чамайг ээлжилж тоглох хэрэгтэй гэж ээж хэлж байна” гэж Алэкс хэллээ. Тэр цаг хэмжигчийг таван минут байхаар тохируулав. “Үүнийг дуугарахад миний тоглох ээлж шүү” гэж тэр хэллээ.
Маргааш нь Алэкс, түүний ах Жэйк хоёр хоёулаа тоглоом тоглохыг хүссэн тул цаг хэмжигчээ яг 30 минут дээр тохируулав. Дэвид, Жэйк хоёр шоонуудаар тоглохдоо адилхан тоогоор хуваан авчээ. Харин Дэвид, Алэкс хоёр үлдсэн ганц шоколадтай жигнэмгээ хянамгай гэгч яг дундуур нь хоёр хуваан идэв. Эцэст нь бүх зүйл шударга болж эхэлж байна гэж бодогдохоор байв.
Гэтэл оройн хоолоо идэх цаг боллоо …
Тэр орой тэд шпагетти, бөөрөнхий махтай хоол хийсэн байлаа! Алэксийг халбагаа барьж амжаагүй байхад Жэйк тавагтаа гоймон овоолж эхэллээ.
“Хөөе, шударга биш байна шүү. Би ч бас өлсөж байна!” гэж Алэкс хэлэв.
Аав нь мөрөн дээр нь гараа тавиад, “Алэкс, энд хүн бүрд хүрэлцэх хоол байна. Хар даа, би чамд Жэйктэй яг адил хэмжээний хоол өгье” гээд, Алэксийн тавганд гоймон хийж өгөв.
Хоолоо адисалсны дараа хүн бүр идэж эхлэв. Алэкс хоолоо идэж дууссан ч цадсангүй. Тэр ширээний голд байсан сав руу өнгийн харав. Овоолсон гоймонгийн дээр сүүлчийн бөөрөнхий мах байх нь тэр. Тэр сэрээгээ зоон тавган дээрээ авч тавилаа.
Дэвид: “Шударга биш байна шүү!” Наадах чинь сүүлчийн бөөрөнхий мах” гэлээ.
Жэйк сэрээгээрээ бөөрөнхий мах руу заан “Би ч бас идмээр л байна. Наадахыг чинь хуваацгаая” гэлээ.
Алэкс: “Хуваах аа? Гурван хүний дунд уу? Ийм жоохон махыг уу?” гэлээ.
Жэйк, Дэвид хоёр толгой дохин “Шударга бай л даа” гэв.
Жэйк Алэксийн тавгийг аваад бөөрөнхий махыг гурван хэсэг болгон нямбай гэгч хувааж эхлэв. Бөөрөнхий мах улам жижиг болж байгааг Алэкс харлаа.
Ээж нь инээж, “Яасан жоохон болчихов!” гэв.
Аав нь ч бас инээн, “Үргэлж шударга байх албагүй. Бүх зүйлийг хуваахын оронд өөрсдийн юмыг бусадтай илүү сайн хуваалцахыг хичээх нь дээр байж ч мэднэ” гэж хэллээ.
Алэкс жижигхэн бөөрөнхий мах руу харав. Үнэхээр инээдтэй харагдаж байлаа. Үнэндээ бөөрөнхий мах түүний хувьд ийм чухал зүйл бил үү? Тэр бусадтай хуваалцаж сурах хэрэгтэй ч байж болох юм.
Маргааш нь Жэйк, Алэкс хоёр хоёулаа шоогоор тоглох болоход хамтдаа нийлж ямар нэг зүйл босгохоор шийджээ. Дэвид, Жэйк хоёрыг гадаа гарахад Алэкс тэдэнд дугуйгаа ээлжлэн унуулав. Мөн бүгд зурагтаар тоглоом тоглох болоход Алэкс цаг хэмжигч тавьсангүй. Үнэндээ бүх зүйлээ шударга хуваахаас илүү өөрийнхийгөө бусадтай хуваалцаж, эелдэг найрсаг байх нь илүү сайхан санагдаж байв.
Тэр оройдоо Жэйк, Алэкс хоёр оройн хоолны үеэр хамгийн сүүлийн ороомгийг идэх болоход Алэкс Жэйкт бүтнээр нь авч болно гэж хэлжээ.
Жэйк: “Баярлалаа!” гээд, нүдээ ирмэн, “Чи гурван хэсэг болгон хуваамаар байгаа юм биш биз?” гэхэд
Дэвид, Алэкс хоёр инээн, “Мэдээж, үгүй!” гэв.
Зургийг Алисса Питэрсон